Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт оролцсон юм. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон өнгөрсөн хугацаанд Засгийн газраас баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө бүхий л боломж нөхцлөө дайчилж ажилласан гэдгийг тодотгоод, шинэ Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт ажлын амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хувьд Монгол Улсын эрх зүйт нийгэм, дотоод аюулгүй байдлыг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олонтой хамтран Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, шинээр байгуулж буй Засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн ажиллана гэдгээ тодотголоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хувьд 1999 онд тус яамнаас ажлын гараагаа эхэлж байсан, төрийн албанд мэргэжилтнээс эхлэн зүтгэсэн туршлагатай хуульч. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, системийн байгууллагуудтай хамтран эрх зүйн шинэтгэлийн ажлыг зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдгээ тодотголоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тэргүүтэй Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барьсан 18 хуулийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, салбарын харъяа байгууллагуудын үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэж чадах мэргэжлийн хуульч томилогдож байгаад талархал илэрхийллээ.