ГССҮТ-ИЙН ИХ ЭМЧ Ө.ӨЛЗИЙБААТАР МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар өнөөдөр “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цол хүртлээ.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, байгууллага хамт олноо манлайлж яваа эмч Ө.Өлзийбаатар нь ГССҮТ-д өдгөө 26 дэх жилдээ ажиллаж байгаа юм.
1998 онд Монгол Улсад анх удаа хүний түнхний үенд хиймэл үе суулгах мэс заслын багт ажиллаж байсан тэрбээр:
• Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”,
• “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”,
• Хөдөлмөрийн хүндэт медаль,
• “Алтан гадас” одон,
• “Алтан чагнуур”,
• “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус, тус шагнуулж байсан билээ.
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгон дээр төрийн дээд цолоор энгэрээ мялаасан Монгол Улсын Хүний Гавьяат эмч Ө.Өлзийбаатарыг төвийн удирдлагууд, хамт олон, салбарын найз нөхөд, шавь нар нь халуун дотноор хүлээн авлаа.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