УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял оноож, ₮1.8 тэрбумыг хураан улсын орлого болгох шийдвэр гарлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.
Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 дахь зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 2.2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.
Ингэснээр Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдууллаа. Мөн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тооцсугай хэмээн хуралдаан даргалагч шүүгч Б.Халиун танилцуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 11.4 сая төгрөгийг Т.Аюурсайханаас гаргуулах бөгөөд түүнээс 1.8 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх юм байна.