М.ЭНХБОЛД УЛААНБААТАР ХОТЫН ГАЗРЫГ “ИДЭЖ” ЭХЭЛСЭН НОЦТОЙ БАРИМТ

0

      ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БОЛОН БУСДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.


       -М.ЭНХБОЛДЫН ЭРДЭНЭ МЭТ ДҮҮ, ГАЗРЫН НАЙМААНЫХ НЬ ГАЛ ХАМ Б.НАРАНХҮҮ ХОТЫН ТӨВД 2500 АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ 175 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ-

      Дундговийн уугуул, домогт шарга азарганы эзэн, “Мон-Уран” ХХК-ийн захирал, М.Энхболдын газрын наймааны ганц хамтрагч, “гал хам”, “Анод” банкийг дампууруулагч, АТГ-т дотоодын банкны дансандаа долоон тэрбумын хадгаламжтай, бусдаас 30 тэрбумын авлагатай гэж айх ч үгүй мэдүүлж ирсэн толгой баян төрийн түшээ, “Дүнжингарав” худалдааны төвийн босс… Хэн гэдгийг нь хэлүүлэлтгүй таасан байх. Тийм ээ, тэр бол Б.Наранхүү.

      Б.Наранхүү “Мон-Уран” ХХК, “Дүнжингарав” ХХК-ийн эзэн гэдгээрээ эчнээ танигдсан. Энэ хоёр компанийн цаана түүнд дахиад 50 гаруй компани бий. Түүний “Мон-Уран” ХХК-ийг уул уурхайтай, ураны ордтой мундаг том компани мэтээр нийгмээрээ ойлгож ирсэн юм билээ. Гэтэл Б.Наранхүүгийн компаниудад “Дүнжингарав” захыг эс тооцвол барьсан барилга, ухсан уул уурхай, тарьсан тариалан, төрөөс авсан тендер, импортолсон бараа, ядаж л үйлдвэрлэсэн эсгий тавчик, тэр бүү хэл талх ч байхгүй. “Дүнжингарав” захынхаа түрээсээр томорсон байх гэж үү, үгүй. Хурдан моринд хайр, найргүй мөнгө цацдаг, нутгийнхаа наадмыг 30 ширхэг жийпээр байлдаг толгой баян гэж зард гарснаасаа хэзээ хойно 2013 онд “Дүнжингарав” захаа барьж түрээслэж эхэлсэн байдаг юм.

      Тэгвэл Б.Наранхүүгийн хагартлаа хөрөнгөжсөн ганц бизнес нь газрын наймаа гэхэд хилсдэхгүй байх. Харин түүнийг газрын наймаанд татан оруулж, түүгээр “ченж” хийлгэж ирсэн хүн бол М.Энхболд. Б.Наранхүүгийн намтрыг сөхвөл, 1990 онд МУИС-ийн оюутан болж, 1993 онд гуравдугаар курстээ сургуулиа хаяж, зургаан жилийн дараа буюу 1999 онд “Мон-уран” ХХК-аа байгуулж, 2000 оноос М.Энхболдын газрын наймааны ганц хамтрагч нь болсон байдаг. Түүний намтарт хаана байсан, юу хийж явсан нь тодорхойгүй зургаан жил байгааг анзаарсан байх. Харин энэ зургаан жилдээ Б.Наранхүү Хотын дарга Ж.Наранцацралт агсан, М.Энхболд хоёрын дэргэд байсныг баталдаг хүмүүс бий. Ж.Наранцацралт агсан, Б.Наранхүү хоёрын хувьд Дундговь нутгийн ах дүүс. Тиймдээ ч Ж.Наранцацралт агсан Хотын дарга байхдаа Б.Наранхүүг дэргэдээ авч, улмаар М.Энхболдыг 1999 онд Хотын дарга болмогц Б.Наранхүүг хувийн жолооч, хуурай дүү нь болгож дотносуулсан гэдэг. М.Энхболдыг Хотын дарга байхад Б.Наранхүү жолооч нь мушгиж явсныг өдгөө хоригдож буй Ц.Хулангаас эхлээд олон хүн баталдаг юм билээ.

      Ингэж М.Энхболдын эрдэнэт мэт дүү нь болсон Б.Наранхүү 2000 оноос газрын наймааны “ченж” болсон. Баримт сөхвөл, М.Энхболд гарын үсгээрээ Б.Наранхүүд газар олгож, харин Б.Наранхүү худалдан борлуулах, хуваарилж тараах байдлаар ажиллаж ирж л дээ. Гэхдээ М.Энхболд, Б.Наранхүү хоёр хотоос авсан газруудаа бүгдийг нь зарж үрээд дуусгачихаагүй бөгөөд өдгөө Б.Наранхүүгийн эзэмшиж буй газруудыг жагсаал тэр Улаанбаатар хотын хамгийн том газартай хүнээр тодорч байна. Ингээд Б.Наранхүүгийн эзэмшиж буй газруудын болон худалдан борлуулсан, хуваарилж тараасан газруудын баримтыг танилцуулъя.

Б.НАРАНХҮҮ М.ЭНХБОЛДООС 2000 ОНД АНХ 50 ГА ГАЗАР АВЧ “ГАЗРЫН НАЙМАА”-НЫ ГАРААГАА ЭХЭЛСЭН

    Тайлбар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн гүүрнээс “Дүнжингарав” худалдааны төв хүртэл 30 га газар

       Дээр дурдсанчлан Б.Наранхүү 1999 онд “Мон-Уран” ХХК-аа байгуулсан. Улмаар Хотын дарга М.Энхболд 2000 оны наймдугаар сарын 29-нд 282 дугаартай захирамжаар “Мон-Уран” ХХК-д БЗД-ийн 36-р хороо, “Нарантуул” захын баруун урд 30 га, СХД-ийн 20-р хороо, Толгойт өртөөний урд 18 га газар тус тус олгосөн. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 15-нд 445 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 2-р хороо, одоогийн Бөмбөгөр худалдааны төвийн 1.3 га газрыг олгосон. Дараа жил нь буюу 2001 оны гуравдугаар сарын 1-нд М.Энхболд дахиад 36 тоот захирамжаар “Мон-Уран” ХХК-д БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын ард 2.1 га газар олгосон байгаа юм.

       Ингээд Б.Наранхүү “Мон-Уран” ХХК-ийнхаа нэр дээрх нийт 50 га газартай болж, тэр даруйдаа дээрх газруудыг зарж үрэх, хуваарилж тараах ажилдаа орсон. Б.Наранхүү эхлээд БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын арын 2.1 га газрынхаа 1.0 га газрыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл групп” ХХК-д худалдсан. Улмаар Д.Өнөрболор энэ газар дээр “Рояал кастле” хотхон, “Сөүл” бизнес төвийг барьж, барилгын бизнесээ анх эхэлсэн түүхтэй. Харин үлдсэн 1.1 га газрынхаа 7100м2 газрыг “Оргил” рашаан сувиллын эзэн Д.Ганбатын “Эмдаблви холдинг” ХХК-д худалдсан. Энэ мөнгөөрөө “Анод” банкны өрөө төлсөн гэдэг. Харин 3000м2 газар нь одоог хүртэл Б.Наранхүүгийн хүргэн, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг дэмжих газрын дарга В.Үнэнбатын “Янус хяз” ХХК-ийн нэр дээр байдаг.

       Харин СХД-ийн 20-р хороо, Толгойт өртөөний урдах 18 га газраа Б.Наранхүү Г.Алтан агсны “Алтжин группын охин компани болох “Өлзийт ус” ХХК-д худалдсан. Чингэлтэй дүүргийн  2-р хорооны 1.3 га газар дээрээ мөн л Г.Алтантай хамтарч “Бөмбөгөр” худалдааны төвийг байгуулсан түүхтэй.

       Б.Наранхүү БЗД-ийн 36-р хороо, “Нарантуул” захын баруун урд хэсгийн 30 га газрынхаа ихэнхийг буюу одоогийн “Дүнжингарав” худалдааны төвөөс баруун тийш ЗЦГ-ын гүүрний урд уулзварын “Хоум плаза” хүртэлх газрыг “Их үйлсийн эрэлд” ХХК-д 9.0 га, “Дунд мандал” ХХК-д 2.6 га, “Ажигана хунчир” ХХК-д 3.0 га, “Сүрэг-Агт” ХХК-д 3.0 га, “Алтай констракшн” ХХК-д 3.9 га, “Шилмэл шилтгээн” ХХК-д 1.3 га гэх мэтээр тарааж худалдсан. Б.Наранхүүгээс газар авч хотхон, хороолол босгосон дээрх компанийн эзэд нь тун сонирхолтой хүмүүс бий. Тухайлбал, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг алдарт Ц.Сандуйгийн найз Ж.Бямбабаатар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Баянмонгол”, “Их монгол” хорооллуудыг барьсан. “Дунд мандал” ХХК, “Ажигана хунчир” ХХК-уудыг Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан, Д.Сүхбаатар жанжны зээ хүү Д.Сүх-Эрдэнийн хүргэн Б.Агар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Эмиралд резиденс”, “Кристал таун” хотхонуудыг барьсан. “Сүрэг-Агт” ХХК-ийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дЙээрээ “Сүмбэр орд” хотхоныг барьсан. “Алтай констракшн” ХХК-ийг М.Энхболд, Т.Бадамжунайн “цэрэг” гэдгээрээ танигдсан Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг, “Саруул” хорооллыг барьсан. “Шилмэл шилтгээн” ХХК-ийн 1.3 га газрыг “Инэл” ХХК авч, “Дүнжингарав” хотхоныг барьсан. “Инэл” ХХК-ийг Ц.Ганхүү эзэмшдэг бөгөөд М.Энхболдыг Хотын дарга байхад Хот тохижилтын Ерөнхий инженерээр ажиллаж байсан цэрэг нь. Энэ мэтээр Б.Наранхүү М.Энхболдоос авсан 30 га газраа баруун солгойгүй зарж үрж, тараасан байгаа юм.

М.ЭНХБОЛДООС АВСАН ГАЗРАА ЗАРЖ ҮРСЭН Б.НАРАНХҮҮ ДАХИАД Ц.БАТБАЯР, Т.БИЛЭГТЭЭС 155 ГА ГАЗАР АВСАН

    Тайлбар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, “Дүнжингарав” худалдааны төвөөс Амгалангийн гүүр хүртэл 155 га газар

Б.Наранхүү “Мон-уран” ХХК-ийнхаа нэр дээр авсан 50 га газрынхаа ихэнхийг зарж үрээд дууссан учраас 2005 онд “Инвэкс” ХХК-ийг байгуулсан. Ингээд “Инвэкс” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Ц.Батбаяраас 2006 оны гуравдугаар сарын 22-нд А/126 дугаартай захирамжаар 26 га, Хотын дарга Т.Билэгтээс 2008 оны зургадугаар сарын 25-нд А/312 дугаартай захирамжаар 123 га газар авсан. Мөн “Инвэкс” ХХК-ийнхаа доор “Инвэкскантийн” ХХК-ийг байгуулж Т.Билэгтээс 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд А/557 дугаартай захирамжаар 5.0 га газар нэмж авсан. Ингээд нийт Б.Наранхүү “Инвэкс” ХХК-ийнхаа нэр дээр нийт 155 га газартай болсон байгаа юм.

       Дараа нь Б.Наранхүү 2010 онд “Дүнжингарав” ХХК-ийг байгуулсан. Улмаар Хотын дарга Г.Мөнхбаяраар 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд А/825 дугаартай захирамж гаргуулж, “Инвэкс” ХХК-ийнхаа 155 га газрыг “Дүнжингарав” ХХК-даа шилжүүлсэн байдаг. Харин одоо Б.Наранхүү 155 га газраа  “Дүнжингарав” ХХК-ийнхаа 13 охин компаниар дамжуулан эзэмшиж байна. 0.07 га-гаар тооцвол 2225 айлын газар буюу “Дүнжингарав” захаас Амгалангийн гүүр хүртэлх 155 га газрыг бүхэлд нь Б.Наранхүү эхнэр, хүүхдийнхээ нэр дээр эзэмшдэг гэсэн үг. 

Аль компани нь хэчнээн га газар эзэмшиж байгаа жагсаалтыг танилцуулъя.

  • “Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600250 нэгж талбарын дугаартай, Э-2204013252 улсын бүртгэлийн дугаартай 520658м2 буюу 52.0 га газар
  • “Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600012 нэгж талбарын дугаартай, Э-2204013237 улсын бүртгэлийн дугаартай, 308946м2 буюу 30.8 га газар
  • “Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600269 нэгж талбарын дугаартай, Э-2204027292 улсын бүртгэлийн дугаартай 97055м2 буюу 9.7 га газар
  • “Шинэ зуун айл зах” ХХК-ийн нэр дээр 1331600218 нэгж талбарын дугаартай, Э-2204018520 улсын бүртгэлийн дугаартай 119904м2 буюу 11.9 га газар
  • “Инвекс спортс” ХХК-ийн нэр дээр 1331600204 нэгж талбарын дугаартай, Э-2204017424 улсын бүртгэлийн дугаартай 16144м2 буу 16.1 га газар
  • “Шандас рийл эстэйт девелопмент” ХХК-ийн нэр дээр 1331600267 нэгж талбарын дугаартай, Э-2204027288 улсын бүртгэлийн дугаартай 99998м2 буюу 9.9 га газар
  • “Шандас проперти лизинг” ХХК-ийн нэр дээр 1331600265 нэгж талбарын дугаартай, Э-2204027284 улсын бүртгэлийн дугаартай 99995м2 буюу 9.9 га газар
  • “Хүлэг проперти лизинг” ХХК-ийн нэр дээр 1331600268 нэгж талбарын дугаартай, Э-2204027290 улсын бүртгэлийн дугаартай 99998м2 буюу 9.9 га газар
  • “Эхлэл рийл эстэйт девелопмент” ХХК-ийн нэр дээр 1331600270 нэгж талбарын дугаартай, Э-2204027305 улсын бүртгэлийн дугаартай 28770м2 буюу 2.8 га газар
  • “Унаган буурь” ХХК-ийн нэр дээр 1331600266 нэгж талбарын дугаартай, Э-2204027286 улсын бүртгэлийн дугаартай 82201м2 буюу 8.2 га газар
  •  “Тэгш чухаг” ХХК-ийн нэр дээр 1331600041 нэгж талбарын дугаартай, Э-2204020977 улсын бүртгэлийн дугаартай 19984м2 буюу 1.9 га газар
  •  “Инвэкс мэншоп” ХХК-ийн нэр дээр 1331600173 нэгж талбарын дугаартай, Э2204017426 улсын бүртгэлийн дугаартай 4127м2 газар
  • “Шинэ зуун айл маркет” ХХК-ийн нэр дээр 1331600176 нэгж талбарын дугаартай, А-2204000110 улсын бүртгэлийн дугаартай 19984м2 буюу 1.9 га газар
  • “Синомон консалтинг корпораци” ХХК-ийн нэр дээр 1331600177 нэгж талбарын дугаартай, Э-2204018519 улсын бүртгэлийн дугаартай 9992м2 газар
  • “Зуун айл констракшн” ХХК-ийн нэр дээр 1331600162 нэгж талбарын дугаартай, Э-2204017417 улсын бүртгэлийн дугаартай 9992м2 газар тус тус эзэмшиж байна.

Б.Наранхүүгийн эзэмшдэг газар зөвхөн дээрх 155 га газраар дуусахгүй. Цааш хөөвөл, Хүүхдийн паркийн хашаанд 1.0 га, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 10 га, Өвөр гүнтийн зусланд 11 га гэх мэтээр үргэлжилнэ.

Б.НАРАНХҮҮ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ХУРАНДАА, ГЕНАРАЛУУДТАЙ ҮГСЭЖ, АЛДАРТ “СУРУГА МОНГОЛ”-ЫН 10 ГА ГАЗАРТ ЭЗЭН СУУСАН

    Тайлбар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, “Хүннү-2222” хорооллын зүүн талд 10 га газар

        Дээр дурдсан Б.Наранхүүгийн 155 га газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байдаг. Тэгвэл Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнийн нэр дээрх “Нью даун таун” ХХК-ийн эзэмшилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд буюу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү-2222” хотхонтай хаяа залгаа 1780600685 нэгж талбарын дугаартай 100,022м2 буюу 10 га газар бий. Энэ газрыг Б.Наранхүү өөрийн болгосон түүх нь маш ноцтой. Өөрөөр бол, Б.Наранхүү хууль хяналтын хурандаа, генералуудтай үгсэн хуйвалдаж, “Суруга Монгол”-ын эзэн, Японы иргэн Цүнэяки Хара гэгчид хар тамхины зохиомол хэрэг тохох замаар тус компанийн эзэмшлийн 10 га газрыг өөрийн болгосон байж болзошгүй нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй.

        Энэ хэрэг яаж эхэлсэн гэхээр, 2000 онд “Суруга Монгол” ХХК-ийг байгуулж, Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 60 гаруй га газрыг авч, тансаг зэрэглэлийн “Жапан таун” хотхоноор барилгын бизнес эхлүүлсэн Япон улсын иргэн Цүнэяки Хара 2012 онд хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Цүнэяки Хара гэгчийн түр байрлаж байсан зочид буудлын ажилтан нь хар тамхитай тэмцэх газарт дуудлага өгч, тэр дагуу нь тусгай тасгийнхан өрөөг нь нэгжих явцдаа гудсан доороос нь хар тамхи олсон тул ийн баривчилсан гэдэг. Гэхдээ Цүнэяки Хара хар тамхи хэрэглэх нь байтугай харж ч байгаагүй гэдгээ хэдэн мянга тайлбарлаж, цуснаас нь ч хар тамхи илрээгүй тул дөрвөн сар гаруй хоригдсоны эцэст суллагдсан. Зохиомол хэргийн золиос болж торны цаана дөрвөн сар суусан Цүнэяки Хара тэр даруйдаа бүх бизнесээ хаяаад нутаг буцсан. Ингээд түүнийг явснаас хойш “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн 60 га газар нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп, Ш.Баярсайханы “Номин” холдинг, Зам тээврийн сайд, “Буурал” А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдын “Монгол корпорэйшн” ХХК, Б.Наранхүүгийн “Нью даун таун” ХХК-уудад тус тус шилжсэн. Хамгийн ноцтой нь, Б.Наранхүү “Нью даун таун” ХХК-ийг анх ЦЕГ-ын дарга асан,  хошууч генерал М.Ганболд, ЦЕГ-ын Тусгай тасгийн дарга асан, Хууль зүйн дэд сайд асан, хошууч генерал Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын төрсөн эгчийн хүү Д.Энэрэл, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан болон өөрийн төрсөн эгч Б.Одончимэг нартай хамтран байгуулсан байдаг. Өөрөөр бол, Б.Наранхүү хошууч генерал М.Ганболд, Ц.Уугангэрэл, Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нартай үгсэн хуйвалдаж, “Суруга Монгол”-ын эзэн Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, улмаар бизнесээ хаяаад зугтмагц нь газрыг нь өөрсдийн болгосон байж болзошгүй байдаг.

ХОТ Ч, ХУУЛЬ Ч ДИЙЛДЭГГҮЙ ХАР ДҮНЗЭН БАЙШИН БУЮУ Б.НАРАНХҮҮГИЙН ХҮҮХДИЙН ПАРКИЙН ХАШААН ДОТОРХ 10 ГА ГАЗАР

    Тайлбар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн паркийн хашаан дотор 1.0 га газар

         Хотдоо ганцхан байдаг Хүүхдийн паркийн газар олон эзэнтэй. Хүүхдийн парк одоо 31 га газартай бөгөөд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК эзэмшдэг. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувь нь Хотын захиргааны, 74 хувь нь “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд байдаг. 2007 онд Ц.Батбаяр Хотын дарга байхдаа Хүүхдийн паркийн зүүн хойд булангаас 3.3 га газрыг тасалж “М си эс” ХХК-д олгосон, улмаар “Шангилла” зочид буудал баригдсан. Харин баруун талаас нь 1.0 га газрыг Г.Мөнхбаяр тасалж аваад Б.Наранхүүд өгсөн.

