СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, цас орсон үед зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, нуур, голын мөс цөмрөх нөхцөл бүрдэж байгаа тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг авч ажиллахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:
- Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагууд, түүний харьяа шуурхай ажлын хэсгүүд, өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, халтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгуулах;
- Аймаг, нийслэлийн удирдлага тухайн орон нутгийн авто замын аюулгүй байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар авран хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулах, хаагдсан зам, даваа засварлагдсан тохиолдолд тэдгээрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлүүлэх;
- Цасан шуурганд хаагдах, эвдэрч, нураж болзошгүй зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авахын зэрэгцээ эвдэрч нурсан зам, гүүр, нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх;
- Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч болон захиалагч, зөвлөх байгууллагуудын зүгээс хариуцсан замын нөхцөл байдлын талаар гаргасан мэдээллийг жолооч нарт тогтмол өгч байх;
 - Авто замаар зорчиж буй жолооч, иргэдээс ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй, эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг авч, зам хариуцагч байгууллага болон Онцгой байдлын газар, бусад холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй зорчуулахад шуурхай арга хэмжээг авч урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах;
- Нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлт, ачаа тээврийг зохицуулах, гол, нуурын мөс хөлдөх, хайлах, цөн түрэлт явагдаж, шар усны үер гарч дуусталх хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллах;
- Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй, суудлын бүсийг тогтмол зүүж байх;
- Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд жолооч нартаа үйлчилгээнд гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд цасан шуурганд хаагдах, эвдрэх, нурах болзошгүй зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх газруудын талаарх судалгаа, мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авах;
- Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул осолгүй тээвэрлэх;
- Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэм, хурдны хязгаарт хяналт тавьж ажиллах.
САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР