“Дүү нарыг нь хөөж гарган, эгчид нь бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байжээ”

0

Хүний амьдралын хамгийн торгон хайрламаар  дурсамж хүүхэд насанд л үлддэг. Гэтэл зарим хүүхдүүд дурсахыг ч  хүсэхгүй  амьдралаар амьдарч байгаа нь нийгмийн үнэн төрх. Амьдралынхаа үнэтэй хором бүрийг хүчирхийлэлд өртөж өнгөрөөж байгаа хүүхдүүдийн  асуудал сэтгэл эмзэглүүлдэг ч үр дүн, шийдэлгүй байсаар. Тэдний нэг болох …охин  “намайг асрамжийн газар очиход туслаач” хэмээн  нулимс бөмбөрүүлэх болсон түүхийг дурдъя…

Аюулгүй  байдлыг хангах үүднээс  түүний нэрийг “С” гэе.  Ээж нь Охин “С”-ийг 6 настай  байхад 3 нас болон 2 сартай дүүг нь аваад ааваас нь салжээ. Ингээд салсны дараа тэд айлын түрээсийн хашаанд  дөрвөн ханатай гэр барьж, хүн царайчилж амьдарч иржээ.  Охин “С” тухайн үед ээжийгээ хамгийн ихээр өрөвдөж, хаяж явсан аавыгаа хамгийн муу хүн хэмээн бодох болжээ.  Идэх хоол өмсөх хувцасгүй ч элэг бүтэн байх шиг аз жаргал хаа ч үгүй. Аав нь явснаас хойш тэдний амьдралд нар гараагүй. 

Түлээ нүүрс идэх, хоолноос эхлээд асуудал болж эхэлсэн гэдэг. Охин “С” ээж дүүгийнхээ хамт арвайн гурил зуурч, аагтай хар цайнд бин дүрж идэн хэдэн ч өдрийг “өл”  дарах байдлаар өнгөрөөснийг таашгүй. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй учир ажил эрхлэх боломжгүй орлогогүй айл тогоо таслуулж тас харанхуй гэрт лааны гэрэлд сүүмэлзэн суух үе ч түүнд  байсан аж.  Ямартайч түүнд өнөө маргаашийн идэх хоол, дулаан сайхан орон гэртэй болох бодол   цухалздаг байж. Охин “С” хичээлээсээ ирээд түлээ нүүрс, ус зөөх ажилдаа шамдахын зэрэгцээ хэдэн төгрөг олохын тулд машины үнэртүүлэгч арчуур, чихэр, кофе зэргийг зарж амь зогооно. Бас болоогүй түүний ээж гар дүйтэй учир даалин урлаж цагаан сар болохын алдад зах руу өгөөд гаргачихна. Охин хүний наана, цаана орж арга эвийг нь олоод хэдэн даалингаа  зарчихаад ирдэг байж.  Өдөржин божийсон бор хөлийнхөө улыг эргэтэл гүйж гүйж ирчихээд, цаасан хайрцаг түлж лааны гэрэлд дулаацан хичээлээ хийхээр сууна.  Яг ийм  байдлаар тэд нэг жил амьдарсан гэдэг.

Эцэстээ түүний ээж нэгэнт ажил хийж хүүхдүүдээ тэжээж чадахгүй учир хүнтэй суух сонголтыг хийжээ.  Ингээд хэсэг хугацааны дараа тэдэнтэй хойд эцэшг нь хамт амьдрах болж. Тухайн үедээ охин “С”-д энэ байдал таатай санагдаагүй гэдэг. Тэр хүний харц үйлдэл нь ширүүн, охидыг чанга дуугаар зандарч айлгадаг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа охид хойд эцгийнхээ харцнаас үргэдэг болсон гэдэг.  Бүр ээж, дүү нартайгаа  амьдралын төлөө  зүтгэсэн хэдэн бор өдрүүд нь  жаргалтай  байсан мэт санагдах болжээ. Жижигхэн биедээ ахадсан ачааг үүрч ирсэн хөөрхөн охины зориг мохож, нүдний гал унтарч, сэтгэлийн гүнд нь  аль хэдийн сүүдэр тусжээ.  Ээж, дүү нараа сайхан амьдруулах гэсэн гэгээн сайхан мөрөөдлийг нь хойд эцэг  нь үгүй хийж.

“ОХИН “С” ЭЭЖДЭЭ БОЛСОН ЯВДЛЫН ТАЛААР ХЭЛЭХЭД ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ УУГААД ТЭВЧ ГЭДЭГ БАЙЖЭЭ”

“С” -ийн дүү  болох О,Х нар нь … болон …  настай. Хойд эцэг нь түүний … настай дүүг өөрийнх нь хамт хүчирхийлдэг. Тэр ээжийг худал хэлээд хаа нэгтээ явуулчихдаг байж. Ингээд эзгүйчилж хөх, өгзгийг нь базаж хоргоох болжээ. Зарим үед “Гарч бай. Эгчтэй чинь ярих юм байна. Хашаанд хэдэн мал ороод ирж, хөөгөөд гарга” гээд хоёр дүүг нь гаргачихдаг байсан.Тэд ч үгнээс гардаггүй зөөлөн чихтэй байж. Ингээд охиныг орон дээр дарж  хашхирч болохгүй хэмээн бэлгийн дур хүслээ зүй бусаар хангадаг байна. Энэ талаар ээждээ болон өөр хүнд ам, нээвэл би чамайг ээжтэй чинь хамт ална.  Чи бас  дүү нараа  хэзээ ч харахгүй шүү”  хэмээн занах болжээ.  Цаашлаад үйлдлээ булзааруулахын тулд Охин С-ийг  “найз залуутай болчихсон. Гэртээ оройтож ирээд буруу хүүхдүүдтэйгээ нийлээд  байгааг би харсан” хэмээн ээжид нь хэлж зодуулдаг аж. Түүний ээж ч охидтой ярилцаж байгаагүй, сонсохыг ч хүсдэггүй шууд зоддог байна.  Охид эмээдээ хойд  аавынхаа бэлгийн хүчирхийлэл, ээжийнхээ зодуурт өртдөг  талаар хэлдэг ч хэд хоног гэртээ байлгадаг. Хэсэг хугацааны дараа тэднийг хуурч гэр лүү нь хүргэж өгдөг. Ерөнхийдөө байх ёстой үзэгдэл мэт хандсаар иржээ.  Ингээд охидын хойд эцэг  “та нарыг дахиж хоргоохгүй” хэмээн гэмшин ам гардаг байгаа юм. Охин С-ийн хойд эцэг түүнийг найман настайгаас  эхлэн бэлгийн дур хүслээ  зүй  бусаар хангаж эхэлсэн гэдэг.  Сүүлийн нэг жилд бэлгийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол ойр ойр давтагдаж газар авчээ. Сүүлдээ … настай эмэгтэй дүүг нь мөн оролддог болжээ.

Түүнээс хойш гэртээ очмооргүй санагдаж дүүтэйгээ хаашаа ч хамаагүй  зугтаах талаар бодож, хэнд  хандахаа мэдэхгүй  мухардалд осрон аж. Охин “С” дүүгээ бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдээд ээждээ энэ талаар хэлтэл  “Битгий худлаа яриад бай, өөрөө найз залуутай болчихоод түүнтэйгээ бэлгийн харилцаанд орсон юм биш үү” хэмээн уурладаг байж. Дүү нь мөн адил хүчирхийлүүлсэн гэхэд огт авч хэлэлцээгүй байна.  “Хэрэв аав чинь чамд хүчирхийлэл үзүүлсэн бол жирэмснээс хамгаалах эм уу. Бүр болохгүй бол спираль тавиул. Хүүхэд өсгөж үзээгүй хүнээс ийм үйлдэл гарна” хэмээн элдэв муу үгээр загнаж, хараадаг байна.  Үүнээс хойш хойд эцгийн гар яагаад хатууг, төрсөн эхийн сэтгэл юуны учир ийм хүйтэн хөндий  болсныг мэдсэн охин  голдоо ортол гомдсон нь энэ.  Өнгөрсөн хугацаанд “ээж нь  зөвхөн охидынхоо төлөө сэтгэл зовнин амьдардаг байсан” гэх бодол нь өөрчлөгдсөн нь тэр. “Өөрийнхөө хэрэгцээг хангаж амьдрахын тулд  биднийг золиослох зориг хаанаас гарсан юм бүү мэд “хэмээн охин “С” нүдэндээ нулимстай ярина. Хамгийн ихээр хайрлаж хайрлуулах  ёстой хүн нь хэн ч биш мэтээр хандсан нь түүний голыг зурж байгаа нь илт.  Энэ явдлаас үүдэн охин амиа хорлох талаар бодож, цаашлаад ээжтэйгээ болон хүчирхийлэгч хойд эцэгтэйгээ дахиад хамт  амьдрах хүсэлгүй болж асрамжийн газар очих талаар  ярьж сууна. Мөн Охин “С”  өөрийн хоёр дүүгээ хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд яг түүн шиг зүйлсийг мэдрэх вий гэх айдастай байгаа юм.  Тэр өөрийн амссан хүчирхийллийг тэдэнд мэдрүүлэхийг хүсээгүй.  Охин “С” хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөнөөс хойш сарын тэмдэг ирээгүй. Энэ нь түүнийг хамгийн их айдаст автуулж байгаа аж. Ингээд энэ бүгдийг таслан зогсоохын тулд өөрөө цагдаад хандаж, болсон явдлын талаар мэдээлжээ. Ингэснээр түүнийг хамгаалах байранд авч  хойд эцэгт таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хэдий хүчирхийлэгчид арга хэмжээ авч байгаа ч охины хувьд эхээсээ хайр мэдрэхгүй байгаа учир итгэл алдраад байгаа нь энэ. Энэ явдал даамжирсаар түүний мөрөөдөл, зорилго хүсэл тэмүүллийг унтраажээ. Юу ч болж байсан ээж дээрээ буцаж очихгүй гэх шийдэлд хүрч дүү нарынхаа  хамт асрамжийн газарт очихыг хүслээ. 

Магадгүй түүний сэтгэл зүй хагарсан шаазан шиг эвлэрэхээргүй болсныг ч үгүйсгэхгүй. Уг нь асрамжийн газар биш тэдний эцсийн сонголт төрсөн аав нь байж. Гэтэл аав нь хорт хавдраар өвчилж эмнэлэгт амь тэмцэн байгаа гэх сураг сонсжээ. Охидынх нь талаар дуулгасан ч хайр, энэрлийг мэдрүүлж чадаагүй дээ харамсаж уулзахыг хүсээгүй байна. Охидын хойд эцгийн тухайд багаасаа өнчирч үлджээ. Учир нь түүний аав, ээж автомашины ослоор нас барсан. Тиймээс хамаатныхааэгчийн гар дээр өссөн аж. Тэр хайр халамжийг мэдэрч өсөөгүй, учир цэцэг шиг охидыг хайрлах ухаан түүнд  заяагаагүй нь харамсалтай. Хайр халамжид өсөөгүй ч гэлээ түүнд хүн шиг хүн байх сэтгэл дутаж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *