Я.Дорждэрэм: Мэдүүлэг авъя гэж дуудаад 250 мянган төгрөгөөр торгосон
Нэг л өглөө унтаад сэрэхэд хичээл сургуулийг цахимд шилжүүлж, замын хөдөлгөөнд тэгш сондгойгоор оролцуулах шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар гаргасан. Энэ мэт байдлаар төлөвлөгөөгүй шийдвэр гаргаж хүний эрхэнд халдаж байгаа байдлыг иргэн Я.Дорждэрэм эсэргүүцэн, шүүмжилсэн. Түүнийг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар торгожээ. Болсон явдлын талаар түүнээс тодрууллаа.
-Тухайн үед юу болсон бэ?
-Би Цагаан хад руу нүүрс тээвэрт явдаг. Тэр өдөр амралтаа дуусгачхаад ажилдаа явахаар гарсан. Гэсэн ч дугаарын хязгаарлалттай бүс рүү оруулахгүй гэсэн. Би эсэргүүцэл үзүүлэн үзэл бодлоо илэрхийлсэн. Ер нь төр засаг иргэдээ эрх чөлөөгөөр нь боож асуудлаа шийдэх гэсэн оролдлого нь буруу. Төлөвлөлттэй шийдвэр гаргасан бол хэн ч бухимдахгүй. Зохицуулалтгүй шийдвэрээс нь болж тухайн үедээ их бухимдсан.
-Таныг цагдаагийн байгууллагаас юу гэж хэлж дуудсан бэ?
-Мэдүүлэг авъя гэж дуудсан. Очтол цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй учир Зөрчлийн тухай хуулийн 2.1, 15.2.2 дэх зүйл заалтын дагуу 250 нэгжээр буюу 250 мянган төгрөгөөр торгосон. Бас торгуулийн арга хэмжээ ногдуулсан талаар гадагшаа мэдээлэл цацаж болохгүй гэж анхааруулсан.
-Та торгосон үндэслэлтэй санал нийлж байгаа юу?
-Санал нийлэхгүй. Бид гэнэтийн шийдвэрийн золиос болох ёсгүй. Хотын дарга гаргасан шийдвэрээ буцаан харах хэрэгтэй.
-Торгуулийн арга хэмжээ авсны дараа тантай цагдаагийн байгууллагаас буцаж холбогдсон уу?
-Холбогдсон. Хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдсон эсэхийг асуусан. Бас ярилцлага өгч болохгүй гэж сануулсан.
Иргэний зөрчлийн хуулиар торгуулсан дээрх нөхцөлийг хуулийн үндэслэлтэй эсэхийг бид хуульч О.Батхүүгээс тодрууллаа.
О.Батхүү: Хууль зөрчсөн шийдвэрийг биелүүлээгүйгээс болж торгуулсан бол торгуулиа төлөхгүй байх эрхтэй
“Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй. Учир нь процесс нь буруу. Өөрөөр хэлбэл онц ноцтой гамшиг осол, цар тахлын үед л гэнэтийн байдлаар хөл хорино. Зөвхөн хүйтэрсэн нэрийдлээр түгжрэлийн асуудлаа шийдэж байгаа юм. Тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж, хичээл сургуулийг цахимд шилжүүлж байгаа бол эхний ээлжид тооцоо судалгаа гаргана, хэдэн хүн хамрагдах, ямар хүн хамрагдах эерэг сөрөг нөлөө гарах, хязгаарлалт хийснээр хэний эрх ашиг зөрчигдөж болох вэ гэх мэт олон хүчин зүйлийг судлах шаардлагатай.
Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох мэргэжилтэнд хүргүүлнэ. Тэд хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шийднэ.Ерөнхийдөө хүсэлт хүлээж авснаас хойш 10 хоногийн дараа хэрэгжинэ гэж Захиргааны хуульд заасан байдаг. Тэгш сондгой хязгаарлалтыг тогтоосныг эсэргүүцэж торгуулсан жолоочид цагдаа ямар нэгэн акт үзүүлээгүй.Энэ зүгээр аман шийдвэр байгаа юм. Иймд тэгш сондгой хуваарилалтыг эсэргүүцсэн жолоочийн үйлдэл зөв. Цаашлаад энэ жолооч торгуулийг төлөх ёсгүй. Учир албажаагүй акт гараагүй нотлох зүйл үгүй тохиолдолд шийдвэр хэрэгжихгүй. Энэ тохиолдолд ногдуулсан торгуулийг хэрэгсэхгүй болгоно” хэмээн тайлбарлалаа.