СУРВАЛЖИЛГА: Байнгын минь хаяг 207 дугаар байр

0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. “Edu Apartment” буюу 207 дугаар байр.

“Шүдээ угаасан, сэрүүлгээ тавьсан. Өглөө өмсөж явах хувцсаа бэлдсэн. Ингээд бүгд жин, тан. Үүдний гэрлээ унтраачих, унтъя”…Уржигдар бас өчигдрийнхтэй адил жирийн л нэг ажлын өдрийн ард гарсан хүмүүс энэ мэтчилэн энэ тэрүүхнийг ярилцаад унтаж, амарцгаав. Шөнийн 01:00 цаг. Түс, тасхийх чимээнээр сэрж, цонхоор харвал өөдөөс улаан гал маналзаж байлаа.

“Бурхан минь, юу вэ, сэрээрэй, бушуулаарай, шалавхан гарцгаая”. Доош цахилгаан шатаар бууж, гараашинд байсан автомашинаа асаагаад хөдлөв. Аюулгүй зайд холдсоны дараа эргээд харвал, өлссөн үедээ “Нэг сайхан хоол авч иддэг юм бил үү” гэж тэмтэрч нэг үзэж, “Байр авах мөнгөө үрж болохгүй ээ” гэж өөрөөсөө харамлан хурааж, хуримтлуулсан хөрөнгөөрөө худалдан авсан орон сууц нь шатаж байна. Тэрхэн зуурт амьд гарч чадсанаа аз, зол хэмээн залбирч зогслоо…

Тэр дэлбэрэлтээс хойш (2024.01.24) сар гарны хугацаа өнгөрчээ. Уржигдар бас өчигдрийнхтэй адил жирийн л нэг ажлын өдрийн ард гарч, унтаж амарсан ч өглөө шүдээ угаая гэхэд сойзгүй. Өмсөж явахдаа бэлдэх хувцас гэх юмгүй, унтраах гэрэл, унтах ор, орох оронгүй үлдсэн 190 орчим хүн одоо хаана яажшуухан амьдарч байна вэ?

Шөнийн 01:00 цаг. Түс, тасхийх чимээнээр сэрж, цонхоор харвал өөдөөс улаан гал маналзаж байлаа.

Гарт таарсан хувцсыг шүүрч авч эгэлдрэглээд, хөл нүцгэн шахуу гүйгээд гарсан хүмүүсийг эхний шөнө 133 дугаар сургуулийн зааланд, дараа өдрөөс нь зочид буудалд байрлуулжээ. Зочид буудлын төлбөрийг Баянзүрх дүүргээс гаргав. Удах тусам зочид буудлын төлбөр талийж өгөх тул амьдрах түрээсийн байраа даруйхан олох нь дүүрэгт ч, иргэдэд ч чухал байв. Зочид буудалд ихэнх хүмүүс 5-7, сүүлийн хүмүүс 10 орчим хоноод өрөөгөө хүлээлгэн өгчээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын улмаас шатсан “Edu Apartment” буюу 207 дугаар байрныхан өнөөдрийн байдлаар бүгд түрээсийн байранд төвхнөж амжсан байна. Түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Тэр байранд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл амьдрахаар төлбөрөө төлж, байрны эзэдтэй гэрээ байгуулжээ.

Энэ хугацаанд улсаас байрыг засварлаж, тэд дахиад 207 дугаар байрандаа амьдрах боломжийг бий болгохоор төлөвлөсөн. Байрны хийц бүтээц, ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргах 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт энэ сард гарна. Эхний дүгнэлтээр “засварлах боломжтой” гэсэн сайн мэдээ дуулджээ.

207 дугаар байр 63 өрхтэй, үүнээс 10 гаруй айлын байр 100 хувь буюу юу ч үгүй шатсан. Тал хувь нь 70-90 хувь түймэрт өртсөн, зарим нь ганц өрөө нь гайгүй үлдсэн гэх мэтээр айл бүрийн нөхцөл өөр. Г.Ганчимэг 207 дугаар байрны 8 давхрын оршин суугч. Гал 7-8-хан айл руу л ороогүй бөгөөд нэг нь тэднийх.

