Х.Алтай: Бүсчилсэн хөгжлийн талаар санал бодлоо хуваалцах нь
1. Дэлхийн олон орон газар нутгийнхаа онцлог, эдийн засгийн хөгжлийн түвшин, хүн амын нягтрал суурьшил зэргийг харгалзан өөрийн орныг бүсчилж хөгжүүлэх чиглэлийг баримталдаг.
Оросын Холбооны Улс нутаг дэвсгэрийн хэмжээ, газарзүйн байрлал, эдийн засгийн чадавх, хүн амын суурьшлын нягтрал зэргийг харгалзан өөрийн субъектүүдээ (85 муж, хязгаар, БНУ-даас бүрдэж байснаа 2022 оноос 89 болсон) 8 холбооны тойрогт хуваарилсан байдаг. Онцлог нь гэвэл Үндсэн хуульд нь ийм тойргийн тухай заалт байдаггүй учраас түүнийг албан ёсны засаг захиргааны нэгж гэж тооцдоггүй. Тойргийн үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн томилсон бүрэн эрхт төлөөлөгч зохицуулж, түүнд багтдаг субъектүүдийн харилцан уялдааг хангадаг. Манай улс Сибирийн болон Алс Дорнодын холбооны тойрогтой хиллэдэг.
ОХУ-ын холбооны тойргууд
Өмнөд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувьд гэвэл өөрийн хөгжлийн стратегийг “дөрөв, гурав, хоёр, нэг” гэж томьёолдог бөгөөд үүнийг нь “дөрвөн том бүс + хотын гурван кластер + эдийн засгийн хоёр бүс + Нэг бүс-нэг зам”* гэж задлан тодорхойлдог байна. Манайх эдний Баруун, Зүүн хойд гэсэн хоёр том бүстэй хиллэдэг.
БНХАУ-ын эдийн засгийн бүсүүд
2. Монгол Улсын хувьд гэвэл уудам газар нутагтай хэдий ч хүн ам цөөнтэй хэрнээ тал илүү хувь нь нийслэлдээ амьдардаг. Хөдөө нутаг бараг эзгүйрэх хандлагатай болж байна. Засаг захиргааны хамгийн том нэгж болох аймгууд нь хүн ам, эдийн засгийн чадамжийн хувьд жижиг учраас улсын төвлөрсөн төсвөөс хөрөнгө мөнгө хуваарилсан ч ашиг муутай, үр дүн багатай байдаг. Хэрэв хэдэн бүстэй болоод бүсийн төвүүд нь зуун мянгаас доошгүй (өнөөдрийн Дархан, Эрдэнэт шиг) оршин суугчтай байх юм бол тухайн бүс нутгийнханд үйлчилдэг чанартай томоохон эмнэлэг, сургууль, соёлын байгууллагууд, боловсруулах үйлдвэрүүд, үйлчилгээний болон бусад аж ахуй нэгжүүд байгуулагдах болно. Ингэснээр хөдөөгөөс төв рүү тэмүүлэх урсгал саарч, орон нутгийн хүн ам нэмэгдэнэ. Нийслэлийн ачаалал ч буурч түгжрэл, утааны асуудал шийдэгдэхэд том дэм болно.
Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэхийн чухлыг эрдэмтэн, мэргэжилтнүүд нэлээд эртнээс ярьж ирсэн байдаг. Төр засгийн зүгээс ч бас анхаарал тавьж тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Тухайлбал, 2001 онд Улсын Их Хурал “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Их Хурлаар 2001 онд баталсан
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
Харамсалтай нь эдгээр санал, шийдвэрүүдийг ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрсэн байна. Харин энэ удаад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор батлах юм бол ажил хэрэг болох магадлал өндөр гэж бодож байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн томсгосон тойргуудыг хөгжлийн бүсүүд болгох боломжтой юм. Энэ нь тойргуудаас сонгогдсон гишүүдийн зүгээс дэмжлэг авснаар Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг бүрнээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдрийн сонгуулийн томсгосон тойргуудыг батлахдаа нэлээд олон талаас нь бодсон байх гэж таамаглаж байна.
3. Монгол орныг бүсчлэн хөгжүүлэхийн чухлыг УИХ-ын сонгуулийн VI тойрогтой давхцах Зүүн бүс дээр жишээ болон авч үзье.
Манай орныг бүсүүдэд хуваасан дээр дурдсан бараг бүх хувилбарт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг зүүн бүс гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуучны Сэцэн хан аймгийг нэг бүс байхаар тооцожээ ч гэж хэлж болох.
Бүс нутгийн хөгжлийн стратегийг тодорхойлохдоо түүний онцлогийг юуны түрүүнд харгалзан үзэх ёстой байдаг. Зүүн бүсийг бусадтай нь харьцуулахад дараах онцлог бөгөөд давуу тал ажиглагддаг:
– хоёр хөрштэйгөө хиллэдэг. (тэр дотроо БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болсон Ляонин, Хэбэй мужууд болон байгалийн асар их баялагтай, дэд бүтэц нь харьцангуй сайн хөгжсөн ОХУ-ын Сибирь, Алс дорнодтой ойр);
– Орос, Хятадын Номхон далайн боомтуудад хамгийн ойр;
– тал хээр нутаг давамгайлсан (өндөр уул даваа, гол мөрөн багатай учраас төмөр болон авто зам барих, эрчим хүчний шугам татахад харьцангуй хямд болох ба хурдан барих боломжтой);
– бэлчээр болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тохиромжтой (харамсалтай нь сүүлийн үед бэлчээрийн даац хэтрэх явдал ажиглагдаж байгаа);
– Хэнтий, Дорнодын зарим хэсэг (жишээ нь, Хурхын хөндий, Халх голын орчимд) газар тариалан эрхлэх боломжтой;
– жонш, цайр, газрын тос, нүүрс, уран зэрэг ашигт малтмал олборлодог бөгөөд хэрэв геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлбэл илүү нөөц, баялаг илрэх магадлалтай гэж үздэг;
– аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ихтэй (Хэнтийд Эзэн Чингис хааны түүхтэй холбоотой, Дорнодод Буйр нуур, Мэнэнгийн тал, Халх, Нөмрөгийн гол, Халх голын дурсгалт цогцолбор, Сүхбаатарт Алтан Овоо, Шилийн Богд г.м.).
Цаашилбал Чойбалсанд дулааны цахилгаан станцтай, хэдий мухар ч гэсэн төмөр замтай (226 километр).
Дэд бүтцийн томоохон төслүүд ихэнхдээ хэд хэд аймгийн нутгийг хамаардаг. Жишээлэхэд, удахгүй хэрэгжиж эхлэнэ гэсэн хүлээлттэй байгаа Орос-Монгол-Хятадыг холбосон зүүн коридорын төмөр зам Дорнод аймгийн төдийгүй Сүхбаатар аймгийн нутаг дээгүүр өнгөрнө. “Зам дагаад хөгжил” гэдэг. Уг төмөр замыг дагаад ойр орчмын сум, нутаг хөгжинө. Хүмүүс ажилтай болно, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй болж орлого нэмэгдэнэ. Цаашлаад Европ, ОХУ-ын БНХАУ-тай хийх худалдаа эрчимжиж буй энэ үед энэ шинэ гарц нэмэгдэснээр Монголын зүүн бүс энэхүү худалдааны эргэлтээс өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Дашрамд дурдахад ОХУ – БНХАУ-ын худалдаа сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж жилд 200 тэрбум долларт хүрсэн, цаашдаа ч өсөх хандлагатай байгаа. Мөн манай түүхий эд, бүтээгдэхүүн зорилтот зах зээлдээ хүрэх шинэ гарц нээгдэх юм.
4. Бүс нутгийг хөгжүүлэхэд хамгийн гол нь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал байдаг. Төмөр зам барих, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагддаг учраас дотоодын эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тул гадны хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай болно. Гадны хөрөнгө оруулалтыг татах нь тогтвортой зах зээлийг бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгодог. Жишээлэхэд хөрөнгө оруулагчид төмөр зам тавихад хөрөнгөө орууллаа гэж бодоход түүнийг байнгын өндөр ачаалалтай, тэр хирээр ашигтай байлгахыг эрмэлзэнэ, цахилгаан станц барихад хамтарвал дэвшилтэд технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирнэ г.м.
Зүүн бүс Орос, Хятадтай интеграцид орох боломж бий
Миний бие Монголын Хөрөнгийн биржид нэлээд хэдэн жил ажилласны хувьд хэдэн зүйлийг нэмж дурдах нь зүйтэй гэж бодож байна. Өнгөрсөн оноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржээр худалдаалах болсон. Энэ нь Монгол Улсын ДНБ-ийг бүрдүүлэх хамгийн том салбар болох уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн томоохон ажил юм. Үүнтэй ижил зарчмаар мах, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг биржээр арилжаалдаг болгосноор ил тод, малчдын хотноос хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг дундын зуучлалын хөлс бага шингэсэн үнээр хүргэх нь таваарын зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлж, малчдын амьдарлыг дээшлүүлэх чухал алхам болно гэж үзэж байна. Зөвхөн мах, малын гаралтай бүтээгдэхүүн гэлтгүй өвс, тэжээлийг ч мөн ил тод нээлттэйгээр бирж дээр худалдаад эхэлбэл худалдагч, худалдан авагчид хэн хэнд нь ашигтай баймаар. Малчид, тариаланчид одоо цагт бараг бүгд гар утсаараа төлбөр тооцоо хийдэг болсон тул биржийн арилжаанд оролцож бүтээгдэхүүнээ мэргэжлийн байгууллагаар дамжуулан илүү үнэтэйгээр найдвартай арга хэлбэрээр гадаад, дотоодын худалдан авагчдад худалдах боломж бий гэж бодож байна. Түүнчлэн, зөвхөн таваар гэлтгүй үнэт цаасны зах зээлд идэвхтэй оролцож, хувьцаа эзэмшигч-хөрөнгө оруулагч болооч гэж уриалмаар байна. Манай дотоодын үнэт цаасны зах зээлд бүхий л салбарын компаниуд, тэр дундаа Монголын хамгийн том компаниуд болох банкуудын хувьцаа арилжигдаж байна. Гар утсаараа ямар ч мэдээлэл авах боломжтой болсон энэ цаг үед Монгол орон даяар тархан суугаа ард иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийж хуримтлал бий болгох, түүнийгээ өсгөх боломжтойг онцолмоор байна. Магадгүй малчдад зориулсан энэ талын сурталчилгаа, сургалт дутагдалтай байгаа учраас тэр бүр оролцохгүй байгаа байх. Үүнийг анхаарах ёстой.
5. Дараагийн анхаарвал зохих асуудал бол бүсийн удирдлага, зохицуулалт. УИХ-ын 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор буюу бүсчлэн зохион байгуулах гэж байгаа нь Монгол орныг бүсчлэн хөгжүүлэх улс төрийн суурь тавигдсан гэж харж байна. Улс төрийн хувьд нэгэнт ингэж бүсчилж байгаа бол түүнийг эдийн засгийн агуулгатай болгох шаардлага аяндаа гарна. Жишээ нь, томсгосон тойрог буюу бүсээс сонгогдсон гишүүн улсын төсөв ярихдаа бүсийн хэмжээний асуудлыг хөндөх болно. Иймээс бүсийн хэмжээний уялдаа, зохицуулалтыг хийдэг ямар нэгэн механизм хэрэгтэй байх. Эхний удаад уг бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, түүнд багтдаг аймгуудын удирдлага, бизнес-олон нийтийн төлөөлөл оролцсон зөвлөл байж болох юм. Нөгөө талаар тус бүсийг хариуцах бүрэн эрхт төлөөлөгчийг (магадгүй ажлын албатай ч байж болох) Засгийн газар томилох шаардлагатай байх.
Хэрэв энэхүү бүсчлэл үр ашигтай гэдгээ харуулах юм бол цаашдаа бүсийг албан ёсны засаг захиргааны нэгж болгох шаарлага үүсэхгийг үгүйсгэхгүй. Харин үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.