Я.Өлзийболд: “40 жил татварын тухай хуулийг өөрчлөхгүй” зэрэг олон асуудлуудад Францын талтай ойлголцохгүй байгаа тул ураны төсөл хойшилж байгаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын “Орано майнинг” групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан билээ. Улмаар 1.6 тэрбумын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд багтаан эцэслэх байсан ч тодорхой асуудлуудаас болоод хойшилж, одоог хүртэл төслийг хэзээ эцэслэн батлах нь тодорхойгүй байна. 

Иймд бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболдтой ярилцаж, гэрээ батлахад тулгарч буй асуудлууд болон яг ямар тодорхой асуудлууд дээр талууд санал нэгдэхгүй байгаа талаар асууж ярилцлаа. 

– Ураны төслийг 2023 онд буюу өнгөрсөн онд эцэслэх төлөвлөгөөтэй байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж, хэзээ талууд гэрээгээ байгуулах нь тодорхойгүй байсаар байна. Тэгвэл одоогийн байдлаар хэлцлийн түвшин яг ямар шатандаа явж байгаа талаар яригаа эхэлье?

Дэд хэсгүүд байгуулагдаад салбар бүрийн асуудлууд яригдаад хэлцлийн түвшинд явж байгаа. Одоогийн байдлаар оруулсан саналынхаа 49 орчим хувьд санал нэгдчихээд байгаа. Хэдийгээр протоколд гарын үсэг зурсан ч гэсэн санал нэгдэхгүй байгаа олон нарийн асуудлууд гарч ирж байгаа тул хэлэлцээрт тодорхой хэмжээний хугацаа орж байна. 

– Санал нэгдэж байгаа болон санал нэгдэхгүй, ойлголцохгүй байгаа ямар асуудлууд байна вэ? 

Тухайлбал эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтын ашигт ажиллагаа гэдэг бол хөрөнгө оруулагч талын хамаарал бүхий бүх этгээдүүдийнх нь ашигт ажиллагаа хангагдсан байх шаардлагыг хөрөнгө оруулалтын хэлэлцээрт тусгасан байсан. Үүнийг зөвхөн “Орано майнинг” команийн ашигт ажиллагааг авч үзнэ гэсэн агуулгаар хумьж байгаа. “Орано” группийн маш олон компани байдаг. Хэрвээ тэр бүх компани ашигтай ажиллах ёстой гэвэл гэрээний биелэлтэд нэлээд төвөгтэй байдал үүснэ. Энэ асуудлыг ярицаад хамаарал бүхий этгээдүүдийн ашигт ажиллагаанаас гэдгийг нь хасуулаад явах жишээтэй. Мөн урьдчилан тохирсон ногдол ашиг гэдгийг хэрхэн урьдчилан тохирох, дийлэнх өгөөжийг монгол улсад оногдож байгааг бид яаж баталгаажуулах, мөн өгөөж гэдэгт бүхий л татвар хураамж дээр нэмэх нь нийгмийн даатгал төлж байгаа ажилчдын цалин зэрэг нь тооцогдох гэх мэтчилэн асуудал тулгарсан. Энэ зүйлсийг харилцан ойлголцож байж монгол улс дийлэнх ашгийг хүртэж байгаа эсэхийг тооцож, тохироолцоонд хүрэх шаардлагатай байгаа нь төвөгтэй байдал үүсгэж байна.

– ДАРААГИЙН 40 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ОГТ ӨӨРЧЛӨХГҮЙ БАЙХ, ЗЭРЭГЦЭЭ ОРДЫГ ЭЗЭМШИХ ЗЭРЭГ ШААРДЛАГЫГ ФРАНЦЫН ТАЛ ТАВЬЖ БУЙГ БИД ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА –

– Сая тодорхой төрлийн татвар хураамжийн асуудалд тохиролцоход төвөгтэй байгаа гэлээ шүү дээ. Мэдээж хөрөнгө оруулагч байгууллага бол татварын салбарыг аль болох тогтворотой байлгахыг хүснэ. Гэтэл 40 жил буюу урт хугацаанд хэрэгжих энэ төслийн явцад монголын татварын орчин тогвортой байх боломжтой юу?

Тодорхой төрлийн татвар хураамж тухайлбал усны төлбөрийг Монгол талын “өгөөж” гээд нэрлэчих жишээтэй. Гэтэл энэ нь өгөөж юм уу, тодорхой хэмжээний ус ашиглаж байгаль орчин бохирдуулсны төлөө төлж байгаа төлбөр юм уу? Энэ мэтчилэн зүйлүүд дээр ойлголцох шаардлагатай байгаа. Мөн татварын асуудал дээр одоо мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд дөрвөн төрлийн татварыг тогтворжуулна гэсэн заалт бий. Гэтэл хөрөнгө оруулагч талаас татварын орчныг бүхэлд нь тогтворжуулна гэсэн байр суурь баримтлаад байгаа. Харин монголын талаас энэ шаарлагыг хүлээ авахгүй байгаа юм. Хөрөнгө оруулагч талаас үүнийг тогтворжуулахгүй бол хөрөнгө оруулалтад тогтвортой зүйл харагдахгүй байна гэсэн. Тодруулбал монгол улсын татварын тухай хуулийг 2024 оноос эхлэн дараагийн 40 жил өөрчлөхгүй байлгах гээд байгааг бид зөвшөөрөхгүй байгаа юм.

– Олборлолтод тухайлсан асуудал үүсэж байгаа юу? Мөн олборлолтод зайлшгүй яригдах нэг ёстой зүйл нь цацраг идэвхит бодисын хог хаягдал байгаа шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Олборлолт хэсэгт зэрэгцээ орд илрэх юм бол энэ гэрээндээ хамруулна гэх саналыг “Орано” групп тавьсан. Харин бид зэрэгцээ ордыг холбогдох журам, хуулийнхаа дагуу тухайн үед нь шийдээд явна гэдэг зарчмыг баримталж байгаа. Мөн усны төлбөрийг хэрхэн тогтоож тооцох, одоо байгаа бага хэмжээний төлбөрийг дараагийн 40 жилийн хугацаанд яг энэ хэвээрээ байлгах бус төлбөрийг тооцох арга хувьсан өөрчлөгдөж байх ёстой. Мөн нэмээд цацраг идэвхит бодисын хог хаягдал нь монголчуудын хувьд шинэ зүйл учраас уусган олборлох үеэр гарсан хог хаягдлыг хаана яаж хаях гэдэг асуудал яригдана. Зөвхөн төслийн хугацаанд зогсохгүй урт хугацаанд хог хаягдалд зарцуулах хөрөнгө мөнгө хаанаас гарах, ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулсан талт үйл ажиллагаагаа явуулахгүй гэхэд тэр эрсдлийг бид хэрхэн давах зэрэг асуудал бий. Мөн нэмээд гэрээ эрх зүйн талд нэлээд асуудлууд байгаа.

– 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН УРАНЫ ОЛБОРЛОЛТ ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ –

– Ураны олборлолтыг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Гэтэл гэрээг эцэслэж чадахгүй байгаа нь энэ хугацаанд нөлөөлж, олборлох хугацаа өөрчлөгдөх боломжтой юу?

Гэрээ хэлцэл хэр хурдан шийдэгдэх нь хоёр талын хайрилцан ойлголцох асуудал тул хугацаа орж байна. Ойлголцоод энэ онд багтаад гэрээгээ эцэслэн байгууллаа гэж бодоход 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан үйлдвэрлэлийн ажил бага зэрэг хойшлохыг үгүйсгэхгүй. 2029 онд юм уу 2028 оны сүүлээр эхлэх боломжтой гэж үзэж байгаа.

– Гэрээний асуудал хойшлоод байгаад олон нийтийн эс бөгөөс гадны нөлөөлөгч хүчин зүйл байна уу гэсэн хардлага төрж байна л даа? 

Олон нийтэд маш олон төрлийн мэдээллүүд байгаа. Тодорхой зорилготой мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй. Энэ гэрээ хэлэлцээрийг урт хугацаанд амжилттай, нямбай хийх хшаардлага байгаа тул хугацаа их орж байна. Мөн хөндлөнгөөс оролцох сонирхол ч байхыг үгүйсгэхгүй. Ураны хэлэлцээр бол монголчуудын хувьд шинэ салбар бөгөөд гуравдагч хөршийн гэрээ хэлцэл учраас маш их ач холбогдолтой. Мөн монголчууд үе үеээрээ өгөөжийг нь хүртэх асуудлыг нямбайлж хийх ёстой. Гэхдээ талууд ойлголцлоо эцэслээд аль болох хурдан гэрээ байгуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа.

– Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *