Метрог ЖАЙКА-гаас 2013 онд хийсэн ТЭЗҮ-ээр байгуулна
Засгийн газраас ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-АИ92 шатахууны Монгол Улсын дундаж хэрэглээ 53 мянган тонн байдаг. Сүүлийн үед эрэлт нэмэгдэж, 60 мянган тонн болсон байна. ОХУ-аас 100 хувь хараат, бусад улсаас АИ92 нийлүүлдэггүй. Арванхоёрдугаар сард ОХУ-аас 71 мянган тонн АИ92 худалдаж авах захиалга өгсөн. Өнөөдрийн байдлаар 52 мянган тонн АИ92 нийлүүлсэн байна. Араас нь 253 вагон шатахуун ачигдаад ирж байгаа. Энэ бүгд орж ирснээр манай дундаж хэрэглээнээс 10 мянган тонн их шатахуун нийлүүлэгдэнэ. АИ92 шатахууны нийлүүлэлт хэвийн болж байгаа. Үнэ өсөхгүй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөгжлийн банк гадаад өр төлбөрөө амжилттай барагдуулсан. Цаашид Хөгжлийн банкны хэлбэрийг Экспорт, импорт (Эксим) банк болгож өөрчилнө. Эрх зүйн байдлыг нь шинэчилнэ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байгаа. УИХ-аас 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас хойш 22 жил өнгөрсөн байна. Бүсчилсэн хөгжил гэдэг зүйлийг ярьдаг байсан ажил хэрэг болгож байгаагүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь хөгжлийг хурдасгаж өгнө судалгаа, шинжилгээний дүгнэлг байдаг. Улаанбаатар хотод нийт хүн амын 47 хувь нь байдаг. Хөдөө 53 хувь нь амьдардаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 Улаанбаатарт, үлдсэн 20 хувь хөдөө ногддог. Цаашдаа төвлөрлийг сааруулж, Монгол Улсынхаа хөгжлийг дэмжихийн тулд бүсчилсэн хөгжлийг бодитой ажил болгох шаардлагатай. Аль нэг аймгийг бүсийн төв гэж онцлохгүй.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:
-Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг бүтэц байгуулахаар шийдвэрлэлээ. Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх ажлын хүрээнд ийм арга хэмжээ авлаа. Одоогийн хэрэгжиж байгаа импотекийн тогтолцооноос онцлог хэд хэдэн зүйл байна. Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Залуучууд, төрийн албан хаагч, хөдөө орон нутагт гэх мэт багцалсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Судалгаагаар 2 саяас дээш орлоготой өрхүүд ипотекийн зээлд хамрагдаж чадаж байна. Өрхийн орлого нь 500 мянган төгрөгөөс бага өрхүүд ипотекийн зээл авч чаддаггүй. Тэдэнд чиглэсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотод метро байгуулах тогтоол гаргаж өглөө. Өөрөөр хэлбэл, олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Метрог ЖАЙКА-гаас 2013 онд хийсэн ТЭЗҮ-ээр байгуулна. Энэ нь 19 жилийн өмнөөс хийж ирсэн материалууд дээр үндэслэн гэдгийг хэлье.