С.Баяр: Хэн нэгний аманд багтаж явсан түүх үгүй

0

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2024.03.19/ Импортоор орж ирэх гурил, улаан буудайг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үед сайд Х.Болорчулуун “Ерөнхий сайд асан С.Баяр 100 мянган тонн гурил, улаан буудай оросуудаас гуйж очоод аманд нь багтсан” гэж ярьсан юм.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр нүүр номоороо дамжуулан түүний дээрх яриаг үгүйсгэлээ. Тэрбээр “Гуйх гутамшиг, гуйлгах гайхамшиг” гэдэг үнэн. Гэхдээ хэн нэгний аманд багтаж явсан түүх үгүй. 2008 онд бид гурил, будааныхаа 25хувийг л дотоодоос хангадаг байв. 2011 онд 100 хувь хангадаг болсон. Одоо яагаад чадахаа болив, сайд аа?” гэж жиргэсэн юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гурилын үнэд шалгалт хийгээд гурилын хэдэн монополь компани үгсэн хуйвалдаж үнэ өсгөсөн байна гэж үзсэн. Ингэхдээ хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь зохиомол үнийн өсөлт гэж дүгнэсэн юм.

Гэвч гурилын үнэ өнөөдрийг хүртэл буугаагүй. Иймээс Засгийн газар гурил, тэжээлийн үнийн хөөрөгдлийг зогсоох зорилгоор импортоор орж ирэх гурил, улаан буудайг Гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгасан.

Тариаланчдын зүгээс “Засгийн газраас боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь эргээд газар тариалангийн салбарт халтай тусах тул хугацаагаар хязгаарлах замаар түр зохицуулалт хийх ёстой” гэж үзэж буй бол ард иргэдийн хувьд “Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ засвар оруулалгүйгээр тэр хэвээр нь батлах ёстой” гэдэг байр суурь илэрхийлж буй.

Ингэхдээ “Хувьдаа гурилын үйлдвэртэй УИХ-ын гишүүнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсон явдал нь МАН-ынхны өөрсдийнх нь алдаа. Одоо эргээд энэ төлөөсөө татвар тэглэж томоор төлөх боллоо” гэдгийг ч сануулж буй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *