Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг хүргэж байна
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу насаа зориулсан үе үеийн халуун эх орончид, өдгөө Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж буй генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, цэргийн гэрээт алба хаагчид, хугацаат албаны дайчид, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, цэргийн дипломат ажилтнууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.
Тэртээ 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулж, улмаар эх орон, газар нутгийн маань бүрэн эрхт байдалд халдсан харийн дайсны эсрэг 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол цэрэг эх орон, ард түмнээ хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, түүнчлэн улс ардын аж ахуй бүтээн байгуулалтад манлайлан оролцож, 2002 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт ой, “Монгол цэргийн өдөр” бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.
Өвөг дээдсийнхээ баатарлаг дайчин замналын залгамж халаа болсон өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ, даян дэлхийн энхийн үйлсэд болон эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, Монгол цэргийн түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар улам бүр баяжуулсаар байна.
Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар нийт гадаадын 39 улстай цэргийн дипломат харилцаа, хамтын ажиллагаатай болж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яамдад Батлан хамгаалахын атташег шинээр томиллоо.
Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, чадавхаа нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Кипр Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээ илгээж, Ливан Улсад явагдаж буй ЭСА-нд анх удаа эмнэлгийн мэргэжилтнүүдээ үүрэг гүйцэтгүүлээд байна. Улмаар манай улсын энхийг дэмжих ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчдын тоо 22 мянгад хүрч, НҮБ-д цэрэг хандивлагч тэргүүлэгч 24 орны нэг болсон нь бид бүхний амжилтын нэг юм.
Батлан хамгаалах салбар нь “Хэрэглэгч салбараас бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч салбар болох” томоохон зорилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд өнгөрсөн онд түүхэндээ анх удаа яамныхаа харьяанд Зэвсэг, сум, галт хэрэглэл үйлдвэрлэх “Зэв” улсын төсөвт үйлдвэрийн газраа байгуулж, анхны сумаа үйлдвэрлэхэд бэлэн болоод байна.
Мөн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй байсан томоохон баримт бичиг болох “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-оо энэ оны 01 дүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлууллаа.
Тус бодлого батлагдснаар батлан хамгаалах салбар зэвсэг, техникээ шинэчлэх, сэргээн сайжруулах талаарх төрөөс баримтлах бодлогоо тодорхойлж, зэвсэг, техникийн хадгалалтын чанарыг дээшлүүлэх, сэргээн сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн зэвсэг, техник худалдан авах, үйлдвэрлэх замаар Зэвсэгт хүчний үндсэн үүргээ биелүүлэх чадавхыг бүрдүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон зэрэг ач холбогдолтой юм.
Өнөөдөр Зэвсэгт хүчин нь үндсэн үүргээс гадна тайван цаг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, Гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох зэрэг үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн оролцож, “Хэзээ нэгэн цагт хэрэгтэй бус, ямагт бэлэн” буюу төр, иргэддээ байнга хэрэгтэй Зэвсэгт хүчин байх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт болон хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас хүн хүч, туулалт сайтай техниктэйгээр дэмжлэг үзүүлж, 17 аймгийн 64 сумын малчин айл өрхөд өвс, тэжээл хүргэх, нүүлгэх, техник татан гаргах, зам, даваа гүвээг нээх, тэдгээрийн эд хөрөнгийг авран хамгаалах зэргээр тайван цагийн үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг хэлье.
Бид цаашид Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хуулиуд болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлсэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллах болно.
Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Монгол цэргийн хийморь сүлд мөнхөд мандан бадрах болтугай!