З.Саруултуяа: Гурван ширхэг бууз идсэнээр нэг өдрийн махны хэрэгцээ ханадаг

0

Сар шинийн баярын өдрүүд ойртож, улс орон даяар баярын бэлтгэлдээ гарчээ. Эдгээр өдрүүдэд баярын ширээгээ чимэглэх идээ шүүс болон зочин гийчнээ дайлах амтат хоолны бэлтгэл эхэлдэг. Цагаан сарын баярын ширээнд таван тансаг идээг уламжлал болгон тавьдаг билээ.

Орчин үед уламжлагдан ирсэн идээ цагаалгад нэмэлтээр олон төрлийн хоол хүнс ордог болсон. Тухайн жилийн өнгө зүсээ илтгэнэ хэмээн сүсэглэж, аль болох элбэг дэлбэг байхыг ч чухалчилдаг.

Энэ үеэр зочилсон айл болгон ирсэн гийчнээ чинээндээ тултал дайлж цайлна. Гэхдээ олон төрлийн хоол зуушийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүний биед ямар нөлөөтэйг тэр бүр мэддэггүй. Энэ талаар  Дөрөвдүгээр эмнэлгийн хоолзүйч З.Саруултуяатай ярилцсанаа хүргэж байна.

Уламжлалт цагаан сарын баяр хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд ёс жаягийн дагуу шинэлдэг ч хоолны хэрэглээ эрс нэмэгддэг. Эндээс үүсэж болох эрсдэлийн талаар тайлбарлахгүй юу?

-Бид цагаан сарын баяраар  гэнэт их хэмжээний хоол иддэг. Шинийн нэгний өдрөөс эхлээд маш олон айлаар зочилж, ураг удмынхантайгаа золгодог. Нэг айлд ороход эхлээд сүүтэй цай хийж өгдөг, мөн араас нь цагаалга будаа болон цагаан идээ, битүүлгэний мах гэхчилэн хүртдэг. Удалгүй араас нь бууз болон салат их хэмжээгээр иднэ. Энэ үед ходоод хэвийн үеэсээ хэд дахин илүү ажилладаг. Бууз гэдэг нь өөрөө маш их хэмжээний нүүрс ус агуулдаг, тослог хоол. Шингэцийн хувьд ч удаан.

Энэ их ачааллын үед ч гэрийн эзэгтэй нар маань бууз, салатаар шахдаг нь эрүүл мэндэд хортой үйлдэл гэдгийг сануулмаар байна. Аль болох бууз, махан хоолны өмнө шинэ ногооны болон нарийн ногооны салат идэхийг зөвлөж байна. Ингэснээр хоолны шингэц сайжирдаг. Шингэцийг сайжруулж, хэвийн түвшинд байлгаагүйн улмаас ходоодны хана болон нарийн, бүдүүн гэдэс ч хямарч өвчлөх магадлалтай.

Хийжүүлсэн ундаа хоол шингээдэг гэлцдэг. Их хэмжээний хоолны араас байнга ууж, бараг хэвшсэн шиг санагддаг юм. Энэ нь хэр зөв бэ?

-Хийжүүлсэн ундаа нь тодорхой хэмжээнд хоолыг шингээдэг. Гэвч зохистой хэмжээгээр хэрэглэхгүй бол болохгүй. Халуун буузны араас хүйтэн ундаа ууж байгаа нь таны ходоодонд түгжрэл үүсгэх эрсдэлтэй. Энэ нь буузны махны боловсрох хугацааг удаашруулж, царцаадаг гэсэн үг. Даамжирвал ходоодны шарх ч үүсгэх аюултай. Харин халуун бүлээн усыг хоолныхоо араас уух нь эрүүл мэндэд тустай.

Хүний ходоод нэг литрийн багтаамжтай байдаг. Зарим хүнийх буруу хооллолтоос үүдэн сунасан байж болно. Мөн ходоодны гуравны хоёр нь хоосон байх ёстой. Дүүргэж болохгүй. Дүүрэн байх тохиолдолд хоол боловсруулах үйл явцад доголдол үүсэж, биеийн байдал хямардаг. Ингэснээр хоолны хордлого болон бусад өвчин үүсэх эрсдэлтэй.

Гэрийн эзэгтэй нар маань ч уламжлалт идээ шүүсээ тавиад, нэмэлт хоол хүнсээ аль болох цөөн тоотой, эрүүл байлгах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Орчин үед маш цомхон хэр нь гоёмсог ширээ засдаг болсон шүү дээ.

Бага насны хүүхдийн хувьд чихэр, жимс ихээр хэрэглэдэг өдрүүд. Энэ нь ямар сөрөг үр дагавар бий болгодог вэ?

-Ширээ дүүрэн байдаг чихэр жимс, ундаа, амттанг их хэмжээгээр идэхэд хүүхэд маш их хоосон илчлэг авч байдаг. Хоосон илчлэг гэдэг маань цадах, бялуурах мэдрэмж төрөөд, өөрт хэрэгтэй шимт бодисоо авч чадахгүйд хүрдэг. Ингэснээр хоолны дуршил буурч, ходоод гэдэс хямарч эхэлнэ. Хямарсан үед нь хийжүүлсэн ундаа болон сүүтэй цай зэргийг уулгадаг нь гүйлгэх, суулгах зэрэг эрсдэлүүдийг мөн үүсгэж байгаа юм. Тиймээс баярын өдрүүдэд аль болох эрүүл хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Мэдээж хүүхдийн дуршлыг хориглох гээгүй. Зүгээр л зохистой хэмжээнд л хэрэглэх учиртай.

Битүүний өдрийн орой битүүртэлээ иднэ гэж ярьдаг. Түүнийгээ дагаад ч тэр үү оройн цагаар их хэмжээгээр бууз болон бусад хоолыг нэг дор иддэг. Энэ нь биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Хүн хэвийн хэмжээгээр буюу бага багаар өдөрт зургаан удаа хооллох ёстой. Гэтэл битүүний өдрийн өглөө босоод, цэвэрлэгээ үйлчилгээг өдөржин хийгээд, орой нь битүүртэлээ иднээ гэж ярьдаг. Энэ маш буруу. Өдрийн туршид цусан дахь сахарын хэмжээ их хэмжээгээр унасан байдаг. Гэтэл орой нь хүнд хоол их хэмжээгээр идэхээр сахарын хэмжээ огцом ихэсдэг. Энэ нь чихрийн шижин гэх мэт олон өвчлөлийн эх үүсвэр болдог.

Ингэж хооллоод шууд унтаад өгдөг. Шөнө нь тэр их хоолыг ходоод боловсруулж амжилгүй өглөөг угтаж, ходоодыг маш ихээр ядрааж, гэмтээж байдаг. Тиймээс битүүний өдөр хооллолтыг бага багаар тохируулж сурах нь зүйтэй. Заавал битүүртэлээ идэх ёс байхгүй шүү дээ.

Монголчуудын цагаан сарын гол хоол бол бууз. Олон айлаар золголт хийгээд явах үед тоолж барахгүй олон бууз иддэг. Үүний сөрөг үр дагавар юу вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр, хүний нэг өдөрт идвэл зохих махны хэмжээ 90 грамм байдаг. Нэг буузанд ойролцоогоор 30 грамм мах ордог гэж үзвэл гурван ширхэг бууз идээд, нэг өдрийн махны хэрэгцээ хангагдах нь ээ. Тэгвэл цагаан сарын өдрүүдэд монголчуудын нэг өдрийн махны хэрэглээ маш өндөр болдог. Энэ нь нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шарх, цаашлаад хорт хавдар үүсгэх анхдагч шалтгаан мөн.

Буузыг заавал махаар биш өөр хүнсний зүйлсээр хийвэл илүү эрүүл гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Өнгийн бууз хийж болно. Өнгийн бууз гэхээр хүнсний будаг гэх ойлголт иргэдэд байдаг. Тийм биш, нарийн ногоо буюу бууцай, жууцай, шар хулуу зэргийн шүүсийг шахаж бэлдээд, гурилдаа өнгө оруулан зуурах нь хамгийн эрүүл. Цаашлаад буузандаа дан мах, сонгино биш, бусад ногоо оролцуулан амталж болно. Жишээлбэл, дүпүтэй банш, байцаатай болон манжинтай бууз гэх мэтээр хольж хийх нь шингэцийн хувьд ч илүү сайн байх болно. Мөн баярын шиирээнд ч өнгө нэмнэ.

Буузны хачирт салатыг өргөн хэрэглэдэг. Салат нь өөрөө ямар шинж чанартай хүнс вэ, хүний биед хэрхэн нөлөөлөх вэ?

-Бид баяр хүндэтгэлийнхээ ширээнд төмсний салат, өндөгний салат, төрөл бүрийн махан салатыг түлхүү хэрэглэдэг. Тэр тусмаа төмсний салат хийхдээ анхнаасаа буруу хийх тохиолдол олон байдаг. Төмсийг хэрчиж бэлдээд, их хэмжээний усанд буцалгаж болгодог. Энэ нь усанд шимт бодисуудаа алдаж байна гэсэн үг. Тэгээд шимт бодисгүй болсон цардуулыг майонезтай хамт хэрэглэхээр ходоодонд маш удаан шингэж, өвчлөл үүсгэх эрсдэл бий болгодог. Мөн салатаа нэг дор их хэмжээгээр бэлдэж, урт хугацаагаар хэрэглэх нь аюултай. Тиймээс бэлдэж хадгалаад, дор бүр нь хутгаж хэрэглэвэл тохиромжтой.

Төрөл бүрийн нарийн ногоо, шинэ ногооны салатаар мөн ширээгээ чимэглэхийг санал болгомоор байна. Өнгө өнгийн нарийн ногоо нь өөртөө төрөл бүрийн амин дэм агуулж байдаг учраас таны баярын ширээнд заавал байх ёстой зууш юм. Бууз идэхийн өмнө нарийн ногооны салат идэх нь цадах мэдрэмж төрүүлж, хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж байдаг. Мөн нэмж хэлэхэд, махан хүнс хэрэглэж байх үедээ даршилсан ногоо хэрэглэх нь шингэцийг нэмэгдүүлдэг давуу талтай.

Баярын ширээнд мэдээж мах шүүс тавьдаг уламжлалтай. Харин ууцаа олон хоног ил байлгаж хэрэглэдэг нь эрүүл мэнд талаасаа хэр зохимжтой вэ?

-Ууцаа ихэнх айлууд тасалгааны хэмд 5-7 хоног байлгадаг. Түүнийгээ өдрийн цагаар бүтээх зүйлгүйгээр ил байлгаж, олон хүний гар дамжин, хэрчиж хэрэглэдэг. Тасалгааны хэмд байлгаад байна гэдэг нь тэнд нян, бактер үүсээд л байна гэсэн үг. Тиймээс айл өрхүүд маань аль болох хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах хэрэгтэй. Мөн түгээмэл ажиглагддаг нэг зүйл нь ууц, өвчүүний махаа шүүрхий болгодог айл бий. Дулааны боловсруулалт гүйцэд хийгдээгүй бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний шимэгч хорхой, нян зэрэг оршиж байдаг. Тэдгээр нь хүний биеийн онцлогоос хамаарч өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс гүйцэд боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүн орчинд хадгалж хэрэглэх нь илүү зохимжтой.

Чухал мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн хэсгийг таны мэдэлд үлдээе, нэмж зөвлөх зүйл бас үлдсэн байх?

-Баярлалаа, тэгэлгүй яах вэ. Айл гэрийн баярын ширээ, баярын хоол бэлдэх их ажлын ард махны мод, гамбанз зэрэг бий. Тэдгээр нь модон эдлэл учир бүтээгдэхүүний шүүсийг шингээж байдаг. Зочин ихээр ирсэн үед яаралтайгаар хоол хүнс бэлтгэх явцдаа мах хэрчсэн хэсэгтээ угсруулан ногоо хэрчих гэх мэт санамсаргүй үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Ингэснээр урвалын болон нэг нь нөгөөгөө муутгах нөхцөл үүсч болно. Зөвхөн мах, ногоо ч биш бусад зүйлс ч адилхан. Мөн хутга, заазуур гэх мэт хэрэгслийн ариун цэврийг сайтар сахих нь зүйтэй. Олон тооны, төрөл бүрийн хүн зочилж буй үед үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, орчны ариун цэврийг сайтар сахих ёстойг анхааруулмаар байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *