УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсыг гурван бүсэд хуваан хөгжүүлэх Бүсчилсэн хөгжлийн САНАЛ боловсруулжээ

0

“Монголын эдийн засгийн форум-2024” 2-р сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ: “Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа УИХ-аар батлуулах болно” гэсэн билээ. Иймээс өөрийн санал болгож буй Бүсчилсэн хөгжлийнхөө бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлэхэд шаардагдах хөрөнгө санхүүжилтийг бүрдүүлэх зарим боломжит арга замын талаар судалж мэдсэн зүйлээ тодорхой санал болгон танилцуулмаар байна. Энэ талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлэх шаардлагатай тул тусад нь цуврал нийтлэлийн хэлбэрээр танилцуулах нь зохистой юм гэж бодлоо.

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ БОСОО ТЭНХЛЭГЭЭР “БАРУУН БҮС”, “ТӨВИЙН БҮС”, “ЗҮҮН БҮС” ГЭСЭН БҮСЭД ХУВААЖ ХЭТДЭЭ ЭН ТЭНЦҮҮ ХӨГЖЛИЙН БОЛОМЖТОЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ 

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй байгаа учир нь Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги. Иймд зөвхөн өнөөдрийн байгаа нөхцөлдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс би Монгол улсынхаа Бүсчилсэн хөгжлийн зураглалыг босоо тэнхлэгээр “Баруун бүс”, “Төвийн бүс”, “Зүүн бүс” гэсэн 3 тэнцүү бүсэд хувааж хэтийн төлөвдөө эн тэнцүү хөгжлийн боломжтой байхаар төлөвлөх нь зүйтэй гэж төсөөлж байна. 

ХАНГАЙ, ГОВЬ, ТАЛ ХЭЭР ХОСОЛСОН “БАРУУН БҮС”, “ТӨВИЙН БҮС”, “ЗҮҮН БҮС“ ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ БЭЛЧЭЭРИЙН УЛАМЖЛАЛТ НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГАА ХАДГАЛЖ ҮЛДЭЭХ ХОСГҮЙ БОЛОМЖ

НӨӨЦ, БОЛОМЖ (1) Энэ 3 бүсэд аль алинд нь манай орны байгаль газар зүйн онцлогийг багтаасан ой хөвч, хээр тал, говь цөл, уул ус цөм бий. Иймээс : Таван хошуу малаа маллах, оторлох Хангай, Говь, Тал хээр хосолсон бэлчээр нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж үлдээх хосгүй боломж! Дэлхийд онцгойрдог энэ боломжоо бид үеийн үед хадгалж, хөгжүүлж явах ёстой! Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн аж ахуйтай хослуулах ч боломжтой. Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн хөшөө дурсгал, олон ястны өв соёл, зан заншил, ахуй байдлын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Газар тариалан эрхлэхэд тохиромжтой газар нутаг хангалттай байна. (2) Энэ 3 бүсэд аль алинд нь ашигт малтмалын нөөц хангалттай байгаа. Иймээс : Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх түүхий эд, байгалийн баялаг нь байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нар, салхи, усны нөөц нь ч байна. Халгисан их нөөцтэй хүрэн нүүрсээ гүн боловсруулж шингэрүүлсэн хий, түлш, шатахуун, устөрөгч үйлдвэрлэх орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нөөц боломж хангалттай бий. (3) Энэ 3 бүс аль аль нь урагшаа хойшоо хилийн боомт гарцтай. Иймээс : Хил орчмын худалдааг хөгжүүлэх, Үйлдвэрлэл-худалдааны чөлөөт бүс байгуулах, Транзит тээвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. 

МОНГОЛ УЛСЫН 21 АЙМГИЙН 330 СУМДЫН 51.7 ХУВЬ НЬ 3000-ААС ДООШ ХҮН АМТАЙ БАЙНА. ДАРХАН-УУЛ, ОРХОН, ГОВЬСҮМБЭР ЗЭРЭГ ЖИЖИГ АЙМАГ, НЭН ЯЛАНГУЯА 5000 ХҮРЭХГҮЙ ХҮН АМТАЙ ЖИЖИГ СУМДЫГ НЭГТГЭЖ, ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

САНАЛ ЗӨРӨЛДӨӨНТЭЙ АСУУДЛУУД (1) Бүс бүрт ялгаатай хууль эрх зүйн болон татварын орчин бүрдүүлнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна! Улс орон даяар үйлчлэх Нэгдсэн хууль эрх зүйн орчин байх ёстой! (2) Зөвхөн өнөөдрийн байгаа нөөц, боломждоо тулгуурлан тодорхой хэдхэн бүс нутгийн онцлогт дулдуйдаж хөгжүүлнэ гэвэл ганц хоёрхон бүс нутаг бусдаас илүү хөгжих боломжтой болж тэр бүс нутагт хүн ам, хөрөнгө хүчний төвлөрөл үүсэж, бусад бүс нутаг эзгүйрэх, ажиллах хүчний хомсдолд орох, улмаар хөгжил нь саарах эрсдэл үүснэ. (3) Эдийн засгийн Тэргүүлэх чиглэл гэдгээр бүсүүдийг ялгаж сорчилж болохгүй! Харин бүс бүр Хөгжлийн Тэргүүлэх чиглэлээ өөрсдөө тодорхойлж хөгжүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй! Шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын байршлыг зохистой хуваарилж төлөвлөснөөр аль ч бүсийг алагчилж сорчлолгүй тэнцүү хөгжүүлэх боломжтой. (4) Хөрөнгө оруулалтыг үе шаттай хуваарилна гэдэгтэй санал зөрж байна! Аль нэг бүсийг сорчилж хөгжүүлэхгүйгээр “Хөгжлийн нэгдсэн бодлогоор” төлөвлөж бүсүүд өөрсдийн нөөц, боломжоо бүрэн дүүрэн ашигладаг, санаачилгаа гаргаж зохих хөрөнгө оруулалт, санхүүжилтээ босгодог эрх мэдлийг нь олгох, өрсөлдөөнөөр хөгждөг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. (5) Одоогийн аймаг, сумдыг нэгтгэхгүй, өөрчлөхгүй гэдэгтэй санал нийлэхгүй! Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг жижиг аймаг, нэн ялангуяа 5000 хүрэхгүй хүн амтай жижиг сумдыг нэгтгэж цомхотгосноор өнөөгийн засаг захиргааны нүсэр тогтолцоо халагдаж улсын төсөвт хэмнэлт гарах төдийгүй олон шат дамжлагат хүнд суртал багасна. Засаг захиргааны нэгжийн эрх мэдэл, хөрөнгө хүчний боломж ч нэмэгдэнэ. (Манай улс гадны хараат байх үед засаг захиргааны олон жижиг нэгжид хуваагдаж байсан. Үүний уршгаар хүн амын дунд цус ойртолт ихэссэн, “жалга довын үзэл” дэлгэрч хагарал бутралын хэрүүл тэмцэл байнга өрнөж байсныг бид мартах ёсгүй!) Одоо: Монгол Улс 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хороо, 1575 баг гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна. Нийт сумдын 51.7% нь жижиг буюу 3000-аас доош, 30.1% нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл, 8.5% нь дундаж буюу 5001-7000, 9.7% нь 7001-ээс дээш хүн амтай байна. 

ХАРХОРУМ ХОТЫГ “УХААЛАГ ХОТ” БАЙДЛААР ШИНЭЭР БАЙГУУЛНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА.

ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСӨӨЛӨЛ (1) Нийслэл хотыг Эртний Хархорумд шилжүүлнэ гэдэг шийдвэр нэгэнт гарч, энэ талын бэлтгэл ажил хийгдэж байгаа нь нэн сайшаалтай. Нийслэлээ орчин үеийн хот төлөвлөлтийн жишгээр “Ухаалаг хот” байдлаар шинээр байгуулна гэж итгэж байна. (2) Шинэ 3 Бүсийн төв хотыг аль нэг аймгийн төвд биш шинээр “Ухаалаг хотын” жишгээр байгуулах нь алсын хараатай төлөвлөлт болно. (3) Улаанбаатар хот үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн томоохон хот байдлаараа цаашид хөгжинө. Төвлөрөл, түгжрэл нь аяндаа багасна. Агаар, хөрс, усны бохирдлыг нь арилгах ажлыг орчин үеийн технологиор шийднэ. (4) Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан хотыг дан ганц үйлдвэрийн хот гэдгээр биш, бизнес, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн томоохон хот байдлаар хөгжүүлнэ. (5) Хотуудыг хурдны автозам, төмөр зам, агаарын тээврээр холбоно. Хурдны автозам, төмөр замын дагуу жижиг дагуул хотуудыг байгуулна. 

БҮСҮҮДИЙН ЗАХИРАГЧ НЬ ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ ШАДАР САЙДЫН АЛБАН ТУШААЛТАЙ БАЙХ БА БҮСИЙНХЭЭ ХЭМЖЭЭНИЙ АСУУДЛЫГ ӨӨРӨӨ ШИЙДЭХ БҮРЭН ЭРХ МЭДЭЛ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙНА

Бүсийн төвийн 3 хотыг олон улсын нисэх буудал, ачаа тээврийн зангилаа терминалтай болгоно. (6) Бүсүүдийн Захирагч нь Ерөнхий сайдын орлогч Шадар сайдын албан тушаалтай байх ба бүсийнхээ хэмжээний асуудлыг өөрөө шийдэх бүрэн эрх мэдэл, хариуцлагатай байна. Удирдлагын бүрэлдэхүүнд нь аймаг, хотуудынх нь Засаг дарга нар хамтран ажиллана. (7) Хөдөөгийн малчин айлуудыг “Аравтын тогтолцоогоор” зохион байгуулж, өрхийн жижиг үйлдвэрлэл, худалдаагаа “Хоршооллын хэлбэрээр” хамтарч хөгжүүлэх боломж олгоно. Хөдөөгийн сумдад Хязгаарлагдмал хариуцлагатай компани, аймгуудад Хувьцаат компани үүсгэн байгуулж аж ахуйн тооцоонд суурилсан зардал, ашиг орлогоо өөрсдөө мэдэн зарцуулдаг зах зээлийн өрсөлдөөний журмаар хөгждөг болгоно. Хөдөө аж ахуйн биржийг цахим сүлжээ бүхий орчин үеийн зах хэлбэрээр ажиллуулна. (9) 

АЛСЫН ХАРАА ГЭДЭГ БОЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН УРЬДИЙН ХЭВШМЭЛ ”ЯДУУ СЭТГЭЛГЭЭ”, АРГА БАРИЛ, ХАНДЛАГАА ЭРС ӨӨРЧИЛЖ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ, ДАЙЧИН ДАВШИНГУЙ БОДЛОГОД ШИЛЖИХИЙГ ХЭЛНЭ

Бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлж 3 бүсийг эн тэнцүү хөгжүүлнэ. ХӨРӨНГӨ, МӨНГӨ Намайг “Бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлж 3 бүсийг эн тэнцүү хөгжүүлнэ” гэхээр “Тэр их мөнгө чинь хаа байна? Хий хоосон бүү мөрөөд!” гэх хүмүүс цөөнгүй байх нь мэдээж. Асуудлын гол нь мөнгөний хомсдол гачигдалд байгаа юм биш ээ! Монгол улсаа хөгжүүлэх бидний сэтгэлгээ л дэндүү ядуу байна. Дэлхий дээр МӨНГӨ хангалттай байна! Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ! Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна. 

ӨӨРИЙН ГАНЦ Ч СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРГҮЙ ХЭРНЭЭ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ СҮЛЖЭЭГ ҮҮСГЭСЭН-ALIBABA, ГАНЦ Ч ТАКСИГҮЙ МӨРТЛӨӨ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТАКСИ-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙГ БАЙГУУЛСАН-UBER, НЭГ Ч ЗОЧИД БУУДАЛГҮЙГЭЭР ЗОЧИД БУУДЛЫН ХАМГИЙН ТОМ СҮЛЖЭЭ БОЛСОН-AIRBNB, ӨӨРИЙН КИНОТЕАТРГҮЙ Ч ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ КИНО-ТЕАТР БОЛСОН NETFLIX ЗЭРЭГ ДӨНГӨЖ ГАРЧ ИРЭЭД Л ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУДЫН ТҮҮХ БОЛ ХУУЧИН УЛАМЖЛАЛТ ХЭВ ЗАГВАРЫГ ЗОРИГТОЙ ЭВДЭЖ ”ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ” ГЭДЭГТ ШИЛЖИЖ ЧАДСАНЫ БЭЛЭН ЖИШЭЭ ЮМ. 

Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжил дэвшилд хагас зуун жилийн дараа хүрнэ гэж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Бид энэхүү “Цахим эдийн засгийн” давалгааг ашиглан, урьдийн хэвшмэл бизнесийн загвар, сэтгэлгээгээ эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин, далайцтай, даацтай хөгжлийн бодлогод шилжих аваас эх орон маань давшингуй хөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтай улс болох бүрэн боломжтой. Манай түрүү түрүүчийн бодлого тодорхойлогчид хөгжлийн бодлогын зарчмын тулгуур асуудлуудыг цогц байдлаар нь, уялдаа холбоотой нь авч үзэхгүй хагас дутуу, цаг үеийн байдлаар урсгалаар нь, ганц нэгээр нь хэрэгжүүлэх гэж хандаж ирсэн. Иймээс өөрийн санал болгож буй Бүсчилсэн хөгжлийнхөө бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлэхэд шаардагдах хөрөнгө санхүүжилтийг бүрдүүлэх зарим боломжит арга замын талаар судалж мэдсэн зүйлээ тодорхой санал болгон танилцуулмаар байна. Энэ талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлэх шаардлагатай тул тусад нь цуврал нийтлэлийн хэлбэрээр танилцуулах нь зохистой юм гэж бодлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *