Д.Амарбаясгалан: Засгийн газар “Малчдын зээлэнд 100 хувийн баталгааг гаргадаг зээлийн батлан даалтын сан”-тай болно
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулжээ. Мөн Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нөхцөлийг сөрөн давах нэг удаагийн хуулийг гаргахаар намын бүлэгт танилцуулсан байна.
Эдгээр хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Уг хуулийн нэр бол Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль юм. Экологийн тэнцвэр алдагдалт буюу бэлчээрийн даац алдагдсан байна. Үүнээс болж бэлчээрийн мал бүрэн тарга тэвээргээ авдаггүй. Ирж байгаа зудыг даван туулах чадамж болсон гэж үзэж байгаа. Малчдын хувьд олон малтай байх хэд хэдэн шаардлага, нөхцөл тулгарсан байна.
Нэгд, зээл авахын тулд 500-аас дээш тооны малтай байх шаардлагатай.
Хоёрт, үнийн өсөлтийг даван туулах буюу амьжиргаагаа баталгаатай залгуулахын тулд олон тооны малтай байх шаардлагатай. Малчин хотондоо мал нядаллаа. Гэтэл хамгийн тарган кг үхрийн махыг ченжүүд 7000 төгрөгөөр авч байна. Тэр нь Улаанбаатарт ирэхдээ 20 мянган төгрөг болж, гурав дахин нугарч байна. Үүнийг зөв болгохгүй бол малчид түүхий эд, мал махаа үнэд хүргэж чаддаггүй. Улаанбаатар хотын иргэд үнэтэй мах хэрэглэдэг байдал засрахгүй. Бидний тухайд зорьж буй нийлүүлэлтийн урсгалыг анхан шатны хоршоо буюу шинэ хөдөөгийн загварт оруулна. Дунд шатны хоршоо буюу үйлдвэрлэл, нэмүү өртөг шингээх боломжийг сум, багийн түвшинд хүргэнэ. Энэ нь хоршоо байгуулах гэж байгаа асуудал биш. Эрх зүйн орчин, загварынх нь хувьд мал аж ахуйн салбарыг энэ хэлбэр рүү оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа юм. Мөн хоршоо, бүлгийн гишүүн болж малчид хамтын хариуцлагын урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломжийг нээж өгнө. Өнөөдрийн эрх зүйн орчноороо зээлийн батлан даалтын сан аливаа түвшинд зээл олгохдоо иргэн, ААН-д 60 хүртэлх хувийн баталгаа гаргадаг. Тэгвэл малчдын үйл ажиллагаа, амьжиргааг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн батлан даалтыг зээлийн батлан даалтын сан 100 хувь даана.
Яагаад ингэж байгаа гэвэл малчид 500-аас дээш толгой малтай болж байж арилжааны банкнаас зээл авдаг. Авсан зээл нь 20-24 хувийн өндөр хүүтэй байдаг. Тэгвэл зээлийн батлан даалтын сан, эрх зүйн орчноор хамгаалагдаад хувийн даатгалын байгууллага арилжааны банктай зөв харилцаа үүсгэсний дагуу урт хугацаатай, 100 хувийн батлан даалттай зээлийг авах боломж бүрдэнэ. Магадгүй 90 хувийг нь төр батлан даая. Малчид 10 хувийг нь өөрөө даа гэвэл 50 сая төгрөгийн зээл авахаар бол малчин таван сая төгрөгийн баталгааг гаргаж чадахгүй хэмжээнд хөрөнгөгүй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр Засгийн газар 100 хувийн баталгааг гаргадаг зээлийн батлан даалтын сантай болох гэж байна” гэсэн юм.
Харин Үндэсний баялгийн сангийн талаар ” Энэ сан нь дотроо Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна. Ирээдүйн өв сангийн орлого өнөөдрийн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувьд төвлөрч, энэ сан бүрддэг. Хуримтлал 2030 он хүртэл бүрдэж, улмаар 2030 оноос хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах хуулийн зохицуулалттай.
Хуримтлалын сан нь төрийн өмчит уул уурхайн компаниудын төрд ногдож буй 34 хувийн ногдол ашгаас бүрдэнэ. Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгийн дүнг тооцож үзэхэд, 1.1 их наяд төгрөг байх тооцоолол гарч байна. Уул уурхайн компаниудын хариуцлага дээшилж, ил тод байдал нэмэгдэж, эдийн засаг сайжирч байгаа энэ үед энэхүү 1.1 их наяд төгрөг өсөх боломжтой. Иймд ирэх жилүүдээс тус хуримтлалын сангийн хөрөнгийг бэлэн мөнгө тараах хэлбэрээр зарцуулахгүй. Үүний оронд бэлэн бус байдлаар орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна.
Төсвийн тогтворжуулалтын санг өөрчлөх замаар Орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж, Хөгжлийн санг бий болгоно. Хөгжлийн санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлнэ. Уг сангийн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Монгол Улсын 2023 оны төсвийн нөхцөл байдлыг авч үзвэл, 326.7 тэрбум төгрөг тус санд хуримтлагдаж, бүс нутгийн үйл ажиллагаанд зарцуулах дүр зураг харагдаж байна” хэмээв.
Засгийн газраас танилцуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг бүлгийн гишүүд сонсоод, бүрэн дэмжсэн гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөн үеэр тодотгов.