“БИДЭНД ТОХИОЛДСОН ГАЙ БУСДАД СУРГАМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ БОЛОХ ЁСТОЙ”

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн, “Edu Apartment”-ын оршин суугч Г.Ганчимэг

Тэрбээр “Манайх руу хэдий гал ороогүй ч дулаан, цахилгааныг тасалсан учраас угаалгын машин, ус цэвэршүүлэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүд маань хөлдөөд, хагарчихдаг юм байна. Бас угаар орсноос болоод телевизээ өөр газар авч очоод залгахаар дэлгэц нь харлаад гарахгүй байх жишээтэй. Энэ мэтчилэн тавилга хэрэгсэл маань бүрэн, бүтэн үлдсэн ч ашиглахын аргагүй болчихсон. Гамшгаас гайгүй үлдэнэ гэж байдаггүй юм байна.

Бас байрыг маань дахиад бүрэн завсарлана гэвэл шал хуулж доогуур нь сангийн хоолой угсрах тухай ярьж байна. Хэрэв тийм тохиолдолд дотор суурилуулсан тавилгаа гаргах шаардлагатай болно. Ингээд тавилгаа гаргах явцад 8 давхраас буулгахдаа эвдэх, цөмлөх эрсдэлүүд бий. Тэр болгоныг өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон учраас хайран шүү дээ. Гэтэл хохиролд тооцохгүй, бид л өөрсдөө хариуцна.

Амьд гарсандаа баярлахгүй юу яриад байна вэ гэж бодох хүмүүс байх болов уу. Эхэндээ үнэхээр эсэн мэнд байгаадаа л баярласан. Хүн чинь тэгээд хэсэг хугацааны дараагаас жижиг гэлтгүй эд хогшлоо нэг бүрчлэн бодож эхэлдэг юм байна. Хайран угаалгын машин, хайран ус цэвэршүүлэгч гээд л. Энэ бүгдийг, ширхэг нэг бүрийг нь ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан учраас хайран л санагддаг юм байна. Үнэндээ бидэнд ямар ч буруу байхгүй, гэртээ л унтаж байсан хүмүүс шүү дээ.

Би Солонгост 10 жил сураад, тэнд 3 жил мэргэжлээрээ ажиллаж, нийт 13 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр орон сууцаа худалдан авсан. Аль нэг амархан аргаар олж авсан бол өөр байх. Зовж олсон мөнгөөрөө авсан учраас одоо хажуугаар нь явахдаа харах бүрд харамсал төрж байна.

ХАМГИЙН ИХ ХАРАМСАЖ, УУР ХҮРЧ БАЙГАА АСУУДАЛ:

Шатахуун тээвэрлэж явсан автомашины дэлбэрэлтийн дараах байдал (2024.01.24) .

1.Шингэрүүлсэн хийг тээвэрлэхдээ аюулгүй байдлыг сайтар хангаагүй компани: Тээвэрлэж явсан нөөцийн савны хоолойг дөрвөлжин төмрөөр хамгаалах ёстой юм байна. Тэр нь суудлын биш том оврын автомашин ирээд мөргөсөн ч бат, бэх  байх ёстой байж. Гэтэл тийм хамгаалалтгүй байсан тухай асуудал ярьж байна.

