“Төмөр замын гармын аюулгүй байдал-2025” зөвлөгөөн боллоо

Өнөөдөр “Төмөр замын гармын аюулгүй байдал-2025” зөвлөгөөнийг “УБТЗ” ХНН-ийн санаачилгаар Зам, тээврийн Яам, Тээврийн прокурорын газар, ЦЕГ-ын харьяа Тээврийн цагдаагийн алба, Төмөр замын цагдаагийн газар, Нийслэлийн замын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.
Гармын аюулгүй байдлыг хангахад УБТЗ болон холбогдох яам, газруудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд болзошгүй эрсдэлээс ард иргэд, жолооч нарын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, эрсдэлийн эсрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ.
УБТЗ-ын зүгээс улсын хэмжээнд байдаг бүх төмөр замын гармуудад эрсдэлийн үнэлгээ хийж болзошгүй эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Улсын хэмжээнд 358 төмөр замын гарам байдгаас 86 нь бага эрсдэлтэй, 219 нь дунд эрсдэлтэй, 53 нь өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Төмөр замын болон авто тээврийн хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор ачаалал өндөртэй гармуудаар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо жил бүр нэмэгдэж байна. Таван шарын гарам гэж хүмүүсийн ярьдаг 396-р километрийн гармаар 2024 онд хоногтоо 85 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрсөн нь өмнөх оноосоо 3000 тээврийн хэрэгслээр илүү байжээ.
Эдгээр болон аймаг орон нутагт байдаг эрсдэл өндөртэй гармуудыг нийслэл болон аймаг орон нутагтай хамтран ижил бус түвшинд огтлолцуулж нүхэн гарц болгох ажлыг хийж байна. Өнгөрсөн онд гэхэд л Толгойт-Улаанбаатар хоорондын 396-р км-ийн гарам, Улаанбаатар-Амгалан хоорондын 408-р км-ийн гарам, Багахангай- Мааньт хоорондын 518-р км-ийн гармуудыг нүхэн гарц болгож ашиглалтад оруулсан байна.
Мөн гармын техник, тоноглолыг сайжруулахад УБТЗ-ын зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Энэ ажилд 2023 онд 279 сая төгрөгийг зарцуулж байсан бол 2024 онд 672,5 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ.
2025 онд нийт 4 гармыг дохиолол хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болгохоос гадна зарим хөдөлгөөн багатай гармуудыг хаахаар төлөвлөсөн байна.Мөн дээрх ажлуудаас гадна улсын хэмжээнд “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяныг зохион байгуулж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр төрөл бүрийн сэрэмжлүүлэг сурталчилгааг давхардсан тоогоор 8 сая гаруй хүнд хүргэсэн нь үр дүнгээ өгчээ.