Нисэх буудалд саатуулагдсан ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевын тухай
Гадаад паспортынх нь хугацаа дууссан шалтгаанаар Чингис хаан олон улсын нисэх буудалд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын иргэн саатуулагдаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжгүй болоод байгаа тухай бид мэдээлсэн.
Энэ хүн чухам хэн болох талаар Radio Free Europe суваг өчигдөр мэдээлжээ.
Батыр Боромангнаев нь Ойрад-Халимагийн Ард Түмний Конгресс нэртэй хөдөлгөөний дэд тэргүүн юм байна. Өмнө нь тэр Оросын либерал улс төрийн хүчин болох Яблоко намын Халимаг дахь салбарын дарга байжээ.
Ойрад-Халимагийн Ард Түмний Конгресс хөдөлгөөн 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Халимагийг ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносныг зарлаж байсан юм.
Украины дайн эхэлснээс хойш тус хөдөлгөөний ихэнх гишүүд гадаад руу дүрвэцгээжээ.
Боромангнаев өчигдөр Radio Free Europe сувгийн сэтгүүлчтэй холбогдохдоо “Хил хамгаалах байгууллагын албан хаагчид үүргээ биелүүлж, журмын дагуу ажиллаж байгаа ч үнэн хэрэгтээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж болзошгүй хүнийг албадан гаргахыг оролдож байна. Монгол түмний өлгий, ардчилсан оронд ирэхдээ би миний нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгоно гэж найдаж байлаа” гэж ярьсан байна.
Монголын тал түүнийг анх ирсэн газар болох Казахстан руу албадан буцаах гэж оролдож байгаа. Хил Хамгаалах Албаны даргад өөрийг нь үлдээх хүсэлт гаргасны дараа Боромангнаевыг буцаах ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулахаар болсон байна.
Эх сурвалж: Radio Free Europe