Гэтэл энийг шалгах газар байхгүй. Аюултай ачаа тээвэрлэх журмыг ЗТХЯ мэднэ. Үгүй ээ, манайх биш УУХҮЯ мэднэ гэх байдалтай хандаж ирж л дээ. Магадгүй өнөөдрийг хүртэл Улаанбаатарын бүх хүнийг тэсэлж, дэлбэлж мэдэх аюултай ачааг ямар ч стандартгүй, аюулгүй байдлыг хангалгүйгээр тээвэрлэсээр ирсэн ч байж болзошгүй юм. Гай таарч манай гадаа дэлбэрсэн. Хэрэв бүр маш олон оршин суугчтай, өндөр давхартай том хотхоны ойр орчимд, өдрийн цагаар зам дээр битүү машин түгжирсэн үед дэлбэрсэн бол өнөөдрийнхөөс ч илүү их гарз, хохирол учрах байсан.

2.Галын машин ороход саад болсон байрны хүзүүвч: Манай байр 12 давхар. Шөнө 01:00 цагт шатаж эхлээд, үүрийн 05:00 цагт гал бүрэн унтарсан. Тэгэхээр галыг унтраахын тулд 5 цаг зарцуулсан гэсэн үг. Энэ бол онцгойн ажилчдын буруу биш, тоног төхөөрөмжөөс ихээхэн шалтгаалсан. Манай байр бас их сонин загвараар баригдсан. Байр, сургууль хоёрыг хүзүүвчээр холбочихсон. Тэр хүзүүвч нь саад болоод галын автомашиныг дотогш орох боломжгүйд хүргэсэн. Тийм барилгыг л улс хүлээгээд авчихсан байна.

3.Дэндүү нарийхан, стандартгүй зам: Осол гарсан замыг өргөтгөхгүй бол дахиад эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. Ачааны автомашинууд Дүнжингарав орчмын тэр замаар л явдаг. Яг тэр замд өөр том оврын автомашинтай суудлын тэрэг мөргөлдсөн хэд хэдэн осол өмнө нь би харж байсан. Тэгэхээр энэ зам стандартын дагуу биш байгаад байна.

Гэтэл аюултай ачааг түүгээр тээвэрлэхээс өөр боломж байхгүй гэнэ. Уулын замаар явуулъя гэхээр огцом эргэлт олонтой учраас эрсдэлтэй. Нарантуул захын урд талын зам болохоор төмөр замын гарамтай учраас мөн л болохгүй. Ингээд Дүнжингаравын урд замаар явуулдаг, гэтэл өнөөх нь дэндүү нарийхан. Энэ улс стандартад нийцсэн замтай байсан бол бид өнөөдөр ийм байдалд орохгүй байлаа гэж байнга харамсдаг. Энэ бол миний бодол, эцсийн шийдвэрийг хуулийн байгууллага шалгаж байж гаргана.

Бас энэ бидэнд тохиолдсон гай. Гэхдээ бүх хүнд сэрэмжлүүлэг болох ёстой. Тиймээс хэдхэн хүний асуудал гэж битгий бодоосой.

ДЭЛБЭРЭЛТЭЭС ҮЛДСЭН СУРГАМЖ:

1. Гамшгийн голомтоос яаралтай холдох ёстой: Ойрхон зогсож байсан бол хоёр дахь дэлбэрэлтэд бид өртөх байсан.

2. Бие зүгээр ч сэтгэл их гэмтдэг юм билээ:  Сэтгэлзүйчид хандах шаардлагатай юм шиг санагдсан. Дэлбэрэлт шөнө 01:00 цагт болсон. Түүнээс хойш би нэг сарын турш шөнө болгон яг 02:00 цагт сэрж байна. Тэгээд нойр хүрэхгүй 04:00 цаг хүртэл унтаж чадахгүй. Бүтэн сар шөнө бүр сэрж, гүн нойроо авч чадахгүй болчхоод байна. Манайх харьцангуй гайгүй хохиролтой. Бид бага насны хүүхэдгүй, гэр рүү гал ороогүй. Гэвч одоог хүртэл тайвширч чадахгүй байхад маш олон бага насны, нялх, нярай хүүхэдтэй, өндөр настай хүмүүстэй, эд хөрөнгөө галд алдсан хүмүүст үнэхээр хэцүү байгаа.

