Зарим автомашины импортын татвар нэмэгдэж, Улаанбаатарт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хязгаартай олгоно

0

УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулиар Улаанбаатар хотын ачаалал ихтэй замыг төлбөртэй болгохоор оруулж ирсэн ч уг заалт хэлэлцүүлгийн үеэр хасагдсан. Харин Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд нийслэлд шинээр улсын дугаар олгохыг хязгаарлах, зарим төрлийн автомашины импортын татварыг нэмэгдүүлэхээр тусгасан юм. Хуульд тусгасан тээврийн хэрэгслийн улсын дугаар олголт, импортын албан татвартай холбоотой заалтууд хэрэгжиж эхэлсэн байна.

 Нэмэлт татвар

Насжилт өндөр, хорт утаа ихээр гаргаж байгаа тээврийн хэрэгсэл болон шинээр худалдан авч байгаа тансаг зэрэглэлийн автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, “Гаалийн үнэ, үнэлгээгээр 250 сая төгрөгөөс дээш үнэтэй 10-аас ихгүй зорчигчийн суудалтай автомашин импортолсон бол 250 сая төгрөгөөс илүү гарсан үнэд 30 хувийн онцгой албан татвар авах” заалт Онцгой албан татварын тухай хуульд оруулсан.

Одоо үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас хамаарч онцгой албан татвар төлдөг. Тэгвэл үүн дээр нэмээд автомашины үнээс хамаарч нэмэлт татвар төлнө.

 Улсын дугаарын хязгаарлалт

Өнөөдрийг хүртэл автомашины дугаар авсан хүмүүсийн эрхийг хязгаарлахгүй. Тодруулбал, өнөөдрийг хүртэл автомашины дугаар авсан иргэд дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжийг нээлттэй үлдээсэн. Харин шинэ автомашин худалдан авсан тохиолдолд, өөрийнхөө автомашиныг хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл автомашинаа устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгожээ.

Нийслэлд шинээр олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг жил бүр НИТХ тогтоож, тэр дагуу улсын дугаарыг хязгаартай олгоно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *