Л.Сумати: Монголын улс төрийн намууд хямралд орж, ардчилсан тогтолцоо гажуудаж байна
“Сант марал” сангийн захирал Л.Суматитай ярилцлаа.
-Манай улс төрөө эмхлэн байгуулах хуулиуддаа өөрчлөлт оруулж, энэ оноос шинэ бүтцээр төрөө эмхлэн байгуулна. Холимог тогтолцоотой, парламентын 126 гишүүнтэй байх өөрчлөлт зөв шийдвэр үү?
-Би Монголын улс төрийг анхнаас нь ажиглаад сууж байгаа хүн. Энэ нь юу вэ гэхээр дөрвөн жилийн давтамжтай тогтолцоогоо өөрчилж байна. Шинэ гэж нэрлээд байгаа энэ тогтолцоогоо харамсалтай нь дөрвөн жилийн дараа дахиад л солих байх. Яагаад гэхээр Монголын улс төрийн намуудын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлт нь хямралд орсон.
2004 онд манай байгууллага анх удаа улс төрийн намууд, сонгогчдын санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэдэг судалгааг хийж байсан. Тухайн үед 25 хувь байсан. Тэгэхээр дөрвөн хүн тутмын нэгийнх нь төлөөлөл парламентад байна гэсэн дүн гарч байсан гэсэн үг. Тэр үеэс тогтолцоо нь жилээс жилд сайжраад, сонгуулиас сонгуульд улам боловсронгуй болгоод явах байсан ч эсрэгээрээ 20 жилийн дараа 10 хүний нэг нь л улс төрийн төлөөлөлтэй байна гэсэн дүн гарсан. Энэ бол манай улс төрийн уламжлал болчихсон, сонгууль бүхэн шинэ хууль гаргадаг, эрх баригч нам байр сууриа хамгаалахын төлөө л ажиллаж байгаатай холбоотой.
Одоогийн Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль нь бүгд Монголын хүн амыг улс төрөөс зайлуулах л зорилготой. Ер нь илт харагдаж байна. Өмнөх сонгуулийн томсгосон тойрог хүмүүсийг нэлээд будимлуулж байсан. Одоогийнх нь бүр хэцүү болно.
Манай улс хүн амын 20-30 хувь нь улс төрийн сонирхолтой гэсэн дүн гардаг. Тэр хүмүүс улс төр рүү хэрхэн орж ирэх вэ гэсэн томоохон асуултын тэмдэг бий болсон. Улстөрд орлоо гэж бодоход зөвхөн гишүүдэд үйлчлэх гэсэн элитийн клуб болчихсон. Элитийн клуб руу нь орж чадахгүй хүмүүс яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс энэ хүмүүс тогтолцооны гадуур улстөржөөд улстөрд орж ирнэ. Нэгд, сонгуульд оролцож, эрх баригч нам ялна. Хоёрт, гудамжинд гарч жагсаал хийх замаар буюу тогтолцооны бус замаар. Энэ үзүүлэлт жилээс жилд өсөөд байгаа. Хэрвээ энэ тоо хязгаарын цэгээ даваад явчихвал тогтворгүй байдал үүсэх нь ойлгомжтой. Тиймээс улс төр сонирхож байгаа иргэдээ хязгаарлаад, оруулахгүй байх нь туйлын буруу. Харамсалтай нь, шинэ хийсэн тогтолцоо нь улам бүрхэг, сонгуульд нэлээд их будилаан гарна.
-Уг нь 126 гишүүнтэй болсноор олон нам, нийгмийн анги давхаргын төлөөлөл парламентад оруулна гээд байгаа шүү дээ?
-Тийм ээ, 126 гишүүнтэй болох, холимог тогтолцоо улам хүндрэлтэй. Парламентад төлөөлөлтэй 10 хүний нэг төлөөлөлтэй байсан бол сонгуулийн дараа бараг 20 хүний нэг болох байх.
Гишүүдийн тоо огт хамаагүй.
-Тэгвэл сонгуулийн тойргийг томсгосон нь зөв үү?
-Сонгуулийн тойрог гол асуудал биш. Гол асуудал нь сонгогчдын сонгуульд оролцох бололцоог улам бүрхэг, идэвхгүй болгоод сонгууль нь ерөнхийдөө томилгооны сонгууль болж байна. Ганц манай судалгаагаар ч биш намуудын нийгмийн дэмжлэг маш муу болсон. Рейтинг нь бараг тэгтэй тэнцүү болсон. Энэ тохиолдолд зөвхөн захиргаадалтаар асуудлаа шийдэх зам руу явдаг. Энэ үед идэвхтэй сөрөг хүчин асар их хэрэгтэй. Гэтэл манай улс сүүлийн найман жил сөрөг хүчингүй байлаа. Ардчилсан тогтолцоо сөрөг хүчингүй бол гажуудаж эхэлнэ.
-Жагсаал, цуглааны аргаар тогтолцоогоо өөрчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэлээ. Энэ юутай холбоотой юм бэ?
-Хэрвээ тогтолцоо нь тэр хүмүүсийн сонирхлыг хашаад байвал ийм аргыг сонгоно. Гурван хүний нэг нь сонгуульд орж эрх баригч намаа сольё гэсэн хандлагатай байна. Тиймээс иргэд саналаа өгөөд сольж чадахгүй бол тогтолцооны бус аргаар шийднэ. Энэ бол ганц Монголд биш дэлхийн улс орнуудад болдог зүйл. Хэрвээ улстөрд байгаа хүмүүс нь иргэдийн төлөөлөл болж чадахгүй бол тэд солигдох ёстой. Түүний төлөө намууд дор хаяж анхан шатны байгууллагатай ойр ажиллах шаардлагатай. Ер нь намын удирдлага намын гишүүдийн хоорондын зай жилээс жилд улам холдоод байгаа. Гишүүнчлэлгүй нам ч байгуулъя гэсэн зүйл яриад байгаа. Эрх баригчдын мөрөөдөл ч энэ байх шиг байна.
Монгол идэвхтэй сөрөг хүчин асар их хэрэгтэй. Гэтэл манай улс сүүлийн найман жил сөрөг хүчингүй байлаа. Ардчилсан тогтолцоо сөрөг хүчингүй бол гажуудаж эхэлнэ.
Л.Сумати
-Та бол намын хатуу гишүүнчлэлтэй байх нь зөв гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ, би тэгж хэлнэ. Гэхдээ намын гишүүн байгаад гишүүнчлэл нь ямар ч ач холбогдолгүй, ялангуяа хөдөө намын татвар хурааж эхэлбэл 2000 төгрөг ч их. Гишүүнчлэлгүй нам гэдэг бол хөлгүй нам гэсэн үг. Улс төрийн нам нийгмийн дэмжлэггүй бол улс төрийн бодлого ч явуулах боломжгүй.
-Тэгвэл нөхцөл байдал ийм байгаа нь улс төрийн намуудын төлөвшихгүй байгаатай холбоотой юу. МАН-тай өрсөлдөх хэмжээний нам өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бий болсонгүй шүү дээ?
-Тийм ээ, таны хэлж байгаа зөв. Мөн манай шинэ үеийн хувьд хоёр том нам өрсөлдөгч байхгүй болгоход зүтгэсэн. Олон зүйлийг тэд хийж чадаагүй ч үүнийг маш сайн хийж чадсан гэж би дүгнэж байна. Харамсалтай нь, Монголд энэ том орон зайг эзэлж авах нам байхгүй байна.
-Тэгвэл жижиг намууд эрх баригчидтай өрсөлдөхийн тулд ямар бодлого барьж хэрхэн ажиллах ёстой юм бэ. Зарим хүн МАН, АН-аас бусад улс төрийн хүчин нэгдэж сонгуульд оролцох уриалга ч гаргаж байна?
-Эхний ээлжид төлөөллийн намууд гарч ирэх нь зөв. Гэхдээ тийм нам гаргахгүйн тулд хоёр нам чадах бүхнээ хийж байна. Үүнийг давахад сонгууль хүртэл ямар нэгэн өөдтэй юм болохгүй байх гэж бодож байна. Харин сонгуулийн дараа нэлээд хэцүүхэн байдал үүсч магадгүй.
-Хэцүүхэн байдал гэдэг нь юу вэ. Жагсаал цуглаан юм уу?
-Сонгуулийн дараа ялсан нам Засгийн газраа бүрдүүлэхээс эхэлнэ. Засгийн газар нь олон нийтийн дэмжлэггүй байна. Доороо хөлгүй Засгийн газар бүдэрч унах нь ойлгомжтой. Тэгээд ч сонгуулийн үр дүн сонгогчдын саналаар бус томилгооны, захиргаадалтаар шийдэгдэх учраас үүн дээр би ямар нэгэн юм хэлж чадахгүй.
-Юу гэсэн үг вэ. Иргэд саналаа өгөөд ч үр дүн нь тодорхой болчихсон гэсэн үг үү?
-Саналаа өгсөн өгөөгүй сонгууль шоу маягийн зүйл болоод дуусна. За ингээд ярилцлагаа өндөрлөе.
-Ярилцсанд баярлалаа.