Х.НЯМБААТАР: УЛААНБААТАР ХОТОД ДАХИН 0.07 ГА ГАЗАР ОЛГОХГҮЙ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хот 1965 онд 141 мянган хүн амтай байсан. 1992 онд 600 мянган хүнтэй байсан. Одоо 1.700 мянган хүн амтай байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод бүртгэлгүй хөдөө орон нутгийн бүртгэлтэй 200 мянган хүн байна гэсэн тооцоо бий. 1976 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батлаж байх үед өнөөгийн Улаанбаатар хотын дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ ерөнхий төлөвлөгөөгөөр 85 мянган машин зорчино гэж тооцоолсон.
Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дээд хязгаар 730 мянга орчим байна. Тиймээс өнөөгийн түгжрэлийн суурь шалтгаан бол хүн ам өсөн нэмэгдэж буйтай шууд холбоотой хэмээн үзэж байгаа.
Нэгэнт Улаанбаатар хотод суурьшсан хүмүүсийг хөдөө орон нутаг руу нүүлгэх боломжгүй. Иймд эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар 0,07 га газрыг дахин олгохгүй байхаар хуульчиллаа. Мөн автомашины шинэ дугаар олгохоо больё. Энэ өдрөөс хойш хийгдэж буй бүтээн байгуулалт, зам болгон түгжрэлийг бууруулах чиглэл рүү явна” гэв.