Т.Бадамжунайтай холбогдсон Ж.Батбаясгалангийн балаг “НҮҮРСНИЙ СОНСГОЛ”-оор ил боллоо
УИХ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь шатны “Нүүрсний сонсгол” өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонссон.
Энэхүү асуудалд НИТХ-ын дарга, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирсэнгүй.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй. Эрх ямбыг нь эдлэх болохоороо эдэлдэг, ард түмний сонсголд дуудахаар зугтдаг байж болохгүй” хэмээн хэлсэн нь зүгээр ч нэг попрол байсангүй.
Тэгвэл УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөс Хотын даргын орлогч, НИТХ-ын дарга болтлоо “томорч, тодорсон” Ж.Батбаясгалангийн балаг “Нүүрсний сонсгол”-оор ил боллоо. Хамгийн сонирхолтой нь, мань эр “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Учир нь, “Нүүрсний сонсгол”-ын үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан баримт ил боллоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэгтэй хамтарч банк бус санхүүгийн байгууллага байгуулсан гэх мэдээлэл ч гарлаа.
Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох “СБМ Хангай” ХХК-иараа дамжуулж “Тавантолгой түлш” ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.
Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч “Алтанхот” ББСБ-ыг байгуулжээ. . Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалт хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.
Түүний хэлснээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгаар холбогдож түүний охин Б.Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар хамтарч “Алтанхот” ББСБ-ыг байгуулж, Б.Оюунзулын нөхөр Л.Одхүүгийн хамаарал бүхий “СБМ Хангай” ХХК-иар дамжуулж “Тавантолгой түлш” ХХК-иас 19.6 тэрбум төгрөгийг авсан байж болзошгүй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотголоо.
Эндээс харахад, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай хоёр холбогдож, “хор найруулсан”, тэр хор нь өнөөдрийн “Нүүрсний сонсгол”-оор ил боллоо гэх хүмүүс ч байна. Хэрэв энэ үнэн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нүүрсний сонсгол”-д ирж, гэрчийн суудалд суухаас татгалзах нь зүйн хэрэг билээ.