Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: Нефтьгүй ихэнх орнууд шатахууны гурван сарын нөөцтэй байдаг
УИХ гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай шатахууны асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн бараг хагас сар үргэлжилсэн шатахууны хомсдол одоо ч хэвийн горимдоо ороогүй байна. Та өмнө Уул уурхайн сайд байсан хүн. Тэр утгаараа бензин шатахууны асуудлыг бодлогын хувьд яаж зохицуулж байсан бэ?
-Ер нь ямарч асуудлыг сэтгэл байвал зөв шийдэж болдог л доо. Дэлхий дээрх ихэнх орнууд нь газрын тос олборлодоггүй тул, тэр орнууд бүгд л шатахууны гадаад худалдаа эрхэлдэг. Энэ орнууд олон улсад тогтсон нийтлэг худалдааны аргачилаар ажилладаг. Энийг судлаад амьдралд хэрэгжүүлэх ажил юм. 2012-2015 оны хооронд Бензин, шатахууны гадаад худалдаа зах зээлийн зарчимд бүрэн шилжсэн байдаг. Сүүлийн долоон жилийн хугацаанд эрх баригчид бензиний гадаад худалдаан дээр дэвшилттэй ямар ажлууд хийсэн нь тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа бензин хомсдож, хомсдолыг дагаад бензиний үнэ нэмэгдэж, энэ нэмэгдэл нь иргэдийн халаасыг сэгсэрсээр ирсэн.
-Танай нам эрх барьж байхдаа уг асуудлыг яаж шийдэж байсан юм бэ?
-2012 онд Ардчилсан нам олуулаа засаглаж эхэлсэн. Олуулаа гэдэг нь АН-ын 33 УИХ-ын гишүүн дээр Шудрага Ёс эвслийн 12 гишүүн орж байж 45-уулаа УИХ-ын олонхыг бүрдүүлж, үр дүнд нь Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан түүхтэй л дээ. Тухайн үед буюу 2012 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өндөр нэг баррель нь 80-90 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан. Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар стратегийн бүтээгдэхүүн болох, иргэдийн амьжиргааны өртөгт чухал нөлөөтэй бензиний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд гаалийн татвар, ОАТ-ыг бага багаар бууруулж сүүлдээ тэглэхэд хүрч байв. Мөн тэр үед Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол банк Уул уурхайн яам хамтарч бензин импортлогч компаниудыг бага хүүтэй зээлээр дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.
-Бага хүүтэй зээлээр дэмжих бодлогын шалтгаан нь юу байсан юм бэ?
-Шалтгаан нь Роснефть компани нь Монголын Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийг дагуулаад бензиний хилийн үнэ, экспортын татвар зэргийг тасралтгүй нэмсээр байсан байдаг. Үүнээс гадна 2012 оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны зах зээлийн үнэ өсч 110 ам.долларт хүрч байсан. Гэсэн хэдий ч тухайн үеийн Уул уурхайн яамны хамт олон, мөн Г.Өлзийбүрэн даргатай Газрын тосны газрынхан хамтарч зах зээлийн зарчимд нийцсэн хэд хэдэн тууштай арга хэмжээ авсанаар Роснефттэй хэлэлцээр хийж үр дүнд нь хуримтлагдсан олон асуудлуудыг шийдсэн байдаг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Уул уурхайн яамнаас Роснефтээс манай улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нь зах зээлийн үнээс нэг тонн дутамд 410 орчим ам.доллараар илүү болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Ийм учраас Роснефть компаниас үнээ бууруулахыг удаа дараалан хүссэн ч амжилтанд хүрэхгүй байсан.
-Тэгэхээр нь яасан байх уу. Өөр орноос шатахуун импортлох болсон гэж үү…?
-Иймээс тэр үед яам, агентлагын зүгээс бензин импортлогч компаниуддаа зөвхөн Роснефт компаниас бензин авах биш ОХУ-ын өөр компаниуд, мөн Солонгос улсын боомт дээрээс ч бензин авч импортлоход хямд тусахаар байгаа мэдээлэлийг өгсөн юм. Энэ мэдээлэлийн дагуу манай компаниуд сайн ажиллан Роснефтээс өөр компаниудаас бензин худалдан авч импортолж эхэлсэн байдаг. Зэрэгцүүлээд бензиний нийлүүлэлтээс эрэлт нь илт илүү болж хомсдол үүсвэл нийт хэрэглэгчидийн эрх ашиг хамгийн их хохирох тул бензиний нөөцийн хэмжээг 30 хоногоор нэмэгдүүлж, шатахууны бүх төрөл буюу AИ-92, АИ-95, дизел зэрэг дээр Засгийн газар болон хувийн хэвшил хамтран байнга 60-аас доошгүй хоногийн нөөцтэй байлгах зорилготой Засгийн газрын тогтоолыг хуульд нийцүүлэн гаргуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дэлхий дээр байгаа орнуудын ихэнх нь нефть олборлодоггүй тул хомсдол үүсгэхгүйн тулд нөөц бүрдүүлдэг жишиг. Нөөц бүрдүүлэхдээ бүтээгдэхүүнээр биш, ууршилт зэрэг хорогдол багатай, аюул багатай тул түүхий нефтээр бүрдүүлдэг байна. Тухай орны хэрэглээний нийт хэмжээнээс хамааран ихэнх улсууд гурван сараас дээш хугацааны нөөцийг бүрдүүлдэг юм билээ. Хэрэглээ ихтэй том эдийн засагтай орнууд ихэвчлэн зургаан сараас доошгүй хугацааны нөөцтэй байдаг. Бензин зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, борлуулалт зэрэг үйл ажиллагааг 100 хувь хувийн хэвшил хэрэгжүүлдэг бол нөөц бүрдүүлэхэд нь төрөөс нь дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладаг байсан. Гэтэл манай улсын Засгийн газрын гишүүд, улс төрчид сүүлийн үед өөрсдөө ажилдаа хариуцлагагүй хандаж бензиний хомсдол үүсгэчихээд ажлын гол ачааг үүрдэг хувийн компаниудад буруу өгч байна.
-Нээрээ л бензин, шатахуун өгөхгүй байгааг хувийн хэвшил буруутай мэтээр үзэх хүмүүс цөөнгүй байна шүү…?
-Тийм. Улмаар худалдаа, борлуулалт зэргийг хуучин социалист нийгмийн үеийнх шиг буцааж төрд авах тухай ярих болсон. Энэ бол боломжгүй зүйл. Шалтгаан нь социализмын үеийнхээс суудлын машины тоо л гэхэд хэдэн 1000 дахин өссөн. Нөгөө талаас манай шатахуун импортлон борлуулагч компаниуд мэрэгшсэн, туршлагажсан асар их хөрөнгө оруулалтыг хийсэн, хүний нөөцийнх нь ур чадвар нь ч сайжирсан. Олон ажлын байр бий болгодог, мөн энэ салбарт менежмент, технологи болон тоног төхөөрөмжийн шинэчлэл байнга явагдаж байдаг онцлогтой. Гэхдээ бараг бүх оронд энэ салбарын бизнесд тусгай зөвшөөрлөөр дамжсан төрийн зохицуулалт, хяналт бас дэмжлэг байдаг. Гол шалтгаан нь бензин нь улс орны эдийн засгийн амьдрал, иргэдийн амьжиргааны өртөгт маш их нөлөөтэй байдагтай холбоотой.
-Та хэллээ шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд үндэслэдэг зах зээлийн зарчимд нийцсэн учир амжилттай урагшилсан байна гэж. Одоо тийм биш байна уу?
-Түрүү нь хэлсэн ажлуудыг явуулахын зэрэгцээ Петрочайна компанид шатахуун худалдаж авах саналыг Уул уурхай яамнаас тавьж байсан. Петрочайна ХК нь энэ саналыг хүлээж авсан учраас хэлэлцээр эхэлж бензиний үнийг Сингапурын хөрөнгийн биржийн Дачин-33 түүхий нефтийн үнэнээс олон улсад тогтсон аргачилаар тооцохоор болсон байдаг. Дачин-33 гэдэг нь манай Дорнот аймгаас олборлож байгаа түүхий нефтийн хөрөнгийн биржийн үнэ. Ингээд Петрочайна компаниас бензин, дизел авахын тулд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг шахаж маш хурдан ашиглалтанд оруулсан шүү дээ. Ингэснээр яам, агентлагаас Роснефть компанийн удирдлагад уулзаж хэлэлцээр хийх саналыг дахин тавихад, тэд саналыг хүлээн авсан байдаг. Шалтгаан нь Монголын компаниуд ОХУ-ын өөр компаниудиас ,мөн Солонгосын боомт шатахуун худалдан авч байгаа, дээрээс нь Петрочайна-гаас шатахуун авахаар болсон гэсэн мэдээлэлийг Роснефть компани аль хэдийн авсан байсантай холбоотой. Бодит байдал дээр тэр үед Роснефть компаниас манай компаниудын авдаг нийт бензин шатахууны хэмжээ 10 гаруй хувь буурчихсан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл энэ 10 хувийг өөр нийлүүлэгчээс авдаг болчихсон байсан гэсэн үг.
-Хомсдолд орохгүй байхын тулд нөөцөө сайн бүрдүүлэх хэрэгтэйг наад захын эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс хэлнэ дээ…?
-Зах зээлийн үндсэн зарчим бол нэгдүгээрт, эрэлт нийлүүлэлтийн харьцааны тэнцвэрийг хадгалах буюу зах зээл дээр хомсдол үүсгэхгүйн тулд хангалттай нөөцтэй байх. Хоёрдугаарт, харилцан хамааралгүй нийлүүлэгч олонтой байх тусам өрсөлдөөнөөр худалдан авагч талд ашигтай хэлэлцээр хийх нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт, сая хэлсэн эхний хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд шудрага зарчим буюу зах зээлийн үнээр бүтээгдэхүүнийг авах хэлэлцээр хийх боломтой болдог. Эндээс тэр үед манай Засгийн газар, яам, агентлаг нь эдгээр зарчмыг баримталж ажилласан нь тодорхой харагдах болов уу.
-Гадаад харилцаа гэдэг чухал. Ядаж л тухайн орны хэл устай хүн хэлэлцээр хийх байх л даа. Тухайн үеийн Газрын тосны газрын дарга нь ОХУ-ын Ленинградын их сургуулийг эдийн засагч мэрэгжлээр төгссөн орос хэлтэй хүн байсан. Харин сайд таны хувьд Япон улсад нефт боловсруулах хими технологийн инженерийн мэрэгжлээр дээд сургууль төгссөн байсан зэрэг нь зөв тохиол байсан байх даа?
-Намайг сайдаар ажиллаж байх үед ОХУ-ын тал эхний уулзалтаараа дараахь зүйлийг мэдэгдсэн.Бензиний худалдаанд дунд нь зуучилдаг Монгол-Роснефть гэдэг хамтарсан компанитай бид одоо харьцахгүй, танай яам, агентлагийн төлөөлөл болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй 45 хоногийн дараа дахин хэлэлцээр хийе. Мөн Роснефт компанийн өнөөг хүртэл Монголыг хариуцсан ажилтануудаа өөрчилнө гэж мэдэгдсэн байдаг. Саяхан буюу өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард бас л манай зах зээл дээр шатахууны хомсдол үүссэн. Тэр үед төрийн өмчийн Эрчис Ойл гэдэг компани байгуулагдсан. Энэ компаниас болж хомсдол үүслээ гэсэн мэдээлэл гарч байсан даа. Энэ компани нь одоо юу хийж байгаа нь тодорхой бус л байна. Ингээд 45 хоног бололгүйгээр нэг сар орчмын дараа хоёр тал Москвад дахин хэлэлцээр хийж бензин шатахууны хилийн үнийг тонн дутамд 280 орчим ам.доллароор бууруулахар тохирсон байдаг. Ингэж үнэ буулгасан үндэслэл нь Итали улсын биржийн түүхий нефтийн үнэнээс олон улсын аргачилаар нефтийн бүтээгдэхүүний үнийг тохирсонтой холбоотой. Ийм замаар МУ-ын Роснефттэй хийдэг бензин шатахууны үнэ тохирох аргачилал нь зах зээлийн зарчимд шилжсэн түүхтэй. Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд 2012-2014 оны хооронд Роснефть компаниас авдаг “Бензин, шатахууны хилийн үнийг олон улсын хөрөнгийн биржийн түүхий газрын тосны үнэнээс тооцдог болсноор”, бензин шатахууны үнийг тонн тутамд дунджаар 320 ам.доллароор бууруулж чадсанаар бензин худалдан авагч иргэдээс гарах зардлыг нэг их наяд төгрөгөөр хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байдаг.
Түүхээс харвал бид урдаас бензин шатахуун оруулж ирсэнээрээ хойноос авдаг хэмжээгээ огцом бууруулж чадсан гэдэг. Магадгүй хойно, урдаасаа тэнцүүхэн аваад байвал бензин, шатахууны асуудал хэвийн болох юм биш үү?
-Тухайн үед буюу 2013 оны хоёрдугаар улиралд БНХАУ-ын Петрочайна компаниас эхлээд дизел, дараа нь АИ-92 бензин ( МГЛ93) импортолж эхэлсэн. МГЛ93 гэдэг нь Петрочайна ХК нь Дорнот аймагт газрын тос олборлож, олборлосон газрын тосоо бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортолдог. Энэ нь эх орны баялагаар хийсэн бүтээгдэхүүн гэсэн утгатай. Тэр үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сонгуульд хоёр дахь удаа оролцож сонгуулийн компанит ажлаа эхлэхдээ “машиныхаа банкийг МГЛ93-аар дүүргэв” гэсэн мэдээлэл орон даяар гарч, шуугиан болж байсан шүү дээ. Монгол улс сарын хэрэглээний нийт бензин, шатахууны 96 орчим хувийг “Роснефть”-ээс авдаг байсан бол 2013 оны гуравдугаар улиралын байдлаар энэ хэмжээ 68 орчим хувь болтлоо буурч байсан. Харин 2014 оны зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол улсад айлчлах үеэрээ Монголын талын төлөөлөгчидийн өмнө Роснефтийн ерөнхийлөгч И.Сечин гуайг Монголд нийлүүлдэг шатахууны хэмжээг бууруулсанаа буцааж нэмэгдүүлээрэй гэж хэлсэн байдаг. Энэ амжилт 2016 оноос хойш өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй. Үр дүн нь лав тааруу байна.
-Бензин, шатахуун хомсдохын зэрэгцээ орж ирж байгаанууд нь чанар муутай байна гэх шүүмжлэл иргэдээс их гарах боллоо. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
-Бензиний чанар их муудсаар байна гэж хэрэглэгчид ярьсаар байгаа л даа. Энэ үнэн. Тирафигура гэх компани керосинийг онцгой албан татваргүй оруулж ирээд бензинд 50 хувь хүртэл хольж борлуулдаг гэж их ярьж , бичиж байсан.Иймэрхүү хольцтой чанаргүй бензинээс болж 2018, 2019 онуудад иргэдийн машины бензиний нацосс их хэмжээгээр эвдэрч хохирч байсан гэдэг. Энэ асуудлын талаар манай Б.Пүрэвдорж гишүүн л ганцаараа УИХ дээр ярьсаар байдаг. Олонх нь ер тоосон шинжгүй байгаа харагдсан. Хэрэв энэ нь үнэн бол иргэдийн өмч хөрөнгийг санаатай эвдсэн, үүнийг дэмжсэн гэмт хэрэг болох байх. Ковидын үед нэг баррел газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр эрэлт огцом унасан учраас 30 ам.доллар хүртэл буурч байсан. Гэлээ гээд бензин, шатахууны үнэ олигтой буурсан уу. Бензин нийлүүлэгч орон дайн хийж эхэлмэгц л олигопол нийлүүлэгч Роснефть компани нь ОХУ-ынх тул ядахдаа нөөцөө нэмэгдүүлэх, хоорондоо хамааралгүй нийлүүлэгчийн тоог нэмэгдүүлэх Монгол ухаан МАН-ын дарга нарт байхгүй гэж үү. Тэгсэн атлаа дандаа том дарга нараа урдаа барина. Нөгөө том дарга нарын хооронд болсон яриа нь амьдрал дээр урт настай хэрэгжих үү. Тэр тусмаа ороо бусгаа ихтэй энэ цаг үед.
-Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор түлш, шатахууны хомсдол бий болсон гэж тайлбарлах хүмүүс ч байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Бензиний шатахууны гадаад худалдаа өнөөдөр ч гэсэн олон улсын жишгээр компани хоорондын, эсхүл компани төрийн хэрэгжүүлэгч агентлаг хоорондын ойлгомжтой гэрээ, хэлэлцээрийн дагуу явж байгаа. Уул уурхайн тэр дундаа нүүрсний олборлолт нэмэгдээд дизелийн хэрэглээ өссөнөөс болчихлоо ч гэх шиг. Дизель дээр нэг жилийн хэрэглээний өсөлтөө төлөвлөж чадахгүй бол яам, агентлаг гэж байх шаардлагагүй баймаар. Тэгээд бензин шатахууны нөөцөө төлөвлөж хэрэгжүүлж чадаагүй бол нийлүүлэгч чангалах нь ойлгомжтой асуудал. Монгол кинон дээр Хатанбаатар Магсаржав Цахиур төмөрт гамингуудтай хэлэлцээр хийх гэж байхад “Чи яагаад тэдний адууг туугаад ирэв” гэж асуухаар нь мань нөхөр “хөлгүй явган бол тэд таны үгийг илүү сонсох байх гэж бодсон” гэдэгтэй агаар нэг ойлголт шүү дээ. Бензин дээр хомсдол үүсвэл даамжирдаг, дагаад үнэ нэмэгддэг ийм гинжин зарчим үйлчилдэг.
Хөдөө дизел нэг литр нь 4700 төгрөг байсан бол, одоо 5500-аар ч олдохгүй байна гэх.Хөдөөний иргэдийн дизелийн сарын хэрэглээг сарын 20 мянган тонн гэж үзэхэд лав 16 тэрбум төгрөгөөр тэдний халаасыг хоосолсон гэсэн тоо гарна байх.