ХБ-ны хэргийг шүүх дээр бүрэн “цэвэрлэж” Л.Оюун-Эрдэнийн нам, засгийн авлигатай хийсэн сүртэй тэмцлийг “ШОРООТОЙ” хутгасан ЭЗЭД ба ЗОРИЛГО
Бид хууль, шүүхийнхэн дампуурсан гэж байнга ярьдаг ч яг яаж дампуурсан болохыг өдий хүртэл нүдээр үзээгүй явсан юм. Хөгжлийн банкны гэх хэрэг энэ бодлыг улам бүр лавшруулж, бүр завааруулж орхилоо. Тодруулбал, Хөгжлийн банкны гэх дуулиант хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт албан ёсоор өндөрлөх шатандаа оров. Улс төр талаасаа олон хүнийг “эд бад” болгох шахсан уг хэргийн сүүлчийн шахуу “могикан” болсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн анхан шатнаас авсан зургаан жилийн ялыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгов.
Ингэснээр авилгачдыг буланд шахах олон түмний хүсэл, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ардын намынхны гурван жилийн дуулиант тэмцэл үндсэндээ шог байдалд орлоо.
Одоо нүүрсний гэх хэргийн давж заалдах шатны шүүх болно. Хүлээлтэд байснаас хөнгөхөн шийтгүүлсэн гэх тусгай тэмдэглэлийг нийгмээс хүртээд буй улстөрчид ч гэсэн энэ мэтээр шүүхээс мултрах үүд хаалга нээгдэх байх. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын гарч ирээд хийсэн авлигын эсрэг тэмцэл бүр шүүх дээр очоод нуран уналаа. “Эрдэнэтийн 49 хувь”, Хөтөл, Дарханы төмөрлөгийн хэргүүд хүртэл шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Энэ бүх том хэргүүд сонгуулийн өмнө лав шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Одоо хэлэлцэх эсэхээ хэрүүлтэйхэн шиг шийдүүлсэн авлигын шүүхээ л зүтгүүлдэггүй юм бол авлигын хэрэг энэ мэт замхраад өнгөрөх нь…
НЭГ. Цагдаа, АТГ-ынхны 6 жилийн ажлыг шүүхийнхэн ҮГҮЙСГЭЛЭЭ
2016 оноос эхэлсэн шалгалтын ажил талаар болов. Цагдаа, АТГ тэргүүтэй хуулийнхан тасралтгүй зургаан жил Хөгжлийн банкны хэргийн мөрөөр мөшгисөн. Нөгөө талд нь өнгөрсөн жил түр хорооны сонсголыг зохион байгуулж олон улстөрч, бизнесийн төлөөллүүдийн улаан нүүрийг улалзуулсан нь ч түүх л болж үлдлээ. Эцсийн дүндээ стратегийн ач холбогдолтой төслийг санхүүжүүлнэ гэх тодотголтой хөгжлийн зээл дээр хэдэн улстөрчид, хэтэвчээ төртэй холбосон бизнесийнхэн найрлаад, шүүхийн үүдэнд бүжиглээд л дууслаа.
ХОЁР. Гэмгүй хүмүүсийн нэр төрийг гутаасан юм бол хуулийн байгууллагынхаа өмнөөс ЗГ уучлал гуйх ёстой
Энэ цаг үе их хэлмэгдүүлэлтийн эрин зуун биш. Заавал бүх хүнийг шоронд хийж, шонд “өлгөх” шаардлага, зорилго байх ёсгүй. Үнэхээр буруутай юу, буруугүй юу гэдгийг хууль, шүүхийнхэн тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн энэ шийдвэрүүдийн ард Хөгжлийн банкны хэрэг гэх сүржин нэртэй авлига, албан тушаалын хэрэг анхнаасаа хэрэг мөн байсан уу гэх эргэлзээ өөрийн эрхгүй төрж байна. Яагаад гэвэл Хөгжлийн банкны хэрэг анх шүүхэд ирэхдээ 80 хүнд хамаарч, 4 аж ахуйн нэгжийг “чирсэн” байдалтай ирсэн. Гэвч анхан шатны шүүхийн дараагаар өнөөх 80 хүний хэргийн 60 хувь нь хэрэг биш болсон. Анхандаа шүүх ял завшуулчихсан уу, прокурор хэрэг тулгачихсан уу гэх хачин жигтэй асуулт дор нэг хэсэг бид дараагийн шийдвэрийг хүлээсэн. Гэтэл шүүхээс ял авсан сүүлийн ганц хүн болох УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн зургаан жилийн ялыг хүчингүй болгож, хуулийн байгууллагуудаа муугаар дүгнэв.
Өөрөөр хэлбэл, хуулийнхан хэрэг нь нотлогдохгүй байхад хүн хэлмэгдүүлж байсан бололтой. Үүнийг нь анхан шатны шүүхийнхэн ч хамжилцсан байж таарах нь. Тэгвэл эндээс хүний нэр төр гэх үнэ хүндтэй зүйлийг улс төрийн зорилгоор хуулийнхан, зарим улайрсан улстөрчид баахан баллах дөхсөн бололтой. Ё.Баатарбилэгээс гадна өмнө нь яллагдагчаар татагдан бүр бүрэн эрхтэй үлдэх эсэхээ хүртэл яриулж байсан хүмүүс цагаадсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэргийг гаргаж, нийгмийг донсголгох хүслийн цаана баахан хүний амьдрал сүйрэх шахсан бололтой. Шүүхийн шийдвэрүүдийг харахад үүнээс өөр дүгнэлт үлдсэнгүй.
ГУРАВ. Шүүх ХБ-ны хэргийг бүрэн “цэвэрлэснээр” Л.Оюун-Эрдэнийн авлигчидтай хийсэн бүх тэмцэл “ХОГ” дээр ҮСЭРЛЭЭ
Дээр дурдсан энэ зургаан жилийн хяналт шалгалт. Сүүлийн хоёр жилийн турш Хөгжлийн банкны хэрэг гэх авлига, албан тушаалын хэргийг гаргаж өөд уруугүй шоудсан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нам, засаг нь хулхи, “арчаагүй” болж үлдлээ. Магадгүй саяын болон өмнө нь гарсан шүүхийн шийдвэрүүдийн арын улс төрийн гол санаа зорилго энд байж мэднэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн турш авлига, хулгайтай тэмцэх тэмцлийг өргөн фронтоор өрнүүлсэн Л.Оюун-Эрдэнийг сонгуулийн өмнө хүнд байдалд оруулж, муухай харагдуулах зорилготойгоор шүүх дээр өрнөсөн акц ч байж мэднэ. Хүний байтугай намын нөхөдтэйгөө авлигын эсрэг тэмцэл өрнүүлж байна гэж баахан дайсан хураасан. Авлигын эсрэг уг тэмцлийнхээ нэр нүүрээр ирэх сонгуульд орох гэж байгаа Ерөнхий сайдыг эвгүй байдалд оруулж байгаа юм.
Мэдээж үүнийг зохион байгуулах хэд хэдэн ашиг сонирхол бүхий талууд бий. Энэ жагсаалтын эхний дугаарт түүнтэй хамгийн их бослого тэмцэлтэй байгаа. Дээр нь шүүх дээр өөрийн гэсэн хүмүүсийг ахиухан томилсон гэгдээд буй Эрдэнэтийн 49 талынхан орно. “Сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын тал үүнд хамаарна. Түүний араас нам доторх хуучин хотын фракцынхан. Мэдээж үүнийг тэд “МАНАН” гэх тодотголтой бүлгийнхээ хамтаар хийж мэднэ. Дээр нь яг одоо түүнтэй гол өрсөлдөөнд байгаа эргэн тойрныхны нь нөлөө орсон байж болзошгүй. Мөн түүнийг хүчирхэг болохыг дотроо дэмжихгүй суугаа Ерөнхийлөгчийн институт ч энэ шүүхийн шийдвэрт дотроо баяртай сууж байх магадлалтай. Яагаад гэвэл хэдийгээр дүү минь гэж гаргаж ирсэн ч манай тогтолцооны онцлог болон эргэн тойрны хатгаасаас шалтгаалж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын нэгдэл хангалттай салчихсан. Улс төрд ч энэ хоёр хүний харилцаа хүйтэрсэн гэдгийг эх сурвалжууд хангалттай дурдаж буй. Гэхдээ шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй үйлдлийг Ерөнхийлөгчийн институт шууд гаргасан гэсэн үг биш. Ерөнхийдөө таашаалтай байгаа л гэсэн үг билээ.
Ер нь анхнаасаа 80 хүн дээр хэргээ боохоосоо эхлээд л, шүүх хурлыг олон хоног сунжруулж хийхээсээ эхлээд л Хөгжлийн банкны хэрэг дээр шийдэл маруухан байх нь ойлгомжтой болсон. Товчхондоо баахан дуулийн тарьж, сүржин эхлүүлсэн энэ хэргийг ингэж өөх ч биш, булчирхай ч биш болгож дуусгах байсан юм бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй өнөөгийн эрх баригчид бүр эхнээсээ сөхөхгүй байсан нь дээр байлаа.