Хуульч О.Батхүү: Оны өмнө Хотын дарга тэгш сондгойгоор явуулна гэж мэдэгдэв. Энэ захирамж хууль бус.
Нийслэлийн Засаг даргын автомашиныг замын хөдөлгөөнд тэгш сондгойгоор оролцуулах захирамжийг хууль зөрчсөн гэж Хуульч О.Батхүү үзэж байна. Тэрбээр энэ асуудлаар шүүхдэж байгаа бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэлээ ийнхүү тайлбарлажээ.
Хуульч О.Батхүү: Оны өмнө хотын дарга тэгш сондгойгоор явуулна гэж мэдэгдэв. Маргаашнаас нь хөдөлгөөн хааж, цагдаа нар зам дээр гарав. Энэ захирамж хууль бус. Учир нь олон мянган хүнд хамаатай шийдвэрийг хэн нэг дарга амралтын өдөр амаараа гаргаж болдоггүй. ХЗДХЯ-нд бүртгүүлж, албан ёсоор хэвлэгдэж байж хүчинтэй болдог.
Энэ талаар Б.Энхбаяр сайд 2023-11-29 өдрийн ЗГ-н хурлын дараа мэдэгдсэн ба ХЗДХЯ-нд хянуулж бүртгүүлээгүй 850 журам байгааг бүгдийг нь хүчингүй болгоно гэж зарласан. Хотын даргын захирамж ХЗДХЯ-нд бүртгүүлж байж хүчинтэй болох ёстой тул лавлагаа автал захирамж 3 хоногийн дараа буюу 2023-12-20 өдөр бүртгүүлсэн нь тодорхой болов. Цагдаа нар хүчинтэй болоогүй захирамжийг хүчээр мөрдүүлсэн гэсэн үг.
Ингээд шүүхэд хандлаа. Хуралд ирсэн цагдаа дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, захирамж хүчинтэй үгүйг шалгах эрх бидэнд байхгүй гэв. Шүүх энэ захирамж хүчинтэй гэж үзсэн. Одоо давж заалдах журмаар гомдол гаргана.
Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ шүүхэд хандаагүй. Дарга нар ямар тооцоо ч судалгаагүй гэнэтийн шийдвэр гаргадаг, хүний эрхэнд халддаг, үүнийгээ цагдаагийн хүчээр мөрдүүлдэг байдал давтагдах ёсгүй гэж шүүхэд хандсан.