“НҮБ-ын Хүний эрхийн төв байрыг Улаанбаатар хотод байгуулах” амлалтыг ЗГ-аас өгчээ

0

Женев хотноо зохион байгуулагдаж буй “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ дээр Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлээр дараах гурван үүрэг амлалтыг авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. 

Үүнд: 

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэх.
  2. “Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэх.
  3. НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах” хэмээн мэдэгдлээ.

Сонирхуулахад,  Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монгол Улсад байгуулахад зориулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2645 м2 газрыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т саяхан олгосон байдаг.  Тодруулбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас “Хүний эрх-75” санаачилгыг гаргаж гишүүн улс орнууд, Засгийн газруудад хандан, “Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хүний эрхийн чиглэлээр ахиц дэвшил гаргах амлалт өгөх”-ийг уриалсан юм. 

Энэ хүрээнд манай Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төв байгуулах амлалт өгөх саналыг гаргаж, улмаар ХЭҮК-ын энэхүү саналыг манай Засгийн газар дэмжсэн байдаг. Харин Засгийн газрын энэхүү амлалтыг Гадаад харилцааны яам өнгөрөгч арваннэгдүгээр энэ сарын 15 /2023.11.15/-ны НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт хүргүүлсэн юм. 

Ингэснээр Швейцарын Женев хотод байрлах НҮБ-ын Төв байранд ирэх энэ сарын 11-12 /2023.12.11-12/-ны өдөр болж буй Хүний эрхийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнууд ямар амлалт өгснийг олон нийтэд зарлаж байгаа нь энэ юм.

Монгол Улсад НҮБ-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв байгуулахыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүчлэн манай улсад саяхан ажилласан НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Л.Саттервейт “Монгол Улсад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулна гэдэг өндөр хүлээлттэй байгаа” хэмээн мэдэгдэж байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд манай улсад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв байгуулагдах нь дамжиггүй болоод байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төвийг Монгол Улсад байгуулснаар НҮБ-ын дэмжлэгийг хүртэх, олон улсын хамтын ажиллагаа өргөжин бэхжих зэрэг олон талын ач холбогдолтой. 

Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монгол Улсад байгуулахад зориулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2645 м2 газрыг олгосон хэрнэ 2024 оны Улсын төсөвт тус барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг зардалд зориулж нэг ч төгрөгийг суулгаж өгөөгүй байгаа юм. Энэ хоёр хөршийн эсэргүүцэлтэй тулгарсан байхыг ч үгүйсгэхгүй юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *