СУДАЛГАА: Бага насандаа мууртай ойр байх нь шизофрени тусах магадлалыг ихэсгэж магадгүй
Австрали эрдэмтэд багаасаа мууртай ойр байсан хүмүүс шизофрени тусах эрсдэл илүү байж магадгүй гэдгийг харуулсан судалгаа хийжээ. “Schizophrenia Bulletin” сэтгүүлд тус судалгаа энэ сарын эхээр нийтлэгдсэн байна.
Эрдэмтэд 1980-аас 2023 оны хооронд явагдсан муур тэжээх болон шизофренитэй төстэй эмгэгүүдийн хамаарлыг судалсан эрдэм шинжилгээний ажлуудад мета анализ хийсэн байна. Тэд нийтдээ 1915 судалгаа илрүүлсний 17-г нь эцсийн анализдаа оруулсан аж.
Мета анализын үр дүнд бага наснаасаа муур тэжээх нь шизофренитэй төстэй эмгэг тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж гарсан байна. Эрдэмтэд үүний шалтгаан нь муурт байдаг Toxoplasma gondii гэх шимэгчтэй холбоотой байж магадгүй гэж үзэж буй.
Муурт хазуулах, маажуулах эсвэл ялгадаснаас нь хүмүүс T.gondii-н халдвар авч болно. Гэхдээ тус шимэгчийг халдварлагдсан ус эсвэл дутуу болгосон махнаас ч авч болдог байна.
Энэ судалгааны талаар Ютагийн их сургуулийн Хантсман сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн сэтгэцийн эмч Брент Киус ярихдаа T.gondii халдварласан хулганын тархинд үүсдэг цист допамин ялгаруулж чаддаг гэжээ.
Тэрбээр нэмж тайлбарлахдаа “Тархины мезолимбийн тогтолцоонд допамин их хэмжээгээр ялгарах нь шизофренийн эмгэг жамтай холбоотой. Ийм учраас T.gondii-ээс хамааралтай үүсдэг допамин хий юм харах, сонсоход хүргэдэг байж магадгүй. Мөн тархинд үрэвсэл үүсэх нь шизофренитэй холбоотой гэдгийг харуулсан олон баримт бий. Тархинд шимэгч халдварлана гэдэг нь үрэвсэл үүснэ гэсэн үг хэмээсэн байна.
Эх сурвалж: Yahoo News