С.Мөнхчулуун: Гурав, дөрөвхөн компани гурилын үнийг тогтоож байгаа монопол байдлыг задлах хэрэгтэй
Гурил үйлдвэрлэгчид өнгөрсөн 2023 онд 5-9 удаа гурилынхаа үнийг нэмсэн асуудлаар өчигдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас мэдээлэл хийсэн юм. Харин энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун байр сууриа илэрхийллээ.
ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун:
-Засгийн газраас гурилын импортын татварыг хугацаагүй тэглэх шийдвэр гаргасныг дэмжиж байгаа. Гурилын зах зээл бол үнэхээр монополжсон зах зээл. Нийт гурилын зах зээл дээр гурав, дөрөвхөн том компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 25 хувийг нэг компани, 43 хувийг нь бас нэг ах, дүү хоёрын компани эзэлдэг. Үгсэж үнэ өсгөлөө хариуцлага тооцно, хуулийн дагуу давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтооно гэхээр “Тэгвэл бид гурилын үйлдвэрлэлээ зогсооно” гэж дарамт үзүүлдэг. Ийм нөхцөлд импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг нэмэгдүүлж, монопол байдлыг задлахаас өөр гарц байхгүй. Эсхүл шантаажлуулаад үгсэж үнэ өсгөхийг хараад чимээгүй суух гэсэн сонголт л үлдэж байна гэв.