Ж.Дэлгэрцэцэг: Шүд цооролт ханиад шиг халдварладаг

0

АШУҮС-ийн, Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш, АУ-ны доктор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Дэлгэрцэцэгтэй амны хөндийн өвчлөлийн талаар ярилцлаа.

-Шүд амны хөндийн эмгэг гэж юу вэ. Ямар, ямар өвчлөлүүд багтах вэ?

-Шүд амны хөндийн эмгэг гэдэгт амны хөндийд байгаа бүх эрхтнүүдийн өвчлөл багтдаг. Үүнд нь шүд, буйл, хэл, тагнай, хацар, завьж, уруул болон бусад зөөлөн эд зэрэг орно. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр өвчлөлийн мэдээ тайланг нэгтгэн гаргадаг. Үүнд шүд амны хөндийн эмгэгийн тэргүүн эгнээнд шүд цоорох өвчин буюу монголчуудын хэлж заншсанаар шүд хорхойтох өвчин орно, үүний араас шүдний тулгуур эдийн өвчин, шүдгүйдэл жагсдаг.

-Тэгэхээр тухайн өвчлөл эмгэгийг үүсгэж буй ямар хүчин зүйлсүүд байна вэ?

-Мэдээж өвчин болгон өөрийн гэсэн үүсгэгчтэй, тухайн үүсгэгчийг идэвхжүүлдэг буюу нөлөөлөх хүчин зүйлүүд гэж байдаг. Өөрөөр хэлбэл өвчнийг үүсгэгч нь нөлөөлөх хүчин зүйл байхгүй бол өвчин үүсэхгүй гэсэн санаа юм. Жишээ нь, шүд цоорох өвчнийг үүсгэдэг Стрептококк мутанс гэж бактери байдаг. Энэ нь шүдэнд хүрээд л шүдийг цооруулна гэсэн үг биш, бидний идэж хэрэглэж байгаа хүнсний найрлага дахь нүүрс усны хэмжээ ихсэх, шүдний хатуу эдийн бат бэх чанар сулрах буюу энэ гурван хүчин зүйл хавсарсан тохиолдолд шүд цоорох өвчин үүсдэг. Шүдний бат бөх чанар сайн байгаа үед хэчнээн чихэрлэг юм идээд бактерийн халдвартай байлаа гэхэд шүд цоорохгүй байх боломжтой гэсэн үг.

-Амны хөндийн эмгэгээс үүдэн ямар, ямар өвчлөлүүд үүсэж болзошгүй вэ?

-Хүний биед гадны биет нэвтэрч орох үүд хаалга бол ам болон хамрын хөндий. Хамраар амьсгалсан агаар бохир байх үед уушги өвддөгтэй адилхан амаар орж ирж байгаа халдварууд хүний биед дамжин халдвар цааш дамжих зам болно. Иймд амны хөндийд байгаа шүд, буйл үрэвсэлтэй бол халдвар биед байнга хадгалагдаж байна гэсэн үг. Дэлхийн шүдний холбооноос шүд цоорох өвчнөөс үүдэлтэй 200 гаруй өвчин эмгэг хүний биед үүсэж болохыг зарласан байдаг.

-Тэгэхээр шүдний цоорол аливаа өвчин эмгэгт хүүхдүүд илүү өртөж байгаа харагддаг. Мөн хоёр настай хүүхдийн шүд ч хорхойтсон байдаг гэсэн шүү дээ. Үүнд юу нөлөөлж байна.

-40 жилийн өмнө бол хүүхдийн шүд өвдөх, түүнийг эмчлэх шаардлага байгаагүй гэж ахмад эмч нар ярьдаг байсан. Одоо яагаад хүүхдийн шүд илүү их өвчлөмтгий байна вэ гэхээр манай орны хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, төрөлд маш их өөрчлөлт гарсантай холбоотой гэж боддог. Түүнчлэн хүүхдийн шүдний бат бөх чанар нь насанд хүрсэн хүнийхээс хэврэг, шүдний хатуу эдийн зузаан нь нимгэн байдаг. Тэгэхээр хүүхдийн шүдний бүтэц, онцлог байдал нь шүдний өвчлөлд өртөхөд насанд хүрэгчдийнхээс амархан гэсэн үг. Мөн хүний шүлс ялгаралт хэдий чинээ сайн байна төдий чинээ шүд, амны хөндий угаагдан хоолны үлдэгдэл, бактерийг цэвэрлэх байдал сайн байдаг. Гэтэл бага насны хүүхдийн биеийн өсөлт хөгжлийн онцлогтой холбоотой шүлс ялгаралт нь насанд хүрсэн хүнийхээс бага байдаг. Мөн гол нөлөөлөх хүчин зүйл болох хоол хүнсний хэрэглээний хувьд хүүхдийн нас бага байх тусам эцэг эх, асран хамгаалагчдын сонголтоор хооллодог. Ээжийн шүдний эрүүл мэндийн талаарх мэдлэг хангалтгүй байх, шүдэнд аль нь сайн, аль нь мууг ялгаж танихгүй байгаа нь хүүхдийн шүдний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үздэг. Ундаа, жүүсээр хүүхдээ угждаг ээжүүд ч байдаг.

-Бага насны хүүхдүүдийн шүд харлаж үйрсэн, унасан байдаг. Үүнийг эцэг эхчүүд сүүн шүд юм чинь гээд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд байнгын буюу яасан шүдэнд нөлөөлдөг үү?

-Энэ бол зайлшгүй нөлөөлдөг. Японд хийсэн судалгаагаар эрүүл сүүн шүдтэй хүүхдийг цоорсон шүдтэй хүүхэдтэй харьцуулахад байнгын шүдний өвчлөл 2.6 дахин илүү байна гэж гарсан. Хүний шүд хоол тэжээлийг бутлаж жижиглэх, хэл ярианд оролцох, гоо сайхан харагдахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл шүд цоорсон тохиолдолд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаж, өнгө нь өөрчлөгдөнө. Түүнчлэн шүдээр юм хазах, зуух, зажлах үед өвдөлт зовуурь үүсдэг тул хоол, хүнсийг нунтаглаж жижиглэх чадамж буурч, залгигдах хоолны нэгж бүтцийн хэмжээ том ширхэгтэй болно, зажлах үед үүсэх зовууриас үүдэн хүүхэд хоолонд дургүй болно. Энэ өөрчлөлт аажим аажмаар явагддаг, гэнэт нэг өдөр мэдрэгдэхгүй тул эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй. Ингэснээр хүүхдийн биеийн өсөлт хоцрогдох, шүд эрүү нүүрний гажигтай болох эрсдэл үүсдэг.

Хүүхдийн сүүн шүд нь нэг зэрэг бүгд шинэ шүдээр солигддоггүй. Нэг нэгээр ээлж дараалан тодорхой цаг хугацаанд солигддон, сүүн шүдний оронд нь байнгын шүд нэг нэгээр гарч ирнэ. Тэгэхээр аманд шинэ байнгын шүд хуучин сүүн шүд зэрэгцээд холилдож байрладаг тул шүд солигдлын энэ үе буюу 6-12 насны үеийг холимог зуултын үе гэдэг. Энэ үед хэрэв сүүн шүд цоорхой бол хажуугийн зэргэлдээ шүдийг цооруулна. Яагаад гэвэл шүд цоорох өвчин бол ханиад томуу шиг халдварладаг өвчин. ДЭМБ 2000 онд халдварт өвчний ангилалд багтааж, халдварт өвчин болохыг зарласан. Тиймээс шинээр гарч ирсэн байнгын шүд зэрэгцээд байрлаж байгаа сүүн шүдний халдварыг авч амархан цоорох эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн шүд ямар нэгэн байдлаар өвдөж зовуурилсан бол эмчид яаралтай хандах нь олон эрсдэл, эмгэгээс сэргийлэх боломжтой. Ер нь өвдсөний дараа эмчлүүлснээс илүү цоорохоос өмнө урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

Орой унтахдаа гэхээсээ илүү оройн хоолоо идсэний дараа угаах нь зохимжтой.

-Эрүүл шүдтэй хүүхэд болон шүдний ямар нэгэн өвчлөлтэй хүүхэд хоёрын хооронд ямар нэгэн ялгаа байдаг уу?

-2010 онд Авсралид хийсэн судалгаа дэлхий нийтэд томоохон шуугиан болсон. Энд гурван настай эрүүл шүдтэй хүүхдийг адил насны цоорсон шүдтэй хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь хоёр килограммаар бага гэсэн үр дүн гарсан. Гурван настай хүүхдийн хувьд хоёр килограмм жингийн алдагдал гэдэг бол их зөрүү юм. Үүний дараа цоорсон шүдтэй хүүхэд бүрийн шүдийг эмчилж, зургаан сарын дараа дахин шалгахад биеийн жин нэмэгдэн хэвийн хэмжээнд хүрсэн байгаа нь шүдний өвчин хүүхдийн биеийн өсөлтөд нөлөөлдгийг баталсан үр дүн юм. Үүнээс гадна зөвхөн хүүхдийн өсөлтөөс гадна оюуны потенциал, биеийн хурд хүчний хөгжлийн үзүүлэлт, сэтгэл зүйн байдалд нөлөөлдгийг баталсан олон судалгаа бий. Тухайлбал, үүдэн шүд нь цоорч, харласан хүүхдийн өөртөө итгэх итгэл нь бүтэн үүдэн шүдтэй хүүхдээс бага байдаг гэх зэрэг.

-Тэгэхээр эрт илрүүлэгт хэд орчим хүүхэд хамрагдаж байна. Эдгээрээс хэд нь өвчлөлттэй гарч байна вэ?

-ЭМЯ-наас илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Миний ойлголтоор нийт хүүхдийн 60 орчим хувь нь хамрагдсан, үзлэгт хамрагдсан хүүхдийн 70 орчим хувь нь шүдний өвчлөлтэй, нэг хүүхдийн аманд 4-5 шүд өвчлөлтэй гэсэн үр дүн гарсан байсан.

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гээд байгаа шүү дээ. Үүнд эрт илрүүлгээс гадна юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Шүдний өвчлөл бол 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, хийсч биш хэлж ирдэг гэж ахмад багш нар хэлдэг юм. Яагаад гэвэл бид өдөр бүр өөрийн, болон хүүхдийнхээ аманд байгаа шүд нэг бүрийг шууд, нүдээрээ харах боломжтой. Харахад шүд бүхэлдээ болон аль нэг хэсэгтээ  өнгө өөрчлөгдсөн эсвэл бүрэн бүтэн байдал нь алдагдсан байвал маш яаралтай шүдний эмч дээр очиж шалгуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хоол унд идсэний дараа тогтмол шүдээ бүрэн гүйцэд угааж цэвэрлэхэд л хангалттай хэрэгтэй. Хооллосны дараа бид аяга тавгаа угаадаг шигээ шүдээ угаах хэрэгтэй. Цэвэр шүд цоордоггүй гэсэн үг байдаг. Хамгийн энгийнээр хоол унд идэж уусны дараа шүдэнд наалдаж тогтсоныг арилгах хэрэгтэй.

 -Хүүхэд хожуу шүдлэх нь юунаас шалтгаалдаг вэ?

-Хүүхдийн хамгийн эхний сүүн шүд зургаан сартайд ургах ёстой. Гэтэл энэ хугацаанаас хожуу, болон эрт шүдлэх ч тохиолдол байдаг нь эрүүл болон эмгэг байдлаар илэрдэг. Эрүүл гэдэг нь тухайн хувь хүүхдийн өсөлт хөгжил, гэр бүлийн удамшлын онцлогоор хожуу ургаж болно. Харин эмгэг буюу шүдлэх хугацааны алдагдлын хувьд олон шалтгаан, хүчин зүйл байж болно. Тухайлбал өвчин, эрүү нүүр орчмын гэмтэл зэргээс үүдэж болно. Эрдэмтэд хүүхдийг 9-10 сар хүртэл хүлээхийг зөвлөсөн байдаг бө түүнээс хойш оройтвол эмгэг гэж сэжиглэ гэдэг. Тиймээс мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд хандаж үзүүлэх нь хамгийн зөв сонголт шүү.

-Хүүхдийн шүдийг хэдэн наснаас эхлэн угааж эхлэх хэрэгтэй вэ?

-Хүүхдийн шүд гэхээр мэдээж аманд шүд гарч ирсэн тэр цагаас эхлэх хэрэгтэй. Хүүхдийн шүдний эмч нар шүд угаах гэж ярихаас илүү амны хөндийг цэвэрлэх, арчлах гэж ярьдаг. Учир нь хүүхдэд юм бүхэн шинэ, соргог байдаг. Шүд угаах ч мөн адил. Тэгэхээр хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд амны хөндийг цэвэрлэх, арчлах нь хүүхдийг шүдээ цэвэрлүүлж сурахад бэлтгэх үе юм. Шүд ургаж гарч ирэхээс өмнө тухайн хүүхдийн жавж, хэл, амны салстыг цэвэрлэх дадалд сургана гэсэн үг. Шүд ургаж эхлэнгүүт түүнийг нэг бүрчлэн цэвэрлэхийг зөвлөдөг.

-Шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

-Хүүхдийн сойз олон төрөлтэй, олон янзын сонголттой байдаг. Дөнгөж цахиур цухуйх үед зөөлөн силикон үстэй сойз, шүд бүрэн ургаж юм хазаж чаддаг болох үед жирийн үстэй сойзыг хэрэглүүлж болно. Хүүхдийн шүдийг ээж угаах ёстой тул ээжийн барьдаг сойз хүүхдийн барьдаг сойз ялгаатай байх ёстой. Хүүхдэд сойзыг таниулах, дасгах нь эхний зорилго. Иймд гудрахаас сэргийлсэн хаалт хамгаалалттай байх хэрэгтэй. Ээжийн хэрэглэх сойз илүү урт бариултай байх зэрэг онцлогууд байдаг.

-Шүд угаахдаа нийтлэг гаргадаг алдаа юу байна вэ?

-Шүд угаах бол амар ажил биш. Шүд угаахаас аяга угаах нь илүү хялбархан гэж хэлж болно. Таны хүүхэд аяга бүрэн гүйцэд угааж сурсны дараа шүд угаах тухай ярих хэрэгтэй. Тиймээс нэгд хүүхэд аяга угааж чадаж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хоёрт, судлаачид хүүхэд үзэг барин үг үсгийг таслалгүй бичиж чаддаг болсон цагт сойзоор өөрийн шүдний бүх завсар зай, гадаргууг цэвэрлэж чадна гэж үздэг. Сургуульд зургаан настай ороод зураас тэгшхэн зурч сурах хүртэл хэр хугацаа зарцуулдгийг бодоод үзээрэй. Хүүхдийн гарын нарийн чимхлүүр хөгжил нь зургаан нас хүртэл бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг учраас хэчнээн мундаг хүүхэд байлаа ч гэсэн заавал эцэг эхийн хяналт шаардлагатай.

Шүд угаах олон арга байдаг ба давуу болон сул талтай. Шүд угаалтын зорилго бол  шүдний гадна талд тогтсон хоолны үлдэгдэл, шүдний өнгөрийг бүгдийг нь арилгахад оршино. Тэгэхээр шүд бол хавтгай шал, ширээний тавцан биш гэдгийг бодох хэрэгтэй. Маш олон ховил хонхортой, шүдний сойз хүрэх боломжгүйгээр нийлсэн хэсэг ч байдаг тул бүрэн цэвэрлэхэд сойз, ооноос гадна нэмэлт арчилгааны хэрэгсэл хэрэгтэй. Түүнчлэн буйл гэх зөөлөн эдтэй зэрэгцэж байдаг тул цэвэрлэх үед буйл зөөлөн эдийг гэмтээхгүйгээр угаах хэрэгтэй.

-Шүдийг нэг угаахдаа дор хаяж хэдэн минут угаах хэрэгтэй байдаг вэ?

-Нүүр амны өвчний урьдчилан сэргийлэх чиглэлээр өгч байгаа зөвлөмжүүдэд хамгийн багадаа хоёр минут угаах ёстой. Хоёр минут гэдэг бол хүүхдэд шүд угаахад урт хугацаа байдаг.

-Шүднийн оонд агуулагдаж байгаа фторын хэмжээ хэд байвал зохистой байдаг вэ?

-Фтор бол микро элемент. Хэдийгээр шүдэнд сайн ч гэсэн ихдвэл хортой. Хордсон тохиолдолд фторын тунгаас хамаарч хөнгөнөөс хүнд хэлбэрийн эмнэл зүйн шинж үзүүлнэ. Тэгэхээр хүүхдийн шүдэнд фтор өгөх гэж байгаа тохиолдолд тухайн амьдарч буй бүс нутгийн усны фторын хэмжээ, хоол, тэжээлээр авч байгаа хэмжээ зэргийг харгалзан тооцож үзэж байх хэрэгтэй. Манай улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь ундны усны фторын хэмжээ хангалтгүй хэмжээнд байдаг. Зөвхөн шүдний оо-ны хувьд зургаа хүртэлх насны хүүхэд 500ppm, зургаагаас дээш настайд 1000-1450 ppm фторын агууламжтай оо хэрэглэхийг зөвлөдөг.

-Тэгэхээр шүдийг өдөрт хэдэн удаа угааж байх хэрэгтэй вэ?

-Юм идэх бүрийн дараа шүдээ угаах нь зөв. Орой унтахдаа гэхээсээ илүү оройн хоолоо идсэний дараа угаах нь зохимжтой. Оройн хоолоо 19:00 цагт идчихээд 22:00 цагт шүдээ угаавал үр дүн муутай байдаг. Өглөө орой гэлтгүй юм идсэн л бол заавал сойздож угаах хэрэгтэй. Өдөрт хамгийн багадаа хоёр удаа гэж зөвлөсөн байгаа нь суурь түвшин юм.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *