Нийтийн тээврийн чиглэл: Х.Нямбаатар VS Э.Бат-Үүл
Автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн 110 чиглэлийг 74 болгон бууруулж, нэгдүгээр сарын 20-ноос мөрдөж эхэлсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар өнгөрсөн Даваа гаригаас эхлэн хуучин чиглэлүүдийг буцаан сэргээсэн. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нар байр суурь илэрхийлснийг “News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.
Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:
-Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй нийслэл хот манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй.
28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига хээл хахууль ашиг сонирхол нуугдсаар ирсэн. Юу гэвэл хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан.
Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй.
Энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эргээд л түгжирцгээлээ. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөд шинэчлэл хийхээр зорьсон нь олон нийтийг бухимдуулах гээгүй. Алдаа мадаг гаргасан бол тухай бүрд нь засаж залруулаад явах нь зүйтэй.
Улаанбаатар хотын захирагч асан Э.БАТ-ҮҮЛ:
-Нийтийн тээврийн маршрут өөрчилснөөс иргэд идэр есийн хүйтэнд даарч хөрч, цөхөрсөн байхад Х.Нямбаатар дарга жиргээндээ “Автобусны маршрут булаацалдсан үйл ажиллагаа явдаг, авлига явдаг” гэхчлэн бичсэн нь асуудлыг дүйвүүлэх л гэсэн явуургүй арга. Дэлхийн аль ч хотод нийтийн тээврийн чиглэлийг өөрчлөх явдал гардаг. Гэхдээ идэр есийн хүйтэнд хийдэггүй юм. Жишээ нь бид 2015 оны наймдугаар сард автобусны маршрутыг өөрчилсөн. Энэ ажлыг хийхийн тулд хоёр жил судалсан, туршлага судалсан. Түүний дараа дулаан цагт чиглэлийг өөрчилсөн, наймдугаар сарын 25-нд хичээл эхнээсээ ороход шинэ маршрутад хүмүүс сурчихсан байсан. Манай нийслэлийн Тээврийн газрыг тухайн үед н.Энхбат удирддаг байсан. Тээвэр үйлчилгээний чиглэлээр суралцаж, төгссөн мэргэжлийн хүн. Харин одоогийн нийслэлийн Тээврийн газрыг хэвлэлийн мэдээгээр цагдаагийн ажилтан байсан хүн удирддаг юм байна. Мэргэжлийн бус хүн нийтийн тээврийг удирдахаар наад захын шаардлага дүрмийг ойлгочихгүй, идэр есийн хүйтнээр хүмүүсийг самгардуулж, бужигнууллаа. Буруу үйл ажиллагаа байсан учраас зогсоолоо. Гэхдээ бид сургамж авах ёстой.
Бид Австрийн Вена хотод очиж туршлага судалж байсан. Вена хот нь нийтийн тээврийнхээ маршрутыг зөв тогтоосноороо Европоор тогтохгүй дэлхийд тэргүүлдэг. Нэг зүйлийг нь хараад бид ёстой хаа ч хүрээгүй юм байна даа гэж бодогдсон. Автобусны маршрут үйлчилгээг судалдаг Вена хотын алба дээр очтол том хүрээлэн угтсан. Тэр хүрээлэн математикчдаар дүүрэн, математикийн хүрээлэн шиг л байсан.
Маршрутыг өөрчлөхийн өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийдэг. Хүн амын урсгалын мандлыг маш сайн тооцож явуулдаг юм байна.
Нэг сая гаруй хүн амтай хот, хагас сая гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаа хот гэдэг чинь ийм их хэмжээний үл мэдэгдэх хувьсагчтай хүмүүс яг хаашаа явах нь ойлгомжгүй. Энийг математик магадлалаар бодохоос арга байхгүй. Математикийн шинжлэх ухааны ид хавыг тэнд л гаргаж байна. Нөгөө мундаг професорууд зөвхөн нийтийн тээврийн маршрутын тооцоо хийгээд сууж байна. Манай математикчдын хамгийн их бодлого боддог газар гэж ярьж байсан. Шинжлэх ухааныг амьдрал практикт хэрэглэж сурах, юмыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ гэдгийг тэнд л харсан. Бид цаашдаа түгжрэлийн асуудлыг шийдэх, маршрут өөрчлөх бол шинжлэх ухааны тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хийх ёстой. Энэ талаар их, дээд сургууль, Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллах ёстой.