ЗОХИЦУУЛАЛТ: Монгол дахь “Старлинк” Ц.Цэрэнпунцаг нараас интернетээ авч, Юнителээр төхөөрөмжөө заруулна

0

Дэлхийн тэрбумтан Элон Маск “Старлинк” сансрын интернетийн үйлчилгээгээ Монголд оруулахын тулд манай улсын томоохон интернэтийн сүлжээ компаниудаас эх үүсвэр авах “Гайхалтай” баримт бичгийг яам тулгасан талаарх жиргээ логик байдлаараа бол ҮНЭН  ажээ. Уг баримт бичгийг монголын томоохон интернетийн үйлчилгээ үзүүлэгч Юнител, Юнившнтэй шууд хамааралтай Л.Энх-Амгалан сайд  гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэхдээ “Старлинк”-ийн үндсэн загварыг эвдэхгүйгээр монголын зарим компаниудад ийм боломжуудыг олгожээ.

  • Тайлбар: Л.Энх-Амгалан сайдын гарын үсэг

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ БАРИМТ БИЧИГТ ЮУ ТУСАВ-

Элон Маскийн эзэмшилт “Старлинк” 1100 хиймэл дагуул дэлхийн тойрог замд хөөргөж, улс орнуудад өндөр хурдны интернэт үйлчилгээ нэвтрүүлж буй. Саяхны жишээ авахад, Укрианы дайнаар ОХУ шилэн кабелиудаа таслах үеэр Элон Маск “Старлинк” интернэт нэвтрүүлсэн. Эдүгээ Энэтхэгт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Харин Монголд өнгөрөгч гуравдугаар сард компаниа бүртгүүлсэн.

Уг компани Монголд байгуулагдсанаас хойш 20 хоногийн дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан “Монгол Улсад орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг гарын үсэг зурж баталжээ. Уг баримт бичгийн дагуу Элон Маскийн компани доорх хоёр шаардлагыг биелүүлэх аж. Үүнд,

Нэг. Газрын станцаа байгуулж, үүний интернэтийг Монголоос хангах/3.4.3, 3.4.2 дахь заалт, зурагт үзүүлэв/

Хоёр. Холболтын төхөөрөмжөө Монголын компаниудаар дамжуулах эсвэл өөрсдөө салбараа нээх /3.4.1, 3.6 дахь заалтууд, зурагт үзүүлэв/

  • Тайлбар: ЦХХХЯ-ны боловсруулан баримт бичиг

Нэг. СТАРЛИНКЭД ИНТЕРНЭТ ӨГӨХ ЭРХИЙГ ТРАНЗИТ АНГИЛАЛД ОРУУЛЖ, ХУМЬСАН НЬ ЭРХ АШИГ ДАГУУЛЖЭЭ

Маш энгийнээр тайлбарлавал, “Старлинк” нь газрын станц байгуулах замаар хиймэл дагуултайгаа холбогддог. Харин газрын станц нь тухайн бүс нутгаасаа интернэт авдаг байна. Ингэснээр манай улсын шилэн кабель очих боломжгүй малчид, хилийн зурвасууд, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийг “Старлинк” өндөр хурдтай интернэтээр хангах боломжтой болох аж.

  • Тайлбар: Старлинкийн дэлхий дахинд нэвтрүүлж буй загварчлал

Эцсийн хэрэглэгчдэд ингэж хүрэхийн тулд манай “Улс хооронд” хамрах тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс интернетийг түрээслэн ашиглах /баримт бичгийн 3.4.2 дахь заалт/ юм. Транзит үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй ДӨРВӨН компани Монгол Улсад бүртгэлтэй. Үүнд,

  • УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Жем нет /Бүртгэлийг ЭНД дарах/,
  • Р.Ганзориг захиралтай “МТ нэтворкс” /Бүртгэлийг ЭНД дарах/
  • Д.Дагвасүмбэрэл захиралтай “Мобиком нэтворкс” Бүртгэлийг ЭНД дарах/
  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК

Дэлхийн бусад оронд ч “Старлинк” интернэт нэвтрэхдээ газрын станц нь бүс нутгийн сүлжээг ашиглаж буй.

  • Ногоон тэмдэглэгээ: “Starlink” сүлжээ Австралид газрын станцаа байгуулсан байдал

ЛОГИК ХАРДЛАГА: Үүнийг манай улс монголчлохдоо “Транзит” урсгалаар тодотгол авсан нь улс төр, бизнесийн салбарт нөлөөтэй эрхмүүдэд давуу эрх олгох, цаашлаад ТӨК-ийг “арын хаалгадах” зорилго агуулсан гэж таамаглах үндэслэлтэй байна.

Хоёр. ТӨХӨӨРӨМЖ, АЖИЛЛАХ ХҮЧИН ЗЭРГЭЭ ЮНИТЕЛ, МОБИКОМ, СКАЙТЕЛ ЗЭРГЭЭС ШИЙДЭЖ БОЛНО

Бидний мэдэхчлэн, аль ч интернэт, сансрын үйлчилгээг авахад эцсийн хэрэглэгчдэд тусгай төхөөрөмж байршуулж, холболт хийдэг. Айл өрхүүдэд тараагддаг антен, суурин төхөөрөмжүүд гэсэн үг. “Старлинк” үйлчилгээ ч ингэнэ. Доорх зурагт тэдний эцсийн хэрэглэгчдэд тараадаг төхөөрөмжийг үзүүлэв.

  • Тайлбар: Эцсийн хэрэглэгчдэд очих төхөөрөмж

Бизнес моделийн хувьд хөгжиж буй орнуудад “Старлинк” нэвтрэхдээ эцсийн хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоохыг чухалчлахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, шилэн кабель очих боломжгүй малчин Доржийг, аль нэг сумыг “Старлинк” өндөр хурдтай интернэтээр хангахдаа дуртай байлаа ч тэдэнтэй шууд харилцаж, илүү зардал гаргахыг хүсэхгүй гэсэн үг.

Тэдний энэ зорилго нь, интернетийн сүлжээг транзит хэсгүүдээс авч, хэрэглэгчдэд нийлүүлдэг Б зөвшөөрөл эзэмшигчидтэй хамтарч ажиллах боломжийг үүсгэж байна. Тайлбарлавал, Мобиком, Юнител, Жимобайл, Скайтелын орон нутгууд дахь салбар “Старлинк”-ийн төхөөрөмжийг зарж, техникийн үйлчилгээ үзүүлэхэд хамтрах боломжтой.

Ингэснээрээ “Старлинк” салбар байгуулах, ажиллах хүчний зардал зэргээ хэмнэх боломжтой. Гэхдээ салбар байгуулахыг манай улс баримт бичгээрээ хориогүй. Тэднийх хөгжиж буй орнуудад салбар байгуулахыг чухалчилдаггүй нь Л.Энх-Амгалан сайдын хамааралтай Юнител, бусад “Скайтел” тэргүүтэй компаниудтай хамтрах боломж нээгдэх юм.

ХӨШИГНИЙ АРД ЮУ ЮУ ӨРНӨСӨН БЭ

Хөшигний ард Эдүгээ “Танай улс Африкийн орнуудаас дор аашиллаа” гэж “Старлинк”-ийнхэн уулга алдсан гэгдэж буй. Мөнхүү Л.Энх-Амгалан сайд Ч.Номин сайд руу ч “хялмалзаад” амжжээ. “Старлинк”-ийн Монгол дахь компани ХХЗХ руу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ өгөхөөр судалгааны э-мэйл бичих шатандаа яваа аж.

ХХЗХ нь “Старлинк”-д зориулж ямар нэгэн шинэ журам гаргахгүй. Одоогийн мөрдөгдөж буй “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах” тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэрийн дагуу хүсэлт гаргахад болно гэх тайлбар өгч байна.

Анх “Старлинк”-д Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ЕТГ-ын мэргэжилтний хүрээнд “Төрийн бүх дэмжлэгийг авахад тань туслая” гэх амлалтаар эхэлж, яаралтай орох орны жагсаалт руу орж байсан түүхтэй аж. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Батболдтой ойр залуус ч Монголд орж ирэх асуудлаар тус тусдаа санал тавьсан гэж яригддаг. Гэхдээ эдүгээ тэдний аль аль нь “Старлинк”-тэй холбоотой бус, тэднийх “Юнител”-тэй хамтрахаар харилцаа үүсгэсэн гэгдэж байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх текстүүд явсаар, дэлхий дахинаа “Старлинк” интернет түгэж буй логикоос гажаагүйг нотолж буй. Басхүү Л.Энх-Амгалан сайдын гарын үсэгтэй баримт бичиг нь маш ухаалгаар улстөр, бизнесийн салбарт нөлөөтэй хэдхэн хүнд боломж олгохоор боловсруулагдсан нь ч үнэн байна. “Зайлшгүй дамждаг” загварыг нь манайхан том дарга нарын компаниар дамжихаар болгож, зохицуулалт хийсэн гэсэн үг.

Манай улс шилэн кабелиар хоёр хөршөөсөө интернет хэрэглээгээ авдаг. Үүн дээр гуравдагч нь сансрын сүлжээгээр ороод ирэхэд Үндэсний аюулгүй байдал талдаа ч илүү глобалчлагдах сайн талтай юм.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *