УРИАЛГА: Хувьцааны ашиг дагаж бараа бүтээгдэхүүнийхээ үнээ нэмэхгүй байя
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдэл хийсэн. Тэр нь Эрдэнэс тавантолгой ХК-н 1072 хувьцаатай иргэн бүрд ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг сар шинийн өмнө буюу тухайн цаг мөчөөс эхлэн иргэдийн дансанд хийх байв. Нэг талаараа энэ нь иргэд улсын баялгаас тодорхой хэмжээнд хүртэж буй хэлбэр. Гэвч энэ нь эргээд иргэд олон нийтийн нуруунд дарамт болох нь харамсалтай.
Сар шинийн баяр хаяанд ирсэн тул бууз, ууц, тавгийн идээхэндээ энэхүү мөнгийг нэмэрлэх нь гэж уулга алдаж буй хэсэг байхад “шүлс” өгч байна хэмээн шүүмжилж ч буй хэсэг бий. Тэгвэл тэдний аль алиных нь зөв. Нэмэрлэх гэж байтал өдгөө “шүлс” болоод дуусах нь.
Манай улсын тухайд амьдралын олон төрлийн хэв маяг, хэвшил, онцлогтой. Тэдгээрийн дунд “Би л болж байвал” гэх хандлага хамгийн хортой. Тухайлбал, олон улсад баярын өдрүүдэд “зад” хямдрал хэмээн зарлах нь байдаг ч манай улсад зад өсөлт болж хувирдаг. Үүнийгээ чөлөөт зах зээл, өөрийнхөө зүйлийг хэдээр ч борлуулж болно гэж зөвтгөнө. Товчхондоо, “Хэд ч байсан хамаагүй баяр болж байгаа юм чинь авах нь тодорхой” гээд нэмчихдэг гэсэн үг. Одоогийн байдлаар ул боов 4900-9000 төгрөгийн хороонд байгаа. Тэгэхээр 1072 хувьцааны ашиг болох 104 мянган төгрөг 10 ширхэг ул боовны л мөнгө болно гэсэн үг юм.
Энэ бол зөвхөн баяр дагасан өсөлт. Харин тодорхой шалтгаан уялдаагүйгээр түлшний үнэ нэмэгдэх, иргэдэд бэлэн мөнгө тараах, хүүхдийн мөнгө, цалин буухтай зэрэгцэн нэмэх өөр олон өсөлт байгаа. Хамгийн гол нь тухайн цаг үед өсчхөөд тухайн цаг үеийн дараа буурахгүй, өсгөсөн үнэтэйгээ үлддэг нь л тэдэнд ашиг, иргэдэд дарамт болдог.
Хамгийн тод жишээг дурдвал, 2012 оны зургадугаар сарын 27-ны өдөр атар талх 630 төгрөг, АИ-92 автобензин литр тутамдаа 1485 төгрөг байжээ. Энэ үеээс хойш талхны үнэ 14 удаа нэмэгдсэн байна. Харин бензин литр тутамдаа 19 удаа өсөж, 11 удаа өсгөсөн үнээсээ буулгасан байна. Бензин, бусад үйлчилгээний үнэ буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй гэдгийг илрэл нь энэ юм.
Иймээс бизнес эрхлэгчид, худалдаачид, аливаа үйлчилгээ эрхэлж буй та бүхнийг баяр наадам, хувьцааны ашиг харж бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ нэмэхгүй байхыг уриалж байна.
Дашрамд дурдахад, Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тоох заалттай. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,
- Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.