Дэлхийн усны өдрийн “Цэнхэр тууз” аянд нэгдэцгээе
Дэлхийн нийт хүн амын 2.2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байгаа энэ цаг үед хүн төрөлхтөн бид Дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” уриан дор 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Ази тивийн цээжинд орших Монгол улс нь далай, тэнгисээс алслагдсан хур тунадасны хэмжээ дэлхийн дунджаас 3-4 дахин бага, жигд бус тархсан, усны нөөц багатай улсын нэг тул Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага Та бүхэн бидэнтэй хамтран Дэлхийн усны өдрийг тэмдэглэж усны нөөц, түүний тулгамдсан асуудалд анхаарал хандуулахыг УРИАЛЖ байна.
Усны нөөцийг хамгаалах ажлыг Монгол түмний бэлгэдэл цэнхэр хадаг-аар төлөөлүүлж, гол мөрөн булаг шандаа үр хүүхэд, ирээдүй хойчид өнө мөнхөд урсахыг бэлгэдэн, “Цэнхэр Тууз” аяныг УСНЫ ГАЗАР-аас санаачлан эхлүүлсэн билээ.
Иймд Ус хэрэглэдэг иргэн Та, ус ашигладаг аж ахуйн нэгжүүд Та бүхнийг 2024 оны 3 дугаар сарын 22-нд гэр бүл, байгууллага хамт олноороо цэнхэр туузаа зүүж, Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аянд нэгдэхийг хүсье.
Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя, хамтран ажиллаж, түгээхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас уриалж байна.