Монголын шигшээ баг хоёр дахь ялагдлаа хүлээлээ

0

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 / Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо хийлээ.

Эхний тоглолтод Хятадын талбайд зочилж 31 онооны зөрүүтэй хожигдсон. Тэгвэл өчигдөр Гуамын шигшээг талбайдаа хүлээн авч 63:74-өөр хожигдов. Манай баг эхний үед есөн удаа бөмбөг алдсанаар олон онооны зөрүүг үүсгэсэн юм. Манай тоглогчдоос Билгүүн 13 оноо, таван самбар, дөрвөн бөмбөг таслалт, нэг хаалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол түүнд Т.Ууганбаяр, Д.Дэлгэрням нар 11 оноо, Б.Ананд есөн оноогоо дэм болсон ч энэ нь хожиход хангалттай байсангүй.

Тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр багийн ахлагч Б.Билгүүн ярихдаа, “Нэлээд өндөр темптэй тоглолт боллоо. Талбайн давуу талаа ашиглаж хожих зорилготой байсан ч зорилгодоо хүрч чадсангүй. Гуамын шигшээ багтай гурав таарахдаа нэг хожиж, хоёр хожигдлоо. Гуамын талбайд зочлохдоо илүү хариуцлагатай, бэлтгэл сайтай очиж тоглох болно. Багийн систем боломжийн байсан ч хувь хүний ур чадвараар дутмаг байлаа. Дараагийн тоглолтууд дээр бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт орох болов уу гэж хувийн зүгээс харж байна. Гаднын оронд тоглож байгаа тоглогчид нөхөхөөс гадна одоо байгаа бүрэлдэхүүнийг илүү хүчирхэгжүүлэх болов уу” хэмээн ярилаа.

Монголын баг хэсгийн дараагийн тоглолт ирэх 11 дүгээр сарын 21-нд Японд болно.  Үүнээс гурав хоногийн дараа буюу 24-нд Хятадыг талбайдаа хүлээн авна. Харин хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо 2025 оны хоёрдугаар сарын 20-нд Гуамд, 23-нд эх орондоо Японтой хийх юм.

Тоглолтын үр дүнгээр хэсгээ тэргүүлсэн хоёр баг 2025 оны Азийн аваргад оролцох эрхээ шууд авна. Харин гуравдугаар байраар шалгарсан зургаан баг дахин хоёр хэсэгт хуваагдаж тоглоно. Манай багийн хувьд Гуамыг талбайд нь заавал хожих даалгавар үлдлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *