ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ
Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг олсон талаар “Bloomberg” мэдээлжээ.
“Bloomberg”-ийн тооцоолсноор өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ 11.3 тэрбум ам.долларыг зөвхөн газрын тосноос олжээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлэхээс өмнөх саруудад олсон орлогоос илүү байгаа юм. Сангийн яамны албан ёсны мэдээлэлд үндэслэн хийсэн тооцооллоор Оросын аравдугаар сарын газрын тосны экспорт тухайн сарын төсвийн нийт орлогын гуравны нэг орчим хувийг эзэлж байгаа аж.
Их долоогийн орнууд баррель тутамд 60 ам.долларын үнийн дээд хязгаар тогтоосноос хойш бараг нэг жилийн дараа Москва аравдугаар сард их хэмжээний нефтийн олборлолт хийжээ. Долоогийн бүлгийн уг хөтөлбөр нь дэлхийн нефтийн худалдааг хэвээр хадгалахын зэрэгцээ Оросын газрын тосны орлогыг хязгаарлах зорилготой юм.
Блүүмбэргийн тайлан болон KSE хүрээлэнгийн судалгаагаар Орос аравдугаар сарын нефтийн экспортынхоо 99 хувийг баррель нь 60 ам.доллароос дээш үнээр борлуулж чадсан байна. Аравдугаар сард ОХУ-ын томоохон боомтуудаас экспортолсон газрын тос дунджаар 79.40 ам.доллароор зарагдсан байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр Орос Европ дахь өмнөх томоохон зах зээлээсээ Энэтхэг, Хятад зэрэг өөр зах зээл рүү шилжих замаар хориг арга хэмжээг тойрон гарч чадсан байна.
Албан ёсны тооцоогоор Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд өмнөх оныхоос 5.5 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Оросын нэрт эдийн засагч Игорь Липсиц өнгөрсөн сард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа тус улсын эдийн засагт “бодит байдал муу байна” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Business Insider