Монголын АРДЧИЛАЛ аюулд орсныг олон улсын байгууллага анхаарууллаа
“Транспаренси Интернэйшнл” байгууллагаас дэлхий нийтийн авлигын төсөөллийн индексийг өчигдөр танилцуулав. Авлигын индексээр Монгол Улс 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт жагсаж байсан бол 2023 онд 33 оноо хэвээр хадгалагдан, эрэмбийн хувьд 180 улсаас 121-д жагсаж, 5 байраар ухарсан байна. Мэргэжилтнүүд тоон үзүүлэлтэд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Учир нь оноо буураагүй, эрэмбэ ухарсан нь бусад улс орнуудын онооны хэлбэлзлээс хамааралтай.
Таван байраар ухарсан тоог анзаарахгүй, нүдээ аниад өнгөрч болох ч үр дагавар нь тун таагүй аж. Дэлхийн ардчилсан бус орнуудын авлигын дундаж оноо 33 байна. Гэтэл ардчиллын баянбүрд гэж нэрлэгддэг Монгол Улсын авлигын дундаж индекс 33 оноотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ардчилал нэр төдий болж, аюулд оржээ гэсэн үг. Манай улс ардчилсан нэртэй ч хаалттай улсуудын түвшинд байгаа нь зайлшгүй анхаарах гол асуудал.
Монголын ардчилалд юу заналхийлж, уналтад хүргэв? Транспаренси Интернэйшнл байгууллагын дүгнэлтэд:
- Монголын парламент судалгаагүй, иргэдийн оролцоогүй хууль баталж, хуулийн засаглалыг унагааж байна.
- Монгол Улс иргэдийнхээ мэдэх эрхийг хангахгүй байна. Энэ байдал ковидоос хойш улам даамжирч, хаалттай болсон.
- Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахгүй байна. Товчхондоо иргэнээ сонсдоггүй төртэй болсон гэсэн үг.
- Төрийн албанд хүний эрхийг мэдрэмж дутагдаж байна.
- Шүгэл үлээгчид, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалахын оронд шоронд хийж, амыг нь таглаж байгааг тов тодорхой хэлээд өглөө.
Тэгвэл ардчиллын үнэт зүйл гэж юу вэ
- Хүний эрх, эрх чөлөө
- Иргэдийн улс төрийн оролцоо
- Тэгш эрх
- Ил тод байдал
- Хуулийн засаглал
- Эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, хяналт тавих гэх мэт.
Гэтэл өнөөдөр Монгол Улс ардчиллын үнэт зүйлсийг нухчин дарчихаад авлигатай тэмцэх тухай ярьж байна. Авлигын элдэв хөтөлбөр баталж, янз бүрийн ажиллагаа явуулаад нэг ч оноо нэмэгдсэнгүй, ганц ч байраар урагшилсангүй.
Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, иргэдийн мэдэх эрхийг халхавчлан, олон нийтийн оролцоог хангаагүй цагт авлигатай хийх тэмцэл алхам ч урагшилдаггүйг монголчууд харж, олон улсын байгууллага хэлээд өглөө. Одоо яах вэ, ардчиллаа хөсөрдүүлсэн хэвээр байсаар байх уу?!