Сонсголоор дамжуулж, газрын наймаачдыг зарлана
Эрх баригчид сонсголоор дамжуулж газрын панз үсэргэсэн хүний, өөрийн намынхныг Төрийн ордонд дуудан, УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байна.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас эрдэнэт таван хүний амь хохирч, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан.
Энэхүү томоохон осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн ч Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.
Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай. Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй байгаа ч хоёрдугаар сарын 5-нд ээлжит бус УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж мэдэхээр буй.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт, Баялгийн сангийн тухай хуулийн төсөл байх бол хоёр дахь нь дээр дурдсан газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх Түр хороо байгуулах шийдвэр болж мэдэхээр байна.
Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ гэдэг асуудал хөндөгддөг.
Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.
- Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
- Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.
Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.
Улаанбаатар хотод өнгөрсөн жил хоёр өдөр үргэлжлэн бороо ороход нийслэл урсах дөхсөн. Учир нь, эрх бүхий байгууллагуудаас Сэлбэ, Дунд гол дагуулан барилга барих зөвшөөрөл олгосон байсан нь зарим барилгын компаниудын хувьд дур мэдэн голын гольдролыг өөрчлөх, гол руу шахаж барилгаа барьсан зэргээс үүдэлтэйгээр 200 гаруй барилга байгууламж усанд автаж, олон арван аж ахуй нэгж эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн үедээ хохирлыг тогтоох асуудал хөндөгдсөн ч олонхи нь даатгал хийлгээгүйгээс болж, хохирол барагдуулах боломжгүйд хүрч байв. Уг нь Улсын ерөнхий прокурорын газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан тухай сүржин мэдээлэл тухайн үед гаргаж байсан ч өнөөдөр эл хэрэг шалгагдаж байгаа эсэх нь ч тодорхойгүй болж, өвөл болсноор бүр үерээ ч мартаад байна.
Иймээс хууль зөрчин олгогдсон газрын зөвшөөрлөөс болж, ямар их хор уршиг дагуулж байна вэ гэдэг асуудлыг хөндөхөд энэхүү нээлттэй сонсгол чухал.
Гэвч Улаанбаатар хотыг төлөвлөлтгүй цементен ширэнгэ болгосон буруутнууд энэхүү нээлттэй сонсголоор ил болох эсэх нь эргэлзээ дагуулж байна.