Олон гэмт хэрэгт нэр холбогдож явсан Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэхийн тулд ёс зүйт хүний дүрд хувирч явна
Улсын дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам /МНН/ болон 13 дугаарт бичигддэг М.Энхсайханы гэх тодотголтой Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ хамтарч “Үндэсний эвсэл” нэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд орохоор болж, даргаараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон билээ.
Шүүхээс ял сонсож, биеэр эдлээд гарч ирсэн Н.Номтойбаярын жижиг намуудыг ашиглан улс төр хийж МАН-даа “эргэн эрэлт” хийх гэж буй хэлбэр нь энэ юм.
Н.Номтойбаяр нь 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт бус намын жагсаалтад орно гэдгээ илэрхийлсэн. Мөн тэрбээр саяхны нэг уулзалтын үеэр “Өс хонзон санахдаа хүрвэл өс хонзонг санаж чадна шүү. Монголыг хорлоод байдаг, монголчуудыг золигт гаргаад байдаг хэнд ч өс санаж чадна. Хэрэгжүүлж ч чадна. Гэхдээ хонзон саналаа гээд хойш сууж, өнгөрсөнтэй зууралдаад байхыг хүсдэггүй. Учир нь надад алдсан зүйл үгүй. Янз бүрийн байдлаар намайг их л хохироолоо. Хохироох гэж үзэж байгаа бол эндээс би яаж хожоотой гарах уу гэдэг ухаан зарж ирсэн. Өөрийгөө яаж хөгжүүлэх үү, мэдэхгүй чадахгүйгээ яаж нөхөх вэ гэж л хичээж ирсэн. Түүнээс хувийн өс хонзон надад байхгүй ээ. Ардчилсан нам, Ардын намын аль нь ч бидний өрсөлдөгч биш. Бусад улс төрийн нам манай өрсөлдөгч байж болохгүй. Улстөржилтийнхөө хил хязгаарыг тогтооё гэдэг уриалгыг би дэвшүүлнэ” гэжээ.
Н.Номтойбаярын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа олон удаа гэмт хэрэгт нэр холбогдож явсан.
Тухайлбал, бамбарууштай баавгай агнасан, хүчингийн хэрэг, бусдын биед гэмтэл учруулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх цаашлаад талийгаач Г.Батхүү агсны үхэлд хүртэл нэр холбогдон шалгагдаж байсан билээ. Гэтэл гэнэт ёс зүйт хүний дүрд хувиран улс төрд эргэн ирэхээр хичээж буй нь зарим иргэдийн шүүмжлэлийг төрүүлээд байна.