Зөвлөмж: Цахим залиланг хэрхэн таньж, сэргийлэх вэ

0

НҮБ-ын дэргэдэх Олон улсын харилцаа холбооны нэгдэл (ITU)-ээс 2020 онд гаргасан “Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс” судалгаагаар Монгол Улс нийт 184 орноос 120-д эрэмбэлэгдсэн байна. Ингэхдээ манай улс кибер аюулгүй байдлыг үнэлэх таван үзүүлэлт тус бүрд харгалзах боломжит 20 онооноос нэг ч үзүүлэлтэд 10-аас дээш оноо аваагүй.

Тэгвэл Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14.085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн таван жилд 14.9 дахин, учирсан хохирлын хэмжээ 270.8 дахин өссөн. Зөвхөн сүүлийн нэг жилд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 7.5 дахин өсөж, 139.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Тиймээс манай редакц зөвхөн манай улс төдийгүй дэлхий дахины өмнө тулгамдаж буй хамгийн хүнд сорилтуудын нэг болох цахим залилангийн гэмт хэргийг таних, луйвраас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ сэргийлэх аргуудыг зөвлөж байна.

Технологийн хамаарал: Бидний амьдрал улам бүр дижиталчлагдаж, хүний хувийн болон санхүүгийн мэдээлэл цахимжихийн хэрээр кибер гэмт хэрэгтнүүдийн талбар улам бүр өргөжиж байна.  

Та яг одоо өөрийн гар утсанд байгаа апп-уудын тоо, тэдгээрийн хэдэд нь өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулсан эсэхээ бодоод үзээрэй. Цахим залиланд өртөхгүй байх хамгийн энгийн алхам бол найдвартай, хууль ёсны эх сурвалжийн мэдээллийг ч ямагт нягталж, вебсайтаар нь зочлох, мэдээллийн ажилтнаас мэдээлэл авах зэргээр хэрсүү байх явдал юм.  

Зөвлөмж: Цахим залиланг хэрхэн таньж, сэргийлэх вэ

Мөн сошиал хаяг, банкны апп-ын нэвтрэх нууц үгийг “том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт” оролцуулсан төвөгтэй байдлаар зохиох. “Two-factor authentication” буюу хоёр хүчин зүйлт баталгаажуулалтыг идэвхжүүлэх. Төрөл бүрийн “Password manager” ашиглах.

Банкны гүйлгээний мэдээллийг апп болон мессежээр авч, мэдэгдэл бүрийг нягталж байх. Хэрэв сэжигтэй гүйлгээ гарсан тохиолдолд тэр даруй банктайгаа холбогдож дансаа хаалгах. Онлайнаар төлбөр тооцоо, гүйлгээ хийхдээ “URL” цонхны зүүн талд харагдах статус “Trusted”, “Secured” байгаа эсэхийг нягтлаж байхыг зөвлөж байна.

Зөвлөмж: Цахим залиланг хэрхэн таньж, сэргийлэх вэ

Кибер халдлага улам боловсронгуй болсоор байна: Цахим хадлага үйлдэгчдийн ашигладаг техник, програм хангамж байнга шинэчлэгдэж, хөгжүүлэлт хийгдэж байдгаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй байдаг.

Тиймээс аль болох нийтийн “Wi-Fi” сүлжээ ашиглахгүй байх. Ашигласан тохиолдолд сошиал медиа, банкны апп хэрэглэхгүй байх. Онгоцны буудал, кофе шопын зэрэг нийтийн “Wi-Fi” хэрэглэхдээ заавал “VPN” ашиглах. Танихгүй хүнээс ирсэн имэйл, текст зурваст агуулагдах линкийг дарахгүй байх. Мэдэхгүй дугаараас ирсэн дуудлагыг авахгүй байхыг зөвлөж байна.

Цахим гэмт хэрэгтэн бага зардал гаргаж, их хохирол учруулдаг: Залилан, луйврын олон хэлбэр байдаг. Харин цахим залилан нь гэмт хэрэгтнээс хамгийн бага зардал, хүчин чармайлт шаарддаг бөгөөд бүтэлгүйтэх, цагдаад баригдах зэрэг талаасаа хамгийн бага эрсдэлтэй байдаг. Тиймээс цахим гэмт хэрэгтнүүдийн тоо олон, тэр хэрээр луйвар хийх шинэ арга, технологи хөгжиж цэцэглэсээр байна.

Тиймээс сошиал орчинд өөрийн хувийн мэдээллээ хуваалцах нь хадлага үйлдэгч нарт бэлэн хоол өгч байгаагаас ялгаагүй юм. “Messenger”, “Viber”, “Telegram”, “WhatsApp” зэрэг мессеж апп-аар ойр дотныхоо хүнтэй харилцахдаа бичсэн нууц үг, хувийн болон санхүүгийн мэдээллээ хуваалцаж байсан бол устгахыг зөвлөж байна.

Зөвлөмж: Цахим залиланг хэрхэн таньж, сэргийлэх вэ

Кибер аюулгүй байдлын мэдлэггүй байдал: Хувь хүн төдийгүй төрийн байгууллага болон томоохон компаниуд хүртэл кибер аюулгүй байдлаа хангах, заналхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдлэг дутмаг байдаг нь хамгийн энгийн халдлага, луйвард өртөх эрсдэлийг бий болгодог.

Тиймээс хаа нэгтэй цахим луйвар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмж тааралдвал цаг гарган уншиж, хэрэгжүүлж байхыг зөвлөж байна. Мөн хувийн болон байгууллагын ухаалаг төхөөрөмжүүдийн үйлдлийн системийг хамгийн сүүлийн хувилбараар тогтмол шинэчилж байх. Албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах. Компьютер болон гар утсандаа вирусийн эсрэг програм хангамж суулгах зэрэг арга хэмжээг аваарай.

Цахим гэмт хэргийн талаар мэдээлэхгүй орхих: Нийтлэлийн эхэнд дурдсан тоо баримтууд нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэдсэн албан ёсны статистик юм. Харамсалтай нь, цахим гэмт хэргийн хохирогчдын нэлээд хэсэг нь хуулийн байгууллагаар явахад цаг хугацаа их шаарддаг, хүнд луйвардуулсан талаараа бусдад ярих нь тухайн хүнийг ичгэвтэр байдалд оруулдаг зэргээс шалтгаалан энэ талаар эрх бүхий холбогдох газарт мэдээлэхгүй өнгөрдөг. Энэ нь эргээд цахим гэмт хэргийн цар хүрээ, бодит шалтгаан нөхцөлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, арга хэмжээ авах боломжийг хумьж байдаг.

Тэгвэл та цахим гэмт хэргийн хохирогч болсон, эсвэл болох эрсдэл үүссэн тохиолдолд цагдаагийн 102 утас болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн фэйсбүүк хуудаст мэдэгдэх боломжтой. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага тухайн банктай холбогдож, дансны гүйлгээг царцаах хүртэл арга хэмжээ авах боломжтой юм.

Цахим залилан нь дараах нийтлэг шинж чанаруудтай байдаг. Тиймээс ийм шинж чанар ажиглагдсан тохиолдолд нягталж, аль болох алгасахыг зөвлөж байна.

  • Нухацтай бодох хугацаа олгохгүйгээр хурдан шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай. Яг одоо шийдвэр гаргахгүй бол та боломжийг алдана гэх мэт хомсдлын мэдрэмж төрүүлэхүйц
  • Үнэмшихэд бэрх хөнгөлөлт, урамшуулал, богино хугацаанд хялбар аргаар мөнгөтэй болох арга, итгэмээргүй өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хөрөнө оруулалтын боломж санал болгох
  • Хувийн болон санхүүгийн мэдээлэл, хувийн данс руу гуйвуулга хийх, криптовалютаар төлбөр төлөхийг шаардах
  • Сошиал сүжээнд дүрмийн алдаатай, мэргэжлийн бус үг хэллэг бүхий пост, комментыг тогтмол бичих. Хортой файл, линк агуулсан сэжигтай мэйл, зурвас илгээх  
carousel pic
carousel pic
carousel pic

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *