Насанд хүрээгүй охидод “Хүүгүй мөнгө зээлнэ“ гэж хуурч барьцаа болгон авсан нүцгэн зураг бичлэгээрээ хохирогчоос ёс бус бичлэг шаардаж, хаалттай группуудэд тараажээ
Интернет, цахим технологийн эрин үед хүүхэд залуусын сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна. Гэвч хөгжил дэвшлийг дагасан сөрөг үр дагаврууд гарсаар байгааг олон нийт харсан ч хараагүй мэт хандаж байгаагаас үүдэж цахим гэмт хэргийн хохирогч нь зөвхөн насанд хүрэгчдээр тогтохгүй хүүхэд рүү чиглэх боллоо.
Цахим орчин нь маш олон төрлийн гэмт хэргийг үйлдэх үйлдлийн аргыг хялбарчилж өгч байгааг энд дурдаж болно. Тухайлбал, гэмт этгээдүүд нь олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хуурч мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх, сүрдүүлэх зэрэг арга, заль хэрэглэж бэлгийн харьцаанд орох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, иргэдийг залилах, интернэт орчинд эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй ашиглан хуурамч хаяг үүсгэж, садар самуун контент борлуулах замаар нэр хүндэд нь халдах, бусдыг гүтгэх, доромжлох зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ихээр бүртгэгдэж болжээ. Тэр дундаа цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг жил ирэх бүр маш хурдацтайгаар өсөн тархаж байгааг албаныхан онцолж байна.
-2022 онд цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг 56 бүртгэгджээ-
Тэгвэл цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэргийн хэд хэдэн тоон баримтыг энд хүргэе.
Улсын хэмжээнд 2015 оноос 2021 оны хугацаанд цахим орчинд нийт 6973 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 93 тооны буюу 1.3 хувь нь хүүхэд хохирсон гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн оноор нь авч үзвэл, 2015 онд 2, 2016 онд 1, 2017 онд 1, 2018 онд 12, 2019 онд 27, 2020 онд 24, 2021 онд 26, 2022 онд 56 гэмт хэрэг тус тус бүртгэгджээ.
-“Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг 1,5 дахин өссөн-
Цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэргийг 2021 он болон 2022 онтой харьцуулж үзэхэд, “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг 40 бүртгэгдэж 24 нэгжээр буюу 1,5 дахин өссөн гэх харамсалтай тоон үзүүлэлт байна. Энэ нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан хэргийн тоон мэдээлэл юм. Харин энэ төрлийн гэмт хэргийн далд хэлбэрт үйлдэгдэж буй хэчнээн тохиолдол байгааг бид хэлж мэдэхгүй билээ.
Сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэргүүдээс шүүхээр шийдвэрлэгдсэн кейсүүдийг жишээ татан хүргэе.
-Бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс бичлэгийг хадгалсан нууц групп чатад иргэдээс төлбөр авч оруулдаг байжээ-
С.Э гэгч нь фэйсбүүкийн “А.Анударь, Болоршагай Т.” гэсэн хуурамч хаягуудыг ашиглан фэйсбүүкийн “ХҮҮХДҮҮД” нэртэй нууц групп чат 2022 оны 02 дугаар сард шинээр үүсгэн, тус групп чатандаа бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэг, зураг зэргийг цуглуулж, хадгалсан. Улмаар “ХҮҮХДҮҮД” гэсэн групп чатанд иргэдээс төлбөр авч /5000-10000 төгрөг/ оруулах болсон байна. Ийм байдлаар бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг үзүүлсэн, тараасан эл гэмт хэргийг илрүүлэн шалгаж, тус этгээдийн үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял шийтгэсэн.
-Бага насны хүүхдэд хутга тулган орцонд хүчирхийлж, ял авч байсан этгээд цахим сүлжээнд бага насны охидын зургийг хуурч мэхлэн авч, түүгээрээ сүрдүүлэн дарамталдаг байжээ-
Д.Г гэгч нь бага насны хүүхдүүд ихэвчлэн ашигладаг Likee аппликейшнд эмэгтэй хүүхдийн профайл зурагтай Love Love, Gelin Hatan зэрэг хаягууд шинээр нээж насанд хүрээгүй охидуудтай үеийн охины дүрээр харилцан дотносож, улмаар охидын нууц яриа, эцэг эхээс далдуур нууц, дотно ярилцлага хийх сэдвээр харилцах замаар садар самуун агууламж бүхий харилцаа үүсгэж, бага насны охидын зургийг өөрийн болгон авдаг. Улмаар бага насны охидын зургийг дээрх аргаар хуурч мэхлэн авснаар үргэлжлүүлэн “Манай ахтай харилц, видео дуудлага хий, тэр хүний хий гэснийг хий, үгүй бол чиний зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацна, эцэг, эх, сургуулийн хүрээллийн хүмүүст чинь үзүүлнэ” гэх зэргээр дарамталж, өөрийн хуурамч хаягаас өөр ахын дүрд тоглон харилцаж, хохирогч буюу хүүхдүүдтэй видео дуудлага хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, гаж буруу үйлдэл хийсэн, нийт 22 удаагийн үйлдэл тогтоогдсон. Шүүхээс түүнд 6 жил, 8 сарын хорих ял шийтгэсэн. Д.Г нь урьд өмнө олон удаагийн үйлдлээр бага насны хүүхдэд хутга тулган орцонд хүчирхийлж байсан, ял шийтгэл эдэлж байсан байна.
-“Нүцгэн зургийг нь цацна” хэмээн заналхийлж, хохирогч охидыг бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ-
Ш.А гэгч нь “фэйсбүүкийн Boyko Bou гэх хаягаар бага, өсвөр насны охидууд руу нүцгэн зураг /эрэгтэй хүний/ явуулан оронд нь охидын нүцгэн зургийг авч улмаар “Миний хэлснийг хий, нүцгэн зургаа явуул, надтай видео дуудлага хий үгүй бол чиний зураг надад байгаа, олон нийтийн сүлжээнд цацаж чадна” гэж заналхийлдэг байжээ. Улмаар охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлэн авч удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлсэн. Түүнчлэн СХД-ийн хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Н-тэй бэлгийн харьцаанд орсон зэрэг нийт 4 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж, түүнд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял шийтгэсэн байна.
-“Хүүгүй мөнгө зээлнэ” гэж хуурч барьцаа болгон авсан нүцгэн зураг бичлэгээр насанд хүрээгүй хохирогчоос ёс бус бичлэг шаардаж, хаалттай группуудэд тараажээ-
Б гэгч нь “насанд хүрээгүй хохирогч Х-тэй хуурамч фэйсбүүк хаягаар харилцан хүүгүй мөнгө зээлнэ гэж хуурч барьцаа болгон нүцгэн зураг, бичлэгийг нь авч, улмаар уг зураг, бичлэгээр дамжуулан насанд хүрээгүй хохирогчийг айлган сүрдүүлж заналхийлэн, өөрийн эрхшээлдээ оруулан дахин нүцгэн зураг, өөрийгөө оролдож байгаа бичлэгээ өгөхийг шаардаж дарамталсан.
Мөн хохирогч Г, З, Я, О, Х нартай “Anhaa Amka”, “Amka amka ch” нэртэй фэйсбүүк хаягуудаар “Хүүгүй мөнгө зээлнэ” гэж харилцан барьцаа болгон нүцгэн зураг өөрийгөө оролдож байгаа бичлэгийг нь авч фэйсбүүкийн хаалттай группүүдэд тараасан гэмт хэрэг бүртгэгджээ.
Энэ мэтчилэн бага насны хүүхэдтэй холбоотой ноцтой гэмт хэргүүд цахим орчинд шилээ шилээ даран үйлдэгдэх болсон нь эл асуудалд олон нийт анхаарал хандуулах цаг болсныг батлан харуулж байна.
-Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй цахимд тогтмол тааралддаг бөгөөд тэдний 82 хувь нь зүй бус утгатай зурвасыг цахим сүлжээний хэрэглэгчдээс авч байсан-
Өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт багадаа нэгээс хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Ингэхдээ хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байгаа бөгөөд тэдний 82 хувь нь зүй бус утгатай зурвасыг цахим сүлжээний хэрэглэгчдээс авч байсан байна.
Эцэг, эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах хязгаарлах программ хангамжийн, тоон бичиг үсгийн ур чадвар байхгүй байна гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ цахим дарамтад өртөхөөс бүрэн хамгаалж чадахгүй байна гэсэн үг. Иймд эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ цахим орчин дахь хэрэглээнд хяналт тавих, тэдэнтэй ярилцах, анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Товчхондоо, үр хүүхдээ цахим орчинд дахь гэмт хэрэгтнүүдээс та, бид л хамгаалж чадна.