Гэхдээ энэ 1.0 га газрыг Б.Наранхүүд албан ёсоор өгсөн хүн нь Г.Мөнхбаяр болохоос биш албан бусаар “бэлэглэсэн” хүн нь М.Энхболд  ажээ. Б.Наранхүү М.Энхболдыг Хотын дарга байх үед Хүүхдийн паркийн газраас 1.0 га газрыг хашаалж аваад, хар дүнзэн байшин бариад шууд л эзэн суучихсан. Хотын даргаас, газрын албанаас ямар ч газрын зөвшөөрөл, гэрчилгээ гаргуулахгүйгээр шууд л авчихдаг гэдэг. Тэр бүү хэл Б.Наранхүү “Анод” банкаас 20 шахам тэрбум төгрөгийн зээл авч дампууруулахдаа Хүүхдийн паркийн хашаан дотор 1.0 га газраа барьцаалж байсан баримт сэлтүүд ч байдаг. Ингэж явсаар Б.Наранхүү Хотын дарга Г.Мөнхбаяраар 2011 оны гуравдугаар сарын 1-нд А/198 дугаартай захирамжаар гаргуулж, Хүүхдийн паркийн хашаан доторх  СБД-ийн 1-р хороо, Хүүхдийн паркийн хашаан доторх 10992м2 буюу 1.0 га газраа “Мон-Уран” ХХК-ийн нэр дээр албажуулж авсан байдаг ажээ.

ӨВӨР ГҮНТИЙН АМЫГ МОДТОЙ, УСТАЙ НЬ ХАШСАН Б.НАРАНХҮҮГИЙН 11.6 ГА ЭДЛЭН

    Тайлбар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Өвөр гүнтийн аманд 11 га газар

         Б.Наранхүү хотын төвийн “А” зэрэглэлийн өнгөтэй, өөдтэй, үнэ хүрэх газар бүрд эзэн суусан ч сэтгэл ханасангүй. Өвөр гүнтийг амыг горхитой, ойтой нь өөрийн болгож, хувийн харшаа барихыг хүсжээ. Ингээд өөрийн хүү Н.Эрдэнийн “Шарихэрд” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Г.Мөнхбаяраас 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Өвөр гүнтийн аманд 550,000м2 буюу 55 га газар авчээ. Улмаар Б.Наранхүү 55 га газрынхаа зах зухаас зарж үрээд өдгөө “Шарихэрд” ХХК-ийнх нь эзэмшилд 11.6 га газар нь байдаг аж. Ар, Өвөр гүнтийн зусланд жирийн иргэдэд ганц дүнзэн байших барих байтугай таван ханатай гэр хатгах алга дарам газар ч олдоггүй. Гэтэл Б.Наранхүү бүхэл бүтэн 11 га-г буюу Өвөр гүнтийн амыг бүхэлд нь хашчихаад эдлэн болгоод эзэмшиж буй ажээ. Өдгөө энэ газар дээр Б.Наранхүүгийн хувийн хаус, хамаатан садан, хамсаатнууддаа өвөл зундаа түрээслэдэг зуны байшингууд, таван ханатай гэрүүд, ресторан зэрэг бий. Тэр байтугай “Дүнжингарав секьюрити” ХХК гэх харуул хамгаалалтын хамгаалалтын компаниараа Өвөр гүнтийн эдлэнгээ өдөр шөнөгүй мануулдаг ажээ. 2021 онд “Дүнжингарав секьюрити” ХХК-ийн хамгаалалтын ажилтан нь Өвөр гүнтийн эдлэнгээс нь дөрвөн ширхэг зулзаган гацуур хулгайд алдсан шалтгаанаар ажлаасаа халагдаж, үндэслэлгүйгээр халагдсан гэж Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэтэй шүүхээр заргалдсан захирамж ч байдаг аж. 

Үргэлжлэл бий

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *