Шинийн 8-нд Шилийн Богдод 15 мянган хүн цугларчээ

0

Монголчууд сар шинийг тохиолдуулан билэгт сайн өдрүүдэд уул, овоонд гарч, сүсэг бишрэлээрээ сүү, цагаан идээ өргөдөг. Өнгөрсөн жилүүдийн хувьд халдварын тархалт, өвчлөл их байсны улмаас томоохон уул, хайрханыг зорих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Харин энэ жил хориг хязгаарлалт байхгүй учир өчигдөр буюу шинийн 8-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Шилийн богдыг зорих хөдөлгөөн нэмэгдэж, хог хаягдал, машин гээд тухайн бүсэд эмх замбараагүй байдал үүссэн байна.

Иргэд цахим хуудастаа энэ талаар бичиж, уламжлал нэрийдлээр байгалиа сүйтгэж, уул усаа хогоор дүүргэж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин албаны хүмүүс “Хөдөлгөөн эрс нэмэгдсэн учир аймгийн цагдаагийн алба хаагчид нэмэлтээр очсон. Иргэдийн сүсэг бишрэлийг хорьж, цагдах боломжгүй” гэж тайлбар өгчээ.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн шинийн 8-ныг угтаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Дарьганга сум “Шилийн богд” ууланд нийт 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга  орчим иргэн нэг дор цугларсан. Жил бүрийн сар шинээр  цагдаагийн газрын алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавьж ажилладаг. Энэ жил мөн ялгаагүй шинийн 15 хүртэл тус хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ. Иргэддээ өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Өнгөрсөн онуудад Дарьганга сум “Шилийн богд”, “Алтан овоо”-нд нийт 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга  орчим иргэн нэг дор цугларч байв.

Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг зорих тээврийн хэрэгсэл нэмэгдсэн учир нийт зургаан цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил  бүртгэгдсэн байна.

Иргэдийн хувьд жил бүр давтагддаг энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, байгаль орчноо бодсон ч хязгаарлалт тогтоох хэрэгтэйг сануулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *