Ирэх лхагва гарагт бүх нийтээр амарна
Ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул хууль ёсоор бүх нийтээрээ амарна.
Жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж, сонсож, дуу хоолойгоо өргөж тэдэнд тулгарч буй асуудал, бэрхшээлд анхаарлаа хандуулдаг. Мөн төрийн өндөрлөгүүд салбартаа тэргүүлсэн, үлгэр жишээ эмэгтэйчүүдийг шагнаж, хүлээн авч уулздаг.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог, эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.
Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг байв. Харин зарим улс, бүс нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг нь хадгалж, эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулахад зориулж 1975 оноос тэмдэглэж иржээ.