НЭЭСЭН ӨДРӨӨ “НУРСАН” АЛТАЙ ХОТХОНЫ ГҮҮРЭН ГАРЦЫГ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ЭНХБИЗНЕС ӨГӨӨМЖ” КОМПАНИЙНХАН БАРЬЖЭЭ
Монгол Улсын бүтээн байгуулалт гэж мордохын хазгай гэдэг шиг л байна. Нийтийн тээвэртээ парк шинэчлэл хийнэ гээд сүржигнэж, сүржигнэж хэдэн автобус оруулаад иртэл өнөөх нь “хогийн цэг”-ээс угсарсан “хог” болж таарсан. Одоо наашаа ч үгүй, цаашаа ч үгүй авах газаргүй жинхнээсээ хог болчихоод агуулахад байж байна. Дараа нь, Алтай хотхон, Нарны хорооллыг холбосон гүүрэн гарц хийсэн ч нээсэн өдрөө асуудал дагуулсан. Алтай хотхон Нарны хорооллын дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц (24, 26 дугаар хороо)-ны бүтээн байгуулалт зураг төслөөсөө өөр, төсөвтөө тохироогүй зэрэг шүүмжлэлд өртсөн. Гэсэн хэдий ч тухай компанийн бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, Баянгол дүүргийн ЗДТГ-т хүлээлгэн өгөөд байна. Харин хүлээлгэн өгч, нээлтээ хийсэн өдрөө ачааны автомашин гацсан асуудал нь олон анхаарлыг ихэд татаж байна. Иймд бид уг гүүрийг ямар компани барьсан, хэдэн төгрөгийн төсөвтэй, стандарт, зураг төслийн дагуу баригдсан эсэхэд хариулт хайлаа.
“ЭНХБИЗНЕС ӨГӨӨМЖ” ХХК ХАМГИЙН БАГА САНАЛ ХҮРГҮҮЛЖ, 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГҮҮРЭН ГАРЦ БАРЬЖЭЭ
Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2023 оны дөрөвдүгээр сарын 18-нд Алтай хотхон Нарны хорооллын дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц (24, 26 дугаар хороо) бариулах тендер зарлажээ. Ингэхдээ тендерийг хялбаршуулсан журмаар зохион байгуулж, орон нутгийн төсвийн 1.453.200.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр болжээ. Уг тендерийн материал хамгийн бага үнэлгээг “Энхбизнес өгөөмж” ХХК-аас хүргүүлж, тендерт шалгарсан байна. Тодруулбал, “Энхбизнес өгөөмж” компани нь 1.2 тэрбум төгрөгт гүүр барьж өгөх үнэлгээ илгээж, тендерт шалгарчээ. Ингээд ажлаа эхэлсэн байна.
Баянгол дүүргийн ЗДТГ, “Энхбизнес өгөөмж” компанийн байгуулсан гэрээ
Гүүрэн гарцны анхны зураг төсөл одоо баригдсан байгаа гүүрнээс өөр гарчээ. Тодруулбал, өнгө нь цэнхэр, өндрийг хязгаар өөр, хоёр талын зай, шатны хэмжээ ч өөр гарсан байсан аж. Хачирхалтай нь, гүүрэн гарц баригдаж эхлэхдээ газрын хэмжээ нь багасаж, өнгө, загвар нь өөрчлөгдсөн байжээ.
Гүүрэн гарцны анхны зураг төсөл.
Ашиглалтад орсон гүүрэн гарц. 2024 оны 01.18
“ЭНХБИЗНЕС ӨГӨӨМЖ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.ЭНХТӨР: АНХНЫ ЗУРАГ ТӨСЛИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ БАРЬСАН Ч СТАНДАРТЫН ДАГУУ БАРИГДСАН
Бид энэ асуудлаар гүүрэн гарцыг барьж гүйцэтгэсэн “Энхбизнес өгөөмж” компанийн захирал Н.Энхтөртэй холбогдож, тодрууллаа.
-Танай компани Алтай хотхон, Нарны хорооллыг холбосон гүүрэн гарцыг барьж гүйцэтгэсэн юм байна. Тендерт хэрхэн шалгарсан юм бэ?
-Тийм ээ, манай компани 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Барилга угсралт, засварын ажил, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл,худалдаа, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа зэргээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Бид Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Алтай хотхон, Нарны хорооллын дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц (24, 26 дугаар хороо)-ны тендерт шаардлагатай бичиг баритаа илгээж, шалгарсан. Төсөв нь 1.5 тэрбум төгрөг орчим байсан ч бид 1.2 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр болсон. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, хийсэн ажлаа хүлээлгэж өгсөн.
-Анхны зураг төслөөрөө яагаад баригдаагүй юм бэ?
-Газрын асуудлаас болоод анхны гарсан зураг төсөл өөрчлөгдсөн. Анхны гаргасан зураг төслөөр хийгдэх ямар ч боломж байхгүй байсан учраас дахин өөрчилж, шинэчилсэн. Шинэ гарсан зураг одоогоор хараахан гараагүй байх шиг байна. Гүүрэн гарц барьсан замын хоёр тал нь дүүргийн эзэмшлийнх биш, аж ахуйн нэгжийнх байсан. Нэг тал нь “Туушин” компанийнх байсан бол нөгөө тал нь “Цагаан-Ордон” гэх аж ахуйн нэгжийн эзэмшлийнх юм билээ. Тийм учраас анхны гарсан зураг төсөл шиг шат, налуу замаа хийх боломж байгаагүй. Харин ч “Цагаан-Ордон” гэх аж ахуй нэгжтэй харилцан тохиролцож, гуйж, ойлгуулж байж тэдний эзэмшлийн 2-3 метр газар дээр шатаа барьсан.
-Гүүрэн гарц стандартын дагуу баригдсан уу. Өндрийн хэмжээ нь зураг төсөл дээрээ 4.85 метр байна гэж заасан ч баригдахдаа 4.5 метр байна гэсэн шүүмжлэл дагуулаад байна шүү дээ?
-Стандарттын дагуу баригдсан. Монгол Улсад байгаа гүүрэн гарцны өндрийн стандарт хэмжээ 4.5 метр байгаа. Бидний барьсан гүүр 4.95 метрийн өндөртэй. Бид л стандартын дагуу учраас 4.5 метр гэсэн бичиг хадчихсан байгаа. Хэмжээд үзвэл хэмжээ нь гараад ирнэ шүү дээ. Гүүрний нол хэсэг бүүр 5.2 метрийн өндөртэй байгаа. Бид гүүрний дам нурууг өнгөрсөн оны есдүгээр сард угсарсан. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн дөрөв, таван сар дам нуруун доогуур автомашин зорчсон гэсэн үг. Энэ хугацаанд нэг ч машин шүргэж, гэмтэл гараагүй. Зураг төсөл дээрээ гүүрний өндөр, хэмжээг заагаагүй шүү дээ. Бид стандартын дагуу л хямд төсвөөр барьж гүйцэтгэж өгсөн. Нээлтээ хийсэн анхны өдрөөс л хэл ам дагуулж, зохион байгуулалттайгаар буруу мэдээлэл тарааж байна гэж хардаж байна.
-Ачааны автомашин гүүрийг мөргөсөн асуудал гарсан шүү дээ. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Үнэндээ ачааны автомашин гацсан асуудал гараагүй. Ажил гүйцэтгэж байсан крантай машиныг мөргөж, осол гаргасан юм билээ. Өөрөөр хэлбэл, манай ажилтан кран дээр суугаад гүүрний ажил гүйцэтгэж байхад нь шүргээд зогссон гэсэн үг. Гэтэл түүнийг гүүрэнд гацсан мэтээр ойлголт өгүүлж, сошиалаар тараасан байсан. Би тэр өдөр дуудагдаад очиход осолд өртсөн ажилтан маань эмнэлэг рүү яваад, мөргөсөн гээд байгаа ачаатай автомашин нь замын хажууд зогсож байсан. Нийслэлд 4-4.5 метрийн өндөртэй автомашин зорчих зөвшөөрөлтэй. Хэрэв үүнээс дээш өндөр автомашин зорчихоор бол заавал Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрөл авсан байх ёстой. Тухайн машин гүүр мөргөөгүй учраас би өндөр зэргийг нь мэдэхгүй байна.