“Энэ өвлийг дуустал эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлана”
Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр эрчим хүч хязгаарлах арга хэмжээ авч байна. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дистпетчерийн албаны ахлах мэргэжилтэн н.Гантулга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол Улсын ОХУ-аас авдаг эрчим хүч 310 мВт байдаг. Энэ өвөл их хүйтэрч байгаагаас эрчим хүчний хэрэглээ импортоор авч байгаагаас давж буй учраас хязгаарлалт хийгдэж байгаа. Энэ өвлийн ачааллыг давтал одоогийнх шиг нөхцөл байдалтай байх болов уу. Эрчим хүчний ачаалал харилцан адилгүй байгаа учраас тэдэн цагт тэнд хязгаарлалт хийнэ гэдгийг урьдчилан мэдэгдэх боломжгүй байна. Гэхдээ нэг удаагийн хязгаарлалтаар хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг нэг цагаас дээш хугацаагаар хязгаарлахгүй байхыг хичээж байна. Хязгаарлалттай холбоотойгоор 70047004 утсанд өдөрт 2-3 мянган хэрэглэгч хандаж мэдээлэл авч, гомдол гаргаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу төрийн үйлчилгээ эрхлэгчид, гуравдугаар зэргийн хэрэглэгч буюу гэр хорооллын хэрэглэгчдийн тогийг хязгаарлахгүйг хичээж байна” гэв.