3. Даатгал: Манай байрны 63 өрхийн 37 нь ипотекийн зээлтэй байжээ. Ипотекийн зээлээр байр авахад эхний гурван жил даатгалд заавал хамрагдах шаардлага тавьдаг юм байна. Манай байр 2017 онд ашиглалтад орсон учраас, ипотекийн зээлтэй хүмүүсийн ихэнхийнх нь даатгалын хугацаа дууссан, дахиж сунгуулаагүй байж л дээ. Эхний гурван жилээс хойш үргэлжлүүлэн даатгуулах эсэх нь хувь хүний сонголт боловч энэ мэтчилэн гамшиг, ослын дараа даатгалаасаа нөхөн төлбөр авах боломжтой юм билээ. Тэгэхээр байраа даатгуулах чухал санагдсан.

4. “Би энд амьдарч байгаа” гэдгээ заавал бүртгүүл: Түр оршин сууж байгаа, шилжин суурьшсан бол тухайн харьяа, хороо дүүрэгтээ мэдэгдэх ёстой юм билээ. Шөнө 03:00 цагийн үед хороо, дүүргээс утсаар залгаад “Та байрнаасаа гарч чадсан уу, эсэн мэнд үү” гэж асууж бүртгэж байсан. Мөн өрхийн эмнэлгээс холбогдоод гэмтсэн бэртсэн үү, утаа залгисан уу гэж асуусан. Тэгэхээр хаяг дээрээ бүртгүүлэх маш чухал юм билээ шүү.

5. Зохион байгуулалтад орох чухал: Шөнө биднийг зохион байгуулалтад оруулаад хорогдох байрыг хурдан шийдэж өгсөн төрийн байгууллагын дунд, доод шатны албан хаагчдад үнэхээр баярласан. Аливаа осол, гамшгийн үед олон нийтийг хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ гэдэг менежмент бас чухал юм билээ.

“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭС БУЦААГААД ЗААВАЛ АВАХ ЁСТОЙ”

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Edu Apartment” буюу 207 дугаар байр..

Одоо тэдний хүлээж буй цаг, хугацаа бол дэлбэрэлтэд өртсөн байрыг нь засварлаж дуусах есдүгээр сарын 1. Тэгээд байр засварласан, зочид буудалд байрлуулсан, одоо амьдарч буй байрны түрээсийн төлбөр гээд энэ бүхэнд зарцуулсан хөрөнгөө улс буруутай этгээдийг олж тогтоогоод буцаагаад аваасай гэдэг хүсэл. “Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгч таны, бидний л мөнгө шүү дээ. Хэрэв энэ осол гараагүй бол бидний төлөө зарцуулж байгаа энэ мөнгийг өөр хэрэгтэй зүйлд, сургууль цэцэрлэг барихад зарцуулах ёстой байсан” гэж иргэн Г.Ганчимэг хэлсэн.

Бас удахгүй сонгууль болно, ажил цалгардах вий, эрх бүхий албан тушаалтнууд солигдоно, өмнөх даргынхаа шийдвэрийг өөр нэгэн нь үгүйсгэж, орон сууцыг нь засварлах төсвийг хасчих вий гэсэн айдас тэдэнд бий гэнэ.

Байрыг нь засварлаад өгсөн ч аяга, шанага, халбага сэрээ гээд дахиад эхнээс нь бүгдийг ширхэг, ширхгээр нь цуглуулж амьдралаа босгоход тэд цаг хугацаа, хүч хөдөлмөр, залуу насаа зориулна. Уг нь гэртээ л унтаж байсан, ямар ч буруугүй хүмүүс. Бас хүний хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө худалдан авсан байр бусдын буруугаас болж балгас болоод үлдэх учиргүй. 190 гаруй иргэн өнөөдөр түрээсийн байр хэсэж яваа ч тэдний байнгын хаяг нь 207 дугаар байр байх ёстой.

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *