Улсын гуравдугаар төв эмнэлэг хавдрын мэс засал хийж эхэлжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2024 оноос хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэгтээ бие даан хийж эхэлжээ. Тус эмнэлэгт нэгдүгээр сарын 10-ны өдөр элэгний тавдугаар сегментэд байрласан анхдагч хавдартай 52 настай эмчлүүлэгчид нээлттэй аргаар хавдрыг тайрч авах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна. Мэс заслын дараа эмчлүүлэгчид гарсан хүндрэл үгүй, биеийн байдал сайжирч мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараачийн шатны хяналтад шилжсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд дөрвөн эмчээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхижуулсан байна. Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйчилгээний төвлөрөлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.
Энэ хугацаанд өөрийн эмнэлгийн нийт дөрвөн эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхижуулжээ.