Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон тус байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Бейсен, Т.Аубакир, Н.Ганибал нар өнөөдөр ( 2024.01.08 ) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурлаас баталсан, Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, тус яамны газрын дарга нар оролцож, ХХААХҮЯ-ны 2024 оны зорилт, хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, Мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуйн талаар баримтлах бодлого, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй хууль, тогтоолын төсөл зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Монгол Улсын Засгийн газарт цас, зудын үүссэн цагийн байдалд үнэлэлт өгч, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах бодлого, зохицуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх талаар нийт 12 заалт бүхий тодорхой үүрэг, чиглэл өгсөн тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Уг тогтоолын төсөлд дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн бүхий л эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, тогтоолын биелэлтийг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон билээ. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулууны мэдээлэлд дурдагдсанаар 7 аймгийн 15 суманд цасны нягт 0,35-0,47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын 17 аймгийн 81 суманд цагаан зудын 16 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа юм байна.
Түүнчлэн 2023 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэглэлтэй болсон гэв. Мөн 17 аймаг нэн их эрсдэлтэйд тооцогдож байгааг онцлон дурдав.
Үүсээд буй нөхцөл байдал болон Байнгын хорооны 2023 оны 17 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг энэ үеэр танилцуулсан. Тухайлбал орон нутагт мах бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг авах, Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллах, өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлах зэргээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэмээн ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун танилцуулгадаа дурдсан.
Танилцуулга мэдээлэл болон тус яамны үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээнд гишүүд тодруулга мэдээлэл авч, саналаа хэлэв. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбартай холбоотой хууль тогтоомжийг сурталчилж, малчдад тайлбарлан таниулах, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэргээр анхаарах, хүрсэн түвшинг ахиулах шаардлагатай гэсэн саналууд давамгайлж байлаа. Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал дүгнэж үг хэлсэн юм. Тэрбээр, ярианыхаа эхэнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гарсан ололт, амжилтыг дурдаад цаашид анхаарах асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэв. Юуны өмнө хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн бодлогын дэмжлэг, санхүүжилттэй холбоотой нэгтгэсэн мэдээллийг олон нийтэд ил тод болгохоос гадна Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг Байнгын хороонд танилцуулахыг үүрэг чиглэл болголоо. Түүнчлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор шатахууны нөөц бүрдүүлэлтээс гадна хөрөнгө оруулалтын бодлогын зээлийг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд зээлдэгчдэдээ хүргэсэн байхаар шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал онцлон дурдлаа. Тэрбээр мал ахуйн салбарт зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах, газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх том ажил хүлээгдэж байгааг тус салбарынханд сануулж байлаа. Мөн махны экспортын хүрсэн түвшинг ахиулахын зэрэгцээ ялангуяа ноосыг боловсруулан дэлхийн зах зээлд гаргах яриа хэлцлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.