Улсын дээд шүүхээс “Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа

0

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан “Улс төрийн намын бүртгэл” уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын төлөөлөл, мөн улс төрийн намын эрх бүхий төлөөлөгчид  оролцов.

 Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог”, Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын төслийн танилцуулга” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Тодруулбал, оролцогчид намын бүртгэлийн талаар илүү дэлгэрэнгүй буюу Улсын дээд шүүхэд хамаарах бүртгэл, СЕХ-нд хамаарах бүртгэл, УБЕГ-т хамаарах бүртгэл хийгээд улс төрийн намуудад хамаарах ямар шинэ зохицуулалт хийгдсэн талаар тогтож ярилцлаа. Түүнчлэн улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын төслийн танилцуулгыг талуудад хүргэж, санал хүсэлтийг авах чиглэлд Дээд шүүхээс анхаарч ажиллаж буйгаа онцолсон юм.

Байр сууриа илэрхийлсэн оролцогчид болон тайлбар мэдээлэл өгсөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн ярианаас тоймлон хүргэж байна.

 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа:

-Монгол Улсын дээд шүүх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л хамгийн гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн агуулгатай зүйл. Тийм учраас Улсын дээд шүүх ямар нэг байдлаар хуулиар заагаагүй асуудлаар эсвэл журмаараа намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол байхгүй. Харин Улс төрийн намын тухай шинэ хуультай холбоотой хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг буй болгох хэрэгтэй гэж бодож байна. Хуулийг Дээд шүүх нэг янзаар, УБЕГ  нэг янзаар, СЕХ өөр янзаар ойлгодог байж ерөөсөө болохгүй. Энэ ойлголтын зөрүүнд чирэгдэх хүмүүс бол энэхүү улс төрийн намын гишүүд, байгууллага болох гээд байна. Тиймээс л ойлголтоо нэгтгээд, дагаж мөрдөх журмаа  тодорхой болгоод авбал хаана, хаанаа  цаг заваа хэмнэх ач холбогдолтой учир уг уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

 СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд танилцуулга бэлтгэн хүргэж буй Дээд шүүхийн шүүгчиддээ баярлалаа. Энэ хуулийн функцыг ийнхүү нарийн тайлбарлаж өгснөөр бид нэгдсэн ойлголттой, улмаар хууль хэрэгжүүлэх аргачлал маань тодорхой, тогтсон форматуудтай болох гээд олон талын ач холбогдолтой юм. Ер нь улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, хариуцлага гэдэг чухал ойлголт. Улс төрийн намууд маань төлөвшиж хөгжөөд Засгийн эрхийн төлөө өрсөлдөөд, Засгийн эрхийг аваад бодлого хөтөлбөрөө хууль тогтоомж болгоод, түүнийг нь төрийн институт хэрэгжүүлэх ийм л логик байгаа юм


Хуулийн этгээдийн Улсын  бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш:

-Улс төрийн намын нэрийн баталгаажуулалтын хуудас олгох, хяналтын дугаар олгох чиг үүрэг  1 дүгээр сарын 1-нээс эхлээд Улсын дээд шүүх рүү шилжсэн байгаа.Өмнө нь Улс төрийн намын бүртгэл Дээд шүүх дээр хийгдээд нэр болон тамганы бүртгэл УБЕГ-т хийгдэж байсан хоёрдмол асуудлыг шинээр батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар нэг байгууллагад төвлөрүүлснээрээ ач  холбогдолтой болсон гэж үзэж байна.

Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сандуйжав:

-Өнөөдрийн хэлэлцүүлэг утга агуулгынхаа хувьд УИХ хуулиа баталдаг, хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг  Улсын дээд шүүх хийдэг тэр журмынхаа дагуу зохион байгуулагдаж байна гэж ойлгогдож байна. Улс төрийн намуудын харьцдаг үндсэн гурван байгууллага болох Улсын дээд шүүх, УБЕГ, СЕХ-ныхон энд бүгд хүрэлцэн ирсэн байна. Нэг асуулт байна. Өдгөө хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа 37 намын бүртгэлжүүлэлтийн асуудал Улсын дээд шүүхэд шилжлээ гэж байна. Тэгвэл одоо байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээ дахиж шинэчлэх шаардлагатай юу

Түүний асуултад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Мөнхтуяа “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хууль 7 дугаар сарын 7-ны өдөр хамт батлагдсан. Энэ хуулийн нэгдүгээр зүйлд “Улс төрийн намын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намыг дахин бүртгэхгүй” гэж заасан байгаа. Тэгэхээр намууд дахиж бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагагүй. Харин 7 дугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор намын дүрмээ энэ хуульд нийцүүлээд шинэчлээд бүртгүүлэх ёстой” хэмээн хариулсан юм.

Энэ мэтчилэн уулзалтад оролцогч талууд санал хүсэлтээ хэлж, харилцан ойлголцож, цаашид өөрсдийн хүлээх үүрэг хариуцлагынхаа хүрээнд хэрхэн хамтарч ажиллах тухайгаа хэлэлцсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *