“Төрийн тахилгатай уул, усны эхэнд тусгай зөвшөөрөл олгоно гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна”

0

Монгол Улсын газар нутгийн 75 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад байдаг тул үлдсэн 20 гаруй хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой ч одоогоор зөвхөн хоёр орчим хувьд л тусгай зөвшөөрөл олгоод байна.

Уул уурхайгаас өндөр хамааралтай Монгол Улсад байгалийн нөөцөө бүрэн тогтоож, ашиглахад шаардагдах капитал одоохондоо дутмаг байна. Дараа дараагийн “Оюутолгой” болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай нь “AmCham Mongolia”-оос зохион байгуулсан “Уршиггүй уул уурхай” хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг байлаа.

Ураны төслийн нааштай мэдээ

Франц улсын Монгол Улстай байгуулахаар хэлэлцэж буй 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ улс төрийн саадуудтай тулгарсан нь илэрхий болоод хэдэн сар өнгөрөөд байна. Тэрхүү гэрээний дэд ажлын хэсгүүдийн хэлэлцээ ойрын хугацаанд дуусаж, үндсэн гэрээний ажил руу шилжихээр байгааг “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард мягмар гарагт мэдэгдлээ.

Төслийн онцлогтой холбоотойгоор тодруулах зүйл их байж, хэлэлцээ сунжирсныг Францын “Orano Mining” болон Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн сарын турш тайлбарлаж байв. Холбогдох талуудын яриагаар бол хэлцлийг 2023 онд багтан эцэслэж, “Зөөвч-Овоо” ордын үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэх хүлээлттэй байсан юм. Харин энэ Парламентын бүрэн эрхийн хугацаанд багтаж, гэрээ хийгдэх магадлал өндөр харагдахгүй байгаа гэж болохоор байна.

Хайгуулын саад            

Монгол Улсын газар нутгийн 75 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад байдаг тул үлдсэн 20 гаруй хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үг. Харин одоогоор үүний зөвхөн хоёр орчим хувьд л тусгай зөвшөөрөл олгоод байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга мэдээлж байв.

Харин 2022 оны 11 дүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим орчинд нээлттэй явуулдаг болсноос хойш лиценз олголт харьцангуй эрчимжсэн байна. 2017 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар буюу зөвхөн тусгайлан бэлтгэсэн талбайд олгож ирсэн бөгөөд цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтлахыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Ж.Ганбаатар өмнө нь онцолж байлаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдах хайгуулын тусгай зөвшөөрлийн заалтууд нь салбарын ирээдүйг тодорхойлоход маш чухал нөлөөтэй байхаар байна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэхээсээ илүүтэй бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хөрөнгө оруулагчдад амлах нь илүү үр дүнтэй гэсэн байр суурьтай байгаагаа Хууль зүй, Дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо илэрхийлж байлаа.

Шийдвэр гаргалтад ээлтэй тогтвортой байдлыг авчрах уу, эсвэл гэнэтийн огцом өөрчлөлтүүд гардаг өмнөх үе рүүгээ буцаж, бүх ахицаа арилгах уу гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж буй нь дамжиггүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *