С.ЭРДЭНЭ: Улсын Дээд шүүх намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож байна
АН-ын ээлжит “4/11 хэвлэлийн бага хурал”-аараа Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцуулж, Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. Энэ үеэр С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр ний нуугүй хэлэхэд АН-ын даргын бүртгэлийг хийх явцад улсын Дээд шүүх хэрхэн ялзарч, доройтож, эрх зүй, шударга ёсны хувьд Дээд шүүхэд итгэх итгэл, найдвар үлдээгүй юм байна гэдгийг харуулж байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд болсон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар бид энэ асуудлыг авч хэлэлцсэн. Дээд шүүх улс төрийн намын даргын бүртгэлийг хийсэн процесс нь хууль ёсыг уландаа гишгэсэн, ялзарсан үйлдэл болсон гэдгийг харууллаа. Жишээ нь УИХ дахь АН-ын бүлгийн хэдэн нөхдүүд эвлэрлийн ажлын хэсэг гэдгийг байгуулсан. Тус эвлэрлийн гэх ажлын хэсэг нь намын дотоод хэрэг рүү эрээ цээргүй халдаж, үндсэн дүрмэнд байхгүй зүйл заалтыг хэрэгжүүлж байна. Улсын Дээд шүүх аливаа улс төрийн намын дотоод хэрэгт оролцох ёсгүй хуулиараа. Гэтэл намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, ҮБХ-ны хуралдаан хүчин төгөлдөр мөн эсэхийг шийдэх ёсгүй. 2017 онд ҮБХ-нд гишүүн байсан хүмүүсийг одоог хүртэл гишүүн байгаа мэтээр үзэж ирц тооцож байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Улсын Дээд шүүх хуулийг завааруулдгийн сонгодог жишээ боллоо. Улсын Дээд шүүх улс төрийн намын даргад бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын хүсэлтийг маш богино хугацаанд, маш яаралтайгаар улс төрийн хүчирхийлэл үйлдэх замаар хийсэн. Улсын Дээд шүүх манай намын Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн, халдсан учир Улсын Дээд шүүхийн гаргасан 10 дугаар тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн” гэлээ.