Малын гүзээнээс ашигтай бактери гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

0

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн пробиотик судлалын эрдэмтдийн баг малын гүзээний агуулагдахуунаас ашигтай бактери ялган авч сувиллын тэжээлийн бэлдмэлийн технологийг бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тодруулбал, малын өвс тэжээлийг боловсруулахад оролцдог ашигтай бактериуд нь нүүрс ус, уураг, өөх тосыг задалж боловсруулдаг гэх мэтчилэн хуваагддаг байна. Үүний нэг болох нүүрс ус буюу эслэг задлах бактерийг малын гүзээний агуулагдахуунаас ялган авч бэлдмэл хийх технологи бий болгосон аж.

Цеопит, целлюлолитээс малын сувиллын иж бүрдэл бэлдмэл гаргажээ.  Энэ хоёр бэлдмэл нэг иж бүрдэл болж мал аж ахуйн салбарт ашиглах нь илүү үр ашигтайг судалгаагаар тогтоогджээ. Эслэг задлах бактерийн бэлдмэлтэй яагаад иж бүрдэл болж хослоод байна гэхээр бактериас ялгардаг нүүрс ус задалдаг ферментийн орчныг хурдасгаж өгдөг байна. Нэг үгээр хэлбэл ферментийн катализатор болох үүрэгтэй.

Бэлдмэл дотор олон төрлийн эрдсийн ион агуулагддаг төдийгүй эдгээр нь ион солилцох чадамжтай юм. Энэ зарчмаараа хар тугалгыг өөртөө маш сайн шингээж байгаа нь мал амьтны биеэс хор гадагшлуулах чадамжтай бүтээгдэхүүн болсон нь тогтоогджээ. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр мал амьтныг аливаа хордлогоос сэргийлж эрдэс дутагдлыг нөхөж өгнө. Мөн тэжээл боловсруулалтыг сайжруулж, орчныг нь нөхцөлдүүлж өгснөөр мал амьдын жинг нэмэгдүүлэх давуу талтай юм байна.

Нүүрс задалдаг бүтээгдэхүүн нь хорголжин хэлбэртэйгээр төл мал, өсвөр мал гээд ангилж хэд хэдэн янзаар савлагдаж худалдаанд гарчээ. 1 кг тутамд 300 орчим сая амьд эслэг задалдаг бактери агуулсан бэлдмэл юм байна.

Эх сурвалж: Шинжлэх Ухаан, Технологийн Сан